ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй ЗТХЯ, ИНЕГ, МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 22-27-нд АНУ-ын Вашингтон хотноо ажиллаж байна.
Монгол Улсын төлөөлөгчид нэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Төрийн департаментын Тээвэр хариуцсан газрын нарийн бичгийн дарга Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах талаар АНУ-ын Төрийн департамент, Тээврийн яам, Тээврийн аюулгүй байдлын газар болон Холбооны нисэхийн захиргааны албан тушаалтнуудтай нарийвчлан ярилцаж байна. Ингэснээр, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан агаарын тээврийн либералчлал, хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох нэг боломж бүрдэх юм.
Агаарын тээврийн тухай хэлэлцээр нь Монгол Улс, АНУ хооронд байгуулах агаарын тээврийн салбарын анхны хоёр талт хэлэлцээр болж байна. АНУ-ын “Нээлттэй тэнгэр” бодлогод нийцсэн нислэгийн багтаамж, давтамж, дурын чиглэлд нислэг үйлдэх, агаарын тээвэрлэгчид аяллын дугаар хамтран ашиглах боломжтой либерал хэлэлцээр юм.
Уг хэлэлцээрийг байгуулснаар манай хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах, агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын компаниудад шинэ боломжуудыг бий болгох аж. Мөн зорчигч, жуулчид хоёр улсын хооронд богино хугацаанд хямд үнээр ая тухтай зорчих нөхцөл бүрдэх юм. Манай улс энэ хэлэлцээрийг байгуулснаар АНУ-ын нутаг дэвсгэрт шууд нислэг гүйцэтгэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж, нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэнэ.