Ирэх гуравдугаар сарын 5-7-нд зохион байгуулахаар төлөвлөж буй “Түмэн тэмээний баяр”-ын хөтөлбөрийг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас танилцууллаа. Эхний өдөр зочид, төлөөлөгчдийг угтан авч, тэмцээнд оролцогчдыг бүртгэн, шилмэл тэмээний дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Удаах өдөр нь баярын арга хэмжээг тэмээтэй жагсаалаар албан ёсоор нээж, тайлаг тэмээний бооцоот болон төрөлжсөн поло тэмцээнүүд явуулах нь. “Өмнөговьд үйлдвэрлэв” дэлгүүрт “Тэмээ-миний найз” гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж, тэмээтэй сайхан хос шалгаруулах гэнэ. 7-нд тэмээчдийн дунд буухиа тэмцээн, ат, торомны уралдаан зохион байгуулж, шагнал гардуулах ёслол хийснээр баяр өндөрлөх нь. Ташрамд дурдахад, Өмнөговийн брэнд болсон энэхүү арга хэмжээг тус аймгийн ЗДТГ, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, “Тэмээн соёл” уралдааны холбоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 1997 оноос хойш зохион байгуулж байна.
Бэлтгэсэн Н.Мишээл