Фунт стерлингийн ханш өчигдөр “Найман шарга” захад авах нь 4270, зарах нь 4350 төгрөг болж чангарлаа. Энэ нь яг нэг сарын өмнөхөөс авах, худалдах ханш аль аль нь 120 төгрөг буюу гурав орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Эргэн сануулахад, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд эл мөнгөн тэмдэгтийн ханш 4000 төгрөг давсан билээ. Үүнээс гурав хоногийн дараа ченжүүд уг валютыг 4070 төгрөгөөр зарж байсан бол өдгөө ийнхүү өсөөд байна. Өөрөөр хэлбэл, фунтийг борлуулах ханш хоёр сарын хугацаанд 280 төгрөг буюу 6.9 хувиар дээшлээд буй нь энэ. Монголбанкнаас зарласан ханшаар фунт өчигдөр 4318.83 төгрөгтэй тэнцэж байсан нь нэг сарын өмнөхөөс 167.94 төгрөгөөр (дөрвөн хувь) өссөн дүн боллоо. Ташрамд дурдахад, “Найман шарга” захад еврогийн ханш мөн чангарчээ. Тус захын ченжүүд өчигдөр еврог 3810 төгрөгөөр худалдан аваад, 3825- аар зарж байлаа. Энэ нь өнгөрсөн ням гаргийнхаас гэхэд 20, 15 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.