Хуульч, доктор П.Баяртай ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Ivy league cургуулийн нэг болох Корнэллийн их сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан хуульч, судлаач юм.
-Та Монголын мянганы сорилтын сангийн хуулийн захирлаар сүүлийн гурван жил ажиллажээ. Юу хийж амжуулав?
-Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх компакт гэрээг Монгол, АНУ-ын Засгийн газрын хооронд 2018 онд байгуулсан. Өмнө нь олон улсын гэрээг байгуулахад хувь нэмрээ оруулж явсны хувьд хэрэгжүүлэхэд нь оролцож үзье гэж бодоод уг төслийн багт ажилласан. Гэрээг хүчин төгөлдөр болгож, буцалтгүй тусламжийн 350 сая ам.долларыг авахын тулд манай Засгийн газар тодорхой нөхцөлүүдийг хангах үүрэг хүлээгээд байсан. Тэдгээр нөхцөлийг хангахад хуульчийн үүрэг, оролцоо өндөр байсан. Засгийн газар, холбогдох яамд, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, баримт бичгүүдийг нь боловсруулан ажилласны дүнд компакт гэрээ 2021 онд хүчин төгөлдөр болж, дээрх санхүүжилтийг авах эрх нээгдсэн юм. Ингээд төслийн үндсэн ажил эхлэхэд худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагаа гээд бүгдийг АНУ-ын хууль тогтоомжоор зохицуулж байсан тул тэнд сурсан, мэдсэнээ гаргаж, ямартай ч энэ том ажлыг гараанаас нь зөв хөдөлгөчих юм сан гэж хичээсэн. Ташрамд дурдахад, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Содонтогосын манлайлал, үүрэг, оролцоо голлох нөлөө үзүүлсэн юм.
-Хамгийн хэцүү, төвөгтэй нь юу байв?
-Манай улс аль нэгэн улстай гэрээ хийгээд, ийм гоё юм хийх гэж байна, тэгж сайхан болно гээд л зарладаг. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ хангалтгүй байдаг нь нууц биш. Хариуцсан албан тушаалтны мэдлэг, чадвар гэхээсээ илүү тухайн ажлыг урагшлуулчих сэтгэлгүй нь харагддаг. Өөрт нь шууд ашиггүй бол төрийн ажилд хүнийрхүү, хоноцын сэтгэлээр ханддаг нь одоо ид яригдаж байгаа дуулианы эзэн болох Хөгжлийн банкны өмнөх удирдлага, нүүрсний хулгайг өөгшүүлсэн төрийн өмчит компанид үүссэн дүр зургаас харж болохоор байна. Цаашдаа гадаадуудтай хэлэлцэж, тохирсон бол хийдэг л байх ёстойг анхаармаар юм.
-Та Монголын мянганы сорилтын сангаас өмнө Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт олон улсын гэрээ, эрх зүйн чиглэлээр ажиллаж байжээ. Манай улсаас гадаад орон, олон улсын байгууллагатай байгуулсан, гарын үсэг зурсан гэрээ, баримт бичгүүд ер нь ямархуу байдаг бол. Та юу гэж бодож байна вэ?
-Олон улсын гэрээний тухай хуулийг 2016 онд шинэчлэн баталснаас хойш нэлээд цэгцэрсэн. Жишээ нь, хил залгаа сумын Засаг дарга хөрш орны, зэргэлдээ орон нутгийн даргатай гэрээ хийчихдэг гэх мэт замбараагүй явдал үүнээс өмнө нэлээд гардаг байлаа. Манайх төрийн байгуулалтын хувьд нэгдмэл улс шүү дээ. Засгийн газар нь “нэг цонх”-оор олон улстай харилцах ёстой.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ОРОЛДДОГОО БОЛИХ ЁСТОЙ
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд та юу хэлэх вэ. Энэ сэдвээр нийтлэл бичиж, байр сууриа илэрхийлдэг учраас онцолж байгаа юм.
-Миний сонирхон судалдаг сэдвүүдийн нэг. Одоо бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна, нэмэгдүүлнэ гээд давын өмнө эрх зүйн орчныг нь сайжруулна гээд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг оролддогоо болих ёстой. Гадаадын хөрөнгө оруулагч таатай гэхээсээ илүү тогтвортой эрх зүйн орчныг хүсдэг. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиа маргааш, дараа жил өөрчилчих вий гэсэн болгоомжлол байх ёсгүй. Монголчууд хэлсэн, ярьсандаа байдаг, эсэхийг л тэд хардаг. Тиймээс 1993 онд баталсан ч бай хамаагүй, хууль нь байж л байг, битгий оролд. Ер нь одоо дэлхий нийтээрээ татварын нэгдсэн тогтолцоо, нэгэн жигд хувь, хэмжээ тогтоох чиглэл рүү явж байна. Хөрөнгө оруулагчид “Татварын хувь, хэмжээг буулгаад өг” гэж шаардахаа больсон. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд заасан хөрөнгийн босго хөрөнгө оруулагчдад саад болсон зүйл огт байхгүй. Манайх маш муу хуультай байсан ч бид хэлсэн, ярьсандаа хүрдэг, тогтвортой байж чаддаг бол гадаадынхан аргаа олоод л хөрөнгө оруулна. Өндөр татвартай байлаа ч ашиг, эрсдэлээ тооцоод орж ирнэ гэсэн үг. Үнэндээ улс төрийн эрсдэл ч тийм чухал биш. Хөрөнгө оруулагчид улс төрийн эрсдэл зэргээ даатгуулсан байдаг. Харин тэд татварын орчноос авхуулаад ашиг, орлого гээд бүх зүйлээ тооцоод ирдэг учраас хууль өөрчлөгдөх нь хамгийн том эрсдэл юм.
-Ер нь аль ч салбарынх бай хууль, эрх зүйн орчин бүхэлдээ л тогтвортой байх ёстой юу?
-Хууль боловсруулах, батлах, хэрэгжүүлэх гэдэг нь тусдаа салбар шинжлэх ухаан гэж үздэг. Хууль боловсруулахаас өмнө ер нь хэрэгтэй, эсэхийг нь судалгаанд үндэслэн тогтоох ёстой. Хэрэгтэй гэж үзвэл тухайн хуулийн зорилго маш тодорхой, хүрэх үр дүн нь харагдахуйц байх шаардлагатай. Тухайн хуулийн төслийг боловсруулахад аль болох олон талыг оролцуулж, саналыг нь авах нь чухал. Ойлгомжгүй асуудлууд үлдээх тусам тухайн хууль батлагдсаны дараах үр нөлөө нь тооцоолсноос эсрэг байх магадлал өндөр. Хууль зорилгынхоо эсрэг үйлчилсэн олон улсын кэйсүүдийг судалж байх хэрэгтэй. “Kобра эффект” гэж нэрлэгддэг ганц жишээ дурдъя. Английн колоничлолын үед Энэтхэгт нэг хууль баталж л дээ. Энэтхэгийн гудамжаар могой маш олноор явах болсон тул үүнээс салахаар шийдээд тус хуулийг баталж, могойны арьс авчирсан хүнд урамшуулал олгохоор болсон. Гэтэл хүмүүс урамшуулал авахын тулд гэр орондоо могой үржүүлээд эхэлсэн байна. Ингээд хуулийнх нь зорилго биелээгүй тул хүчингүй болгочихож. Харин хүмүүс тэжээж байсан могойнуудаа гудамжинд гаргаж хаяснаар могой бүр ихэссэн. Үүнийг “кобра эффект” гээд байгаа юм. Бусад улс оронд хууль батлахдаа энэ мэт кэйсийг тооцдог. Иймд аливаа хуулийг батлахдаа ганцхан зорилгод хөтлөгдөх нь буруу. Зорилго нь биелэх, эсэхийг олон талаас нь сайтар тооцох ёстой.
Чамбай хууль батлахын тулд бас УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцдэг дэгт өөрчлөлт оруулж болно. УИХ-д олон мэргэжлийн төлөөлөл сонгогддог. Бүгд хууль бүтээдэг нарийн техникийг мэдэхгүй байж болно. Энэ тохиолдолд гишүүдэд хуулийн төсөлтэй холбоотой асуулт тавьж, мэдээлэл авах хүрээг нь тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг (checklist) боловсруулаад өгч болно. Ингэснээр гишүүд хоосон маргаан өрнүүлэх биш, хэлэлцэж буй төсөл нь үнэхээр шаардлагатай эсэх, амьдралд хэрэгжиж, үр өгөөжөө өгөх үү гэхчлэн олон талаас нь шалгах боломж бүрдэнэ.
ӨӨРЧЛӨЛТ ЯМАР ЗОРИЛГОД ХҮРЭХ ВЭ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ
-Тэр нь юу байна гэсэн үг вэ. Тодруулахгүй юу?
-УИХ-ын гишүүдийг өөрсдөдөө ашигтай хууль батлаад байна гэдэг. Тиймээс субъектив хамаарлыг багасгах шаардлагатай. Хууль хэлэлцэж батлахдаа түрүүнд дурдсан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна уу гэдгийг л асуугаад, шалгачихна гэсэн үг. Тэнцэж байвал батална, үгүй бол санаачлагчид нь буцаана. Эдгээр шалгуур үзүүлэлтийн заримаас дурдахад, энэ хууль “Болохгүй байна”, эсвэл “Ийм л бодлого, хууль хэрэгтэй байна” гэхийн оронд нөхцөл байдал ямар байгаа, юуг анзаарахгүй өнгөрөөгөөд буйг олж тодорхойлох хэрэгтэй. Тухайн бодлого, хууль тогтоомжийг баталснаар нийгмийн харилцаанд ямар өөрчлөлт авчрах, хүмүүсийн зан төлөвийг хэрхэн өөрчлөх вэ зэрэг асуултад хариулсан байх ёстой. Жишээлбэл, намуудын түвшинд яригдаад байгаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэхийг шийдэхдээ төлөөллийг илүү хангана гэх мэтээр Төрийн ордон доторх ганц, хоёр ач холбогдлоо яриад, гадаа байгаа иргэдэд ямар өөрчлөлт авчрахыг хөндөхгүй, орхиод байна. Гишүүд ба гэмт хэргийн тоо, цалин, боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны шууд болон шууд бус харилцан хамаарлыг судлаад, иргэдэд зөв ойлголт өгчихвөл таамгаар эсэргүүцэх хандлага багасна.
Түүнчлэн хуулийг өөрчлөөд ямар зорилгод хүрэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Тухайн хууль тогтоомжийг баталснаар үр ашиг нь нийгмийн аль бүлэгт хүрэх, шинэ зохицуулалтыг хэн хэрэгжүүлэх, төрийн албанд нь үүнийг хийх нөөц, бололцоо бий юү, ямар улс оронд ийм туршлага байна вэ, тэр нь амжилттай болсон уу, амжилттай болсон нь манайд үр дүнгээ өгөх үү гэх мэт асуултад хариулах шаардлагатай. Сул тал, ойлгомжгүй байгаа асуудлыг орхиж болохгүй. Эдгээр нөхцөлийг хангаагүй бол ямар ч бодлого, хууль тогтоомж бүтэлгүйтэх тийшээ л явна. Жишээ нь, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, гурван жилийн дараа эргээд өөрчлөлт оруулж байна шүү дээ.
-Уг нь Хууль тогтоомжийн тухай хуульд төсөл боловсруулах шаардлагыг заасан байдаг.
-Хууль санаачлагч боловсруулсан хууль тогтоомжийнхоо нэг л өнцгийг барьж аваад, тэрийгээ дэмжсэн судалгаа хийсэн болж оромддог нь нууц биш. Гэтэл бусад өнцөг нь, ялангуяа тодорхой бус хэсгийг авч үздэггүй. Хууль нь батлагдаад хэрэгждэггүй, эсвэл хүссэн зорилгодоо хүрдэггүй тохиолдол цөөнгүй. Ер нь хууль, гэрээ гэх мэт хэм хэмжээ нь хүмүүсийн зан төлөвийг өөрчлөхөд л чиглэдэг шүү дээ. Жишээ нь, автомашиныг дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оруулах арга хэмжээг 1989 онд Мексикийн нийслэлд анх хэрэгжүүлсэн байдаг. Харамсалтай нь, амжилттай болоогүй. Иргэд нь хоёр, гурав дахь машинаа худалдаж авсан. Гэхдээ хоёр, гурав дахь машин нь анхныхаас нь муу буюу хуучин байсан. Ингэснээр түгжрэлгүй болох нь битгий хэл, агаарын бохирдол нь нэмэгдсэн учраас дээрх хязгаарлалтыг хэрэгжүүлэхээ больсон байдаг. Манайд ч бас адил. Машиных нь дугаарыг хязгаарласан өдөр алхах, эсвэл нийтийн тээврээр зорчуулан, зан төлөвийг нь өөрчлөх гэсэн ч төдийлөн амжилттай болоогүй. Уг нь машинаа унаж гараагүй өдөр нь тухайн хүнд нэг давуу тал үүсгэх ёстой байлтай. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээр үнэгүй зорчих гэх мэт хөшүүрэг хэрэгтэй. Аль нэгэн зорилтот бүлэгт үйлчлэх хууль байлаа ч нөгөө бусдыг нь хохироохгүй байх зохицуулалтыг агуулах учиртай. Жишээ нь, саяхан хүүхдийн мөнгийг хассан, хасаагүй гээд баахан шуугилаа. Нэг талаас баталсан хууль, журмаа сайтар танилцуулах ёстой байсан. Ийм тохиолдол удаа дараа гарч байгаа шүү дээ. Гэвч иргэд хохирч, бухимдаад л өнгөрдөг. Тэдэнд эрхээ хамгаалах, хохиролгүй үлдэх хүсэл сонирхол байдаг болов уу. Бухимдахаас илүүтэй шийдвэртэй, хууль тогтоогчдод хүргэх хэмжээний акц хийж чадах уу.
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БОДИТОЙ ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА ДУТАГДААД БАЙГАА ЮМ
-Тийм хүсэл эрмэлзэл бий гэж бодож байна. Харин чадах, эсэхийг нь мэдэхгүй юм. Өөрөөр хэлбэл, яаж гэдгээ мэдэхгүй нь олон байх.
-Тийм, чадахгүй байна. Иргэний нийгмийн байгууллагынхан идэвхтэй байж, нийтийн эрх ашгийн төлөө зохион байгуулалтад орох хэрэгтэй. Жагсаал, цуглаан гэхээс илүү иргэний нийгмийн бодитой оролцоо, хамтын ажиллагаа бидэнд дутагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, органик, эсэхээс үл хамааран тэдгээр жагсаал, цуглаанд оролцогчдын хүргэе гэсэн мессеж төр, засагт зөв очсон, эсэхийг хэн хянах юм бэ. Сүүлд болсон жагсаалаас харахад, нэг жүжигчин үлдээд, хэл амны бай болоод л дууслаа шүү дээ. Тиймээс ийм тохиолдолд ханддаг төрийн бус байгууллагатай байх ёстой. Хүний эрхийн төлөө дуугардаг, явдаг хүмүүс бидэнд хэрэгтэй. Тэндээ хандивын данс нээж, санхүүжилт босгоод, үйл ажиллагааныхаа зардлыг гаргачихна. Мэдээж тэр байгууллагад нь янз бүрийн мэргэжлийнхэн ажиллаж, акц хийх юм. Ингээгүйгээс болоод бидний үзэл бодол, жагсаал, тэмцлийг улстөрчид худалдаж аваад байна. Миний хэлээд байгаа байгууллага энэ бүхнийг сөрж, эрхээ хамгаалахын төлөө жагсаж, тэмцэж буй хүмүүс чухам юу хүсээд байгааг нь томьёолж, базна гэсэн үг. Үнэндээ сая болсон жагсаалаар юу шаардсаныг, ямар үр дүнд хүрснийг хүмүүсийн олонх нь мартчихсан байгаа.
Ер нь ямар ч зүйлийг бүтэц, зохион байгуулалтад оруулснаар илүү үр дүнд хүрдэг. Жишээ нь, УИХ-аас байгуулагдсан хянан шалгах түр хороо “Хөгжлийн банкны” гэх хэрэгт холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгууллаа. Өмнө нь тэр компанид зээл өгсөн ч юм уу, өгсөн бол төлсөн ч юм уу, бүү мэд гэмээр сураг төдий мэдээллүүд бидэнд байсан. Тэгвэл зохион байгуулалттайгаар сонссоноор арай өөр мэдээлэлтэй болж, нэг алхам урагшиллаа гэж бодож байна.
-Гэхдээ УИХ-ын гишүүд, тэр дундаа тус сонсголыг даргалсан Б.Энхбаярыг шүүгч шиг аашиллаа гэх шүүмжлэх хүмүүс байсан.
-Ийм маягийн хэлэлцүүлгийг ардчилсан орнуудад хийж л байдаг. Улс орныг хөгжүүлэхэд зарцуулах ёстой мөнгийг Хөгжлийн банк цөөн хэдэн хүнд тараагаад, яасан нь мэдэгдэхгүй байхад холбогдох мэдээллийг нь хуулийн хүрээнд сонсож, мэдэх эрх нь бидэнд байх ёстой биз дээ. Бидний мэдэх эрхийг хангаж буйгаас бус, тэнд хэн нэгний гэм буруутай, эсэхийг шүүгээгүй. Шүүхээс гэм буруутай, эсэхийг шүүж, шийдвэр гаргадаг. Нөгөө талаас ийм сонсгол байснаар хожим нь хэн нэгэнд шүгэл үлээх, мэдээлэлтэй байх давуу тал үүсгэж байгаа юм. Үнэндээ өмнө нь ийм мэдээллүүд дандаа л нууц байж ирсэн шүү дээ. Мэдээж манай нөхцөлд сонсголын үеэр ярьсан зүйлээр нь балбах, зориуд “яллах” явдал гарах эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Монголын шүүх ямар ч гэсэн нотлох баримтад үндэслэн шийдвэрээ гаргана гэдэгт би итгэж байна.
-Та түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар цухас дурдлаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ахалсан ажлын хэсгийнхний боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийн тухайд юу хэлэх вэ?
-Шинэ Үндсэн хуулийн төсөлтэй танилцаагүй. Үнэндээ уншмааргүй байна. Иргэдийн оролцоог хангаагүй, Үндсэн хуулийн бус субъектийн бичсэн Үндсэн хуулийг уншиж, саналаа өгөх нь өөрөө хууль бус болно. Үндсэн хууль нь олон улсад хэвшсэн зарчим, хэм хэмжээнд нийцүүлсэн, манай улсын гадаад илэрхийллийн нэг юм. Иргэний дайнд өртсөн улс орнууд энх тайвнаар зэрэгцэн орших гэж шинэ Үндсэн хууль баталж, олон улсад зарладаг. Гэтэл “Ардчилсан Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөх нь” гэвэл гадаад ертөнц яаж хүлээж авах вэ. Наад зах нь гадаадын хөрөнгө оруулагчид ойрын 5-10 жилд ойртохгүй, донор байгууллага, бусад улс ч эргэлзэнэ. Эдийн засаг хүнд, ард түмний амьдрал ядруу байхад ингэж улсаараа тоглоод хэрэггүй биз дээ.
ТӨР БҮХНИЙГ ЗОХИЦУУЛАХ ГЭЖ ОРОЛЦООД, ӨӨРСДӨӨ БУРУУДААД БАЙНА
-Аливаа хууль тогтоомжийн төслийг боловсруулахад аль болох олон талыг оролцуулж, саналыг нь авах нь чухал гэдгийгт а цөөнгүй онцоллоо. Гэтэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийгУИХ хоёрхоногт баталчихав. Таны хэлээд байгаагаас тэс өөрөөр ажиллачихлаа шүүдээ.
-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн хувьд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь тусгадаг хоног хугацаатай заалтыг зөрчиж баталсан нь хуулийн засаглалд харш зүйл боллоо. Уг нь хууль засагладаг улс болно гээд горьдож ирсэн юм сан. Төр бүхнийг зохицуулах гэж оролцоод, өөрсдөө буруудаад байгаа л харагдах юм.
Олон улсын хэмжээнд цахим сүлжээнд хяналт тавих хоёр төрлийн зохицуулалт бий. Тухайн олон нийтийн сүлжээний компанийн өөрийнх нь зохицуулалтад даатгах, эсвэл төр зохицуулах гэсэн хоёр хэлбэр бий. Дийлэнх орнууд эхнийхийг сонгож байна. Учир нь нэг талаас иргэн, нөгөө талаас олон нийтийн сүлжээний платформ хооронд сайн дурын үндсэн дээр бий болсон иргэний эрх зүйн харилцаанд төр оролцох нь зохимжгүй гэж үзэж буй хэрэг. Бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага манай төрөлжсөн хуулиудад бий. Ердийн амьдралыг зохицуулсан хууль тогтоомжид зааснаас давсан зохицуулалтыг олон нийтийн цахим сүлжээнд бий болгож огт болохгүй. Үр дагавар нь хууль тогтоогчийн найдсанаас эсрэгээр байх болно.
Ер нь аливаа хууль тогтоомжийн төсөлд иргэд, олон нийт, сонирхлын бүлгийн саналыг авч тусгана гэдэг хуулийн зохицуулалт бодитой хэрэгжихгүй байна. Аль нэгэн яам, агентлагийн цахим сангийн нэг буланд тавьсан болж аргалдаг, өгсөн саналыг нь тухайн хууль тогтоомжийн төсөлд тусгасан, эсэх талаар эргэж мэдэгддэггүй. Цаашлаад УИХ-аар хэлэлцэх явцад төсөл нь огт өөр агуулгатай болоод батлагддаг. Хэлэлцүүлгийн шатанд тухайн өөрчлөлтүүдийн талаар сонирхлын бүлгүүд, олон нийтэд эргэж мэдээлдэггүй. Ингэж батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байх нь тодорхой. Энэ алдаагаа засаад D-parliament цахим хуудсанд хуулийн төсөл бүрээр хувийн хэрэг нээгээд, хууль тогтоомжийн төслийн судалгаанаас эхлээд УИХ-аар эцэслэн батлах хүртэлх бүх үе шатанд иргэд, хуулийн этгээд хяналт тавих, саналаа өгөх боломжоор хангавал сая зөв болно.
-Одоо та юу хийж байна вэ. Түрүүнд хэлсэнчлэн иргэний нийгмийн чиглэлээр идэвхтэй ажиллах боломжтой юу?
-Өнгөрсөн жил төслийн ажлаа хүлээлгэн өгсөн. Одоогоор судалгааны ажлууд хийж байна. Жишээлбэл, олон улсын гэрээ, хууль тогтоомж амжилттай хэрэгжээгүй кэйсүүдийн талаар судалж байгаа. Монгол Улсын хууль тогтоомжид ч энэ чиглэлээр судалгаа хийвэл ач холбогдолтой байх болов уу. Хуулийн засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой.