Цар тахлын улмаас урд хөрштэй хиллэдэг зарим боомт хаагдан, нэвтрүүлэх ачааны хэмжээ багассанаас тээврийн зардал сүүлийн гурван жилд 7-10 дахин өссөн гэсэн тооцоог зарим худалдаачин гаргажээ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас ч үүнийг батлан, 2019 оныхтой харьцуулахад 2021, 2022 оны эхний хагас жилд нэг автомашин ачааны тээврийн зардал дунджаар долоо дахин нэмэгдсэн тухай мэдээлж байв. Энэ нь хүнснийхээ 50 орчим, бусад барааны бараг 90 хувийг импортолдог манай улсын хувьд инфляц нэмэгдэх, үнэ хөөрөгдөх шалтгаан болсон. Тэгвэл энэ сарын 8-нд Эрээн-Замын-Үүдийн боомтын үйл ажиллагааг нээн, зорчигчдыг нэвтрүүлж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тээврийн зардал буурч, бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрах хүлээлт иргэдэд үүссэн гэхэд болно. Гэвч тус боомтын үйл ажиллагааг нээгээд ч бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрах төлөв ажиглагдахгүй байна.
Энэ талаар “Хархорин” захад гутал борлуулдаг нэгэн “Манайх цар тахлын өмнө буюу 2019 онд 3-4 пресс (нэг нь дунджаар 200 кг) ачааны төлбөрт 200 000-300 000 төгрөг төлдөг байсан. Удалгүй хилийн боомтууд хаагдан, ачаа, бараа нэвтрүүлэхэд хүндрэлтэй болж эхлэхэд 3-4 пресс ачааны төлбөрт гурван сая төгрөг төлж эхэлсэн лдээ. Одоогоос хоёр жилийн өмнө юанийн ханш өнөөдрийнх шиг ийм өндөр байгаагүй ч тээврийн зардал өссөн учраас урд хөршөөс оруулж ирдэг бүх төрлийн барааны үнэ нэмэгдсэн. Манайх гэхэд эрэгтэй, эмэгтэй хүний өвлийн гутлыг дунджаар 150 000 төгрөгөөр борлуулж байсан бол одоо багадаа 200 000, улмаар 400 000 болгохоос өөр аргагүй болсон. Тооцож үзэхэд нэг пресс ачааны тээврийн зардал 2019 оныхтой харьцуулахад 2021, 2022 онд 7-8 дахин нэмэгдсэн байналээ. Тэр хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэсэн үг. Эрээн-Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа хэвийн болсноос хойш бараа татаагүй, тээврийн зардал хямдарсан, эсэхийг мэдэхгүй” гэлээ. Хэрэв тээврийн зардал хямдарсан бол гутлынхаа үнийг бууруулах, эсэх талаар тэрбээр “Юанийн ханш чангараад 500 төгрөг давчихлаа. Бас бид Эрээн, Гуанжоу руу захиалга хийхдээ энд байгаа ханшаас дунджаар 30-40 төгрөгөөр илүү үнээр юанийг тооцон, шилжүүлдэг. Тиймээс барааны үнэ хямдрах боломжгүй л дээ” гэсэн юм.
“Peace mall” худалдааны төвд бэлэн хувцас борлуулдаг С.Намуун “Тээврийн зардал тонн тутамдаа сүүлийн хоёр жилд 8-9 дахин өссөн. Мөн захиалсан бараа ирэлгүй, хэдэн сар хүлээгдэж байлаа. Өнгөрсөн намраас барааны эргэлт сайжирч, тээврийн зардал арай хямдарсан. Өдгөө би хоёр пресс ачааны тээврийн зардалд (нэг нь 150-200 кг) 700 000-800 000 төгрөг төлж байна. Цар тахлын өмнө нэгт нь 100 000 орчим төгрөг төлж байлаа. Тэгвэл 2020, 2021 онд 150 орчим кг ачааны зардалд багадаа 500 000 төгрөг төлсөн, өдгөө бага зэрэг хямдарсан гэсэн үг. Мэдээж бид зардлаа шингээхийн тулд барааныхаа үнийг нэмж борлуулж байгаа. Урд хөршөөс захиалж авдаг гутал, хувцасны үнэ сүүлийн 3-4 жил бараг өөрчлөгдөөгүй. Харин манай улсад тээврийн зардал, юанийн ханш, түрээс болон албан байгууллага, үйлчилгээний төвүүдийн цахилгааны зардал зэрэг нь нэмэгдээд байгаагаас бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа хэрэг” гэж ярив.
ЗТХЯ-наас тээврийн зардал буурах, улмаар бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрах төлөв бий, эсэхийг тодрууллаа. Тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 10 боомтын үйл ажиллагаа хэвийн байна. БНХАУ-д хаврын баяр болж буйтай холбоотойгоор энэ сарын 22-24-нд тус улстай хиллэдэг боомтууд ажиллахгүй, 25-наас хэвийн болно. Манай улс импортын барааныхаа 50 гаруй хувийг Эрээн-Замын-Үүдийн боомтоор татан авдаг. Тэгвэл тус боомтын үйл ажиллагаа хэвийн болж зорчигчид, ачааны автомашин нэвтрүүлж эхэлсэн нь тээврийн зардлыг бууруулах нөхцөл болж байгаа юм. Урд хөршийн Цагаан сарын амралтаас өмнө Замын-Үүдийн боомтоор өдөрт ачааны автомашин дунджаар 90, том оврын 10 автобус нэвтэрч байлаа. Тарифын хувьд том оврын нэг автомашин буюу 23-24 тонн ачааны үнэ 3.6-4.1 сая төгрөг байна. Харин Эрээнээс шууд Улаанбаатар хүрэхэд 6.7-8.2 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Эл үзүүлэлт нь цар тахлын өмнөх үеийнхээс өндөр боловч 2022 оны энэ үеийнхтэй харьцуулахад 10-20 хувиар хямдарсан дүн. Цаашид өдөрт нэвтрүүлэх ачааны автомашин, зорчигчийн автобусны тоог нэмэх төлөвлөгөөтэй бөгөөд үр дүнд нь тээврийн зардал ч хямдарч, бараа эргэлтийн хэмжээ өсөх байх” хэмээн мэдээллээ. Харин импортлон оруулж ирж буй ачаа, барааны үнэ ханш ямар байхыг борлуулагчид нь мэдэх учраас яамнаас ямар нэгэн тайлбар хэлж чадахгүй гэв.
Манай улсад инфляц өнгөрсөн арванхоёрдугаар сард 2021 оны мөн үеийнхээс 13.2 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Үүнд өргөн хэрэглээний 400 гаруй бараа, хүнсний бүтээгдэхүүний талыг нь импортолдог нь нөлөөлж буй талаар мэргэжилтнүүд тайлбарласан юм. Цөөн барааны үнийг харьцуулж үзлээ. Тухайлбал, 2020 онд нэг литр ургамлын тос 5000-6000 төгрөг байсан бол өдгөө 10 000-аас давжээ. Бүх төрлийн импортын гоймон 500 грамм нь дунджаар 3000 төгрөгөөс 5000-8000-д хүрсэн байна. Дийлэнх зах, дэлгүүрт гурвалжин будааг кг-ыг нь 6000-7000 төгрөгөөр борлуулж байгаа нь хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Нарийн ногоо, жимс, жимсгэнэ, лаазалж даршилсан бүхий л бүтээгдэхүүний үнэ өсөөд, буураагүй хэвээр байгаа бөгөөд хил гаалийн тээвэрлэлт сайжирч, бараа эргэлт нэмэгдсэн ч үнэ нь хямдарсан нэг ч бүтээгдэхүүн алга.
Импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, нийлүүлэгч компаниудын санал болгож байгаа ханшийн талаар мөн тодрууллаа. “Барс” худалдааны төвд чингэлэг эзэмшин, бараа борлуулагч Г.Ачиймаа “Манайх будаа, гоймон, элсэн чихэр, бүх төрлийн цай, кофе худалддаг. Бүгд импортынх. Бид нэг сард дунджаар 20 гаруй нэрийн, 150 сая төгрөгөөр үнэлэхүйц барааг 2019 онд борлуулж байсан бол 2022 онд мөн ийм тооны бүтээгдэхүүнийг татан авахад 250-300 сая төгрөг зарцуулах болсон. Үүнд нэгдүгээрт, тээврийн зардал, хоёрдугаарт, ам.долларын ханшийн өсөлт, мөн тухайн үйлдвэрлэгч улс дахь зарим бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж ойлгосон. Одоо тээврийн зардал бага зэрэг буурч буй гэх боловч хямдарсан бүтээгдэхүүн нэг ч байхгүй. Харин ч ам.доллар, юанийнханш чангарсаар байгаа учраас магадгүй импортын барааны үнэ цаашид ч нэмэгдэх төлөвтэй. Томоохон нийлүүлэгчид, улс хоорондын тээвэр зуучийн компаниас манайд ирүүлж буй бүтээгдэхүүний үнэ сүүлийн гурван жилд жилд 50-60 хувиар нэмэгдсэнийг падаанаас харж болохоор байна” хэмээн ярив.
Манайх үйлдвэрлэгч бус, хэрэглэгч улс. Хэрэглэж буй дийлэнх бараа, бүтээгдэхүүний орц найрлагад шаардлагатай зүйлсийг гадаадаас худалдан авдаг. Иймээс бүтээгдэхүүний үнэд нь тээврийн зардал, нийлүүлэлт, валютын ханшийн өсөлт нөлөөлдөг. Сүүлийн хоёр жилд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, хүнсний үнэ огцом өссөн. Үүнд урд хөрштэй хиллэдэг боомтууд хаагдан, нийлүүлэлт нь буурч, тээврийн зардал нэмэгдсэн нь нөлөөллөө хэмээн тайлбарласаар байв. Хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрч, ачаа эргэлт нэмэгдсэн ч инфляц буурч, бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрах төлөв ажиглагдахгүй байна. Харин ч юань, ам.долларын ханш нэмэгдсээр байгаа нь бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байх шалтгаан болж буйг холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай.