Засгийн газар Монгол Улсыг дэлхий дахинд муухай харагдуулж буй авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлэхээ илэрхийлсээр багагүй хугацаа өнгөрч байна. Үүний хүрээнд авлигын олон хэргийг зөвхөн АТГ-аар зогсохгүй, тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулснаар илрүүлэн шалгаж, цөөнгүй нь шүүхээр шийдвэрлэх шатанд очоод буй билээ.
АТГ-аас уржигдар мэдээлэл хийж, авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс болон нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээг нийтэд зарлав. Тус газар 2020 онд 35.6, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.5 их наядаар тоологдох мөнгөн дүнтэй хохирлыг нөхөн төлүүлжээ. Энэ нь эрх мэдэл албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс учирсан хохирлыг барагдуулж, төрийг, татвар төлөгчдийн мөнгийг “цагаан захтнууд”-аас гаргуулж авсан гэсэн үг. АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 онд төлүүлсэн хохирлын дийлэнх нь Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй компаниудаас гаргуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтнууд, Хөгжлийн банкны удирдлага нийлж эрх мэдэл албан тушаалаа урвуулж, хэдхэн аж ахуйн нэгжид давуу байдал олгосноос учирсан хохирлоос 861 тэрбумыг нь нөхөн төлүүлсэн гэсэн үг.
Өдгөө нүүрсний гэх тодотголтой авлигын хэргүүдийг шалгаж “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компанийн удирдлага хэрхэн хахууль авч, түүнийгээ яаж угааж, үл хөдлөх хөрөнгө болгосныг, улмаар хэрхэн захиран зарцуулж, ашиг олж байгааг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн тогтоогоод буй.
Авлигатай тэмцэх байгууллагынхан ийнхүү төрд учирсан хохирлыг барагдуулж буй ч улсаасаа, татвар төлөгч жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ боломжоос “хулгай” хийсэн хүмүүсийг шүүх толгойг нь илж, хөнгөн ял оноолоо гэх шүүмжлэл олон жилийн турш байгаа билээ. Авлигачдынхаа толгойг илж, хөнгөн ял оноодог улс манайхаас өөр оронд байдаггүй гэхэд хилсдэхгүй. Хятад, Солонгос хатуу ял шийтгэл оноож, хамаг хөрөнгийг нь хураадаг. Дэлхийн улс орнууд манай Эрүүгийн хуулийн авлигын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг хэтэрхий хөнгөн гэдгийг шүүмжилж, чангаруулах сануулгаолон жилийн өмнөөс өгч байсан гэдэг. Олон улсын байгууллагууд Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг дүгнэхдээ ч хууль, эрх зүйн орчныг нэг үзүүлэлт болгодог юм билээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон жагсаал, цуглааны үеийн нэг шаардлага нь бас авлигын хэргийн ял шийтгэлийг чангатгах байсан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сард боловсруулаад байсан Эрүүгийн хуулиас зөвхөн 22 дугаар бүлэг буюу авлигын гэмт хэрэгт оноох ял шийтгэлтэй холбоотой заалтыг өнөөдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн байдаг. Ингэснээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд баталж, энэ сарын 21-нээс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөж эхлээд байна. Хэдхэн хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 31-ний мягмар гаргийн 15.00 цагт “Транспэрэнси интернэйшнл” олон улсын байгууллагаас авлигын төсөөллийн индексийг зарлах үед Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт үр нөлөөгөө үзүүлсэн, эсэх нь тодорхой болох биз.
Авлигын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгах гадаадынхны болон жагсагчдын шахалтыг УИХ хэлэлцэн батлах үед нэлээд хэсэг нь дурамжхан хүлээн авч, наашаа харж инээж, цаашаа харж уурлаж байгаад дэмжсэн товчлуураа дарсан аж. Нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт орсон зарим онцлох заалтыг хүргэе. УИХ-ын зарим гишүүн эл хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй, танхимдаа нэлээд бухимдаж суусан гэдэг.
“ЦАГААН ЗАХТНУУД” ХОРИХ ЯЛААС МУЛТРАХГҮЙ НЬ
Тус хуулийн 22.1 дүгээрзүйлдзаасан“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагаас торгох ялыг бүхэлд нь хасаад байгаа юм. Уг нь торгох гэдэг бол ял шийтгүүлж буй хүнд эдийн засгийн арга хэмжээ авч байгаа гэсэн үг. Харин монголчуудын нэлээд хэсэг нь торгохыг ял гэж хүлээн зөвшөөрөхгүй, хорьж цагдвал лхариуцлага хүлээлгэж байна гэсэн хэвшмэл ойлголттой буй. Тиймдээ ч нийтэд таалагдахын тулд торгох ялыг дээрх зүйл заалтаас хассан гэж үзэх хүмүүс бий. Өмнө үйлчилж байсан энэ зүйл заалтаар 5400-27 000, хүндрүүлэх нөхцөл байдалтай бол 10 000-40 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай байв. Түүнчлэн эл зүйл заалтын үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял, эрүүгийн хариуцлагыг адил хэмжээтэй оноохоор заасан байсан зөрчлийг арил гасан. Хүндрүүлэх бүрэлдэхүүний зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрхийг ньхасах нэмэгдэл болон хорих ялын хугацааг 2-8 жил болгож нэмжээ. Бас энэ гэмт хэргийн субъектэд улс төрд нөлөө бүхий этгээдээс гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтныг хамааруулан өргөжүүлж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг бүх насаар нь хасахаар өөрчилж, хорих ялын хугацааг 5-12 жил болгож чангатгаад байна.
Эрүүгийнхуулийн22.4 дүгээрзүйлдбусдаас хахууль авсан хэрэгт оноох хариуцлагыг тусгасан байдаг. Шинэ нэмэлт, өөрчлөлтөөр уг гэмт хэргийг нийтийн албан тушаалтан хахууль авах, нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэж субъектээр нь ялгаж хуульчилжээ. Ингэхдээ нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оноох ялаас торгох болон зорчих эрх хязгаарлах ялыг хассан аж. Харин хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний буюу 100 сая төгрөг, түүнээс дээш хэмжээний хахууль авсан үйлдэлд ногдуулах ялаас торгохыг нь хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг 5-8, хорих ялын хугацааг 5-12 жил болгож өсгөв.
Хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, хорих ялын хугацааг 12-20 жил байхаар чангаруулсан нь хууль тогтоогчдын эгдүүцлийг төрүүлсэн гэнэ.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг Эрүүгийнхуулийн22.10 дугаарзүйлдхуульчилсан байдаг. Өнөөдөр АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхний шалгаж буй нүүрсний хэрэгт холбогдсон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын олонх нь үндэслэлгүй хөрөнгөжиж, түүнийгээ угаасан үйлдлүүд нь баримтаар нотлогдож, зарим үл хөдлөх хөрөнгийнх нь мэдээллийг прокурорын зөвшөөрсний дагуу олон нийтэд дэлгээд буй билээ.
Тэгвэл эл гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд ногдуулах ялаас торгохыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг 2-8, зорчих эрх хязгаарлах болон хорих ялын хугацааг 1-5 жил болгон ялын бодлогыг чангатгаад буй. Мөн нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг тодорхой болгож үүнд 100 сая төгрөгөөс дээш хэмжээг ойлгохоор тодотгосон аж. Түүгээр зогсохгүй улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн бол оноох эрүүгийн хариуцлагаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг бүх насаар байхаар хуульчилж, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын хугацааг 2-8 жил хүртэл болгон чангаруулжээ. Эрүүгийнхуулийн22.11 дүгээрзүйлдпрактикт төдийлөн хэрэглэдэггүй “Нийтийн албан тушаалтан дураараа аашлах” гэсэн зүйл заалт 2015 оноос оруулсан байдаг. Зарим хуульч эл заалтыг зөвхөн нийтийн албан тушаалтнаар хязгаарласан учраас эргэн харах ёстой гэж үздэг юм. Учир нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага дураараа аашилж байгалийн баялаг олборлох, эсвэл эзэмшил газрынхаа хэмжээг дур мэдэн томруулах гэх мэт тохиолдол байдаг учраас төрийн албан хаагч л үйлдсэн бол гэдэг байдлаар зохицуулсныг өөрчлөх хэрэгтэй хэмээдэг. Харин өнгөрсөн сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг 2-5 жил болгон нэмж, бусад ялын хэмжээг хэвээр үлдээсэн байна. Дураараа аашлах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг 1-5 жил хүртэл хугацаагаар оноох зохицуулалт оруулжээ.
Дээрх зүйл заалтуудын хамтаарЭрүүгийнхуулийн22.6 дугаарзүйлдзаасан гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах, 22.7-гийн улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, 22.8-ын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 22.9-ийн төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн ялыг ч чангатгасан юм.
Эдгээрээс гадна авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа өршөөл үзүүлэхгүй байх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгох, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийнхөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох зохицуулалт оруулаад буй юм.
УЛСТӨРЧИД ӨӨРСДӨДӨӨ ХАМААТАЙ ЗААЛТЫГ БАТАЛСАНГҮЙ
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу авлигын гэмт хэрэгт ногдуулах хариуцлагад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн, түүнчлэн нийтийн албан тушаалтан хахууль авах болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлт оруулсан. Зарим хуульч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх заалтыг авлигын гэмт хэргээс хассан нь буруу гэж үзэж байна. Тодруулбал, “цагаан захтнууд” татвар төлөгчдийн хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдчихээд дахиад жирийн иргэдийн төрдөө хураалгаж буй мөнгөөр шоронд хоригдож, улсын эдийн засагт хохирол учруулсаар байх нь гэж дүгнэсэн. Нэг ялтныг хорих ангид ял эдлүүлэхэд байр, цахилгаан, халуун, хүйтэн ус, хоол, хянагчдын цалин гээд нэлээд их зардал гардаг нь ойлгомжтой. Харин хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тохиолдолд улсад учруулсан хохирлоо төлсөн байхыг заадаг учраас эсрэгээрээ улсын эдийн засагт нэмэртэй гэж харж буй юм билээ.
Харин эл нэмэлт, өөрчлөлтөөр нэг дэвшилттэй заалт оруулсан нь УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчлөв. Ингэснээр УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн АТГ шалгахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдуулан Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг эргэж харжээ.
Гэхдээ хууль тогтоогчид өөрсдөд нь хамгийн их хамааралтай заалтыг сэргээн баталсангүй. УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий хүмүүс, найз нөхөд, цүнх баригчид, сонгуулийнхаа сурталчилгаанд ажилласан хэн нэгнийг нөлөөгөө ашиглан төрийн албанд томилуулдаг. Ажлын байрны шалгуурт тэнцэхгүй хүмүүс ийм байдлаар томилогдох нь ч бий. Үүнийг нь хязгаарлах агуулгабүхий“Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах” гэх заалт 2015 онд боловсруулан баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийнхуулийн22.2-т байсан юм.
Гэвч 2017 оны тавдугаар сарын 11-нд, хууль хэрэгжүүлж эхлэхийн өмнөхөн уг зүйл заалтыг хасаад өнөөг хүртэл оруулахгүй байгаа билээ.