Байгалийн түүхийн музей, Хавдар судлалын үндэсний төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 50 иргэн, асран хамгаалагч нарт музейнхэн зөөврийн үзмэр дэлгэж үзүүллээ. Мөн захын мэдрэлийн ажиллагааг сэргээхэд дэм үзүүлэх үүднээс "Мөр" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хавдартайгаа тэмцэж буй хүмүүстэй нэг өдрийг өнгөрүүлсэн байна. Үүнээс гадна Монгол дахь Хөлөнбуйрын бизнес эрхлэгчдийг дэмжих төвтэй хамтран тэдэнд гарын бэлэг гардуулав.
Гэрээний хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн ажилтнуудад жилийн турш соёл, танин мэдэхүйн боловсрол олгох аж. Мөн эмнэлгийн ажилтнуудын хүүхдүүдийг хамруулж, музейтэй танилцах аялал зохион байгуулах юм байна.
Тэд зорилтод бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асрамжийн газрынханд соёлын үйлчилгээ үзүүлсээр иржээ. Энэ удаа ХСҮТ-өөр үйлчлүүлж байгаа хэвтэн эмчлүүлэгч нарыг татан оролцуулан “Хавдарын эсрэг үйлс дэх музейн оролцоо” хөтөлбөрийг ийн хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид Байгалийн түүхийн музей нь улсын хэмжээний томоохон эмнэлгүүдтэй хамтарч ажиллах хамтын ажиллах аж.
Ташрамд дурдахад, Байгалийн түүхийн музейг нурааж суурин дээр нь Чингис хааны музейг сүндэрлүүлсэн. Тэгвэл өдгөө Байгалийн түүхийн музейнхэн Үлэг гүрвэлийн музейд үзмэрийнхээ 30 гаруй хувийг дэлгэн, олон нийтэд үйлчилж буй. Өөрөөр хэлбэл, соёлын өвийг цуглуулж, сэргээн засварлан, хадгалан хамгаалж, судлан шинжилж олон нийтэд дэлгэн үзүүлж сурталчилдаг байгаль шинжлэлийн үндэсний хэмжээний музейн үйл ажиллагаа хэвийн явж байгаа аж.
Монгол Улсын Засгийн Газрын “Алсын хараа 2050” урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд өдгөө Байгалийн түүхийн музей санаачилж Соёлын Яам, ӨМӨЗО-ны “Монгол дахь Хөлөнбуйрын бизнесийн холбоо”-ны дэмжлэгтэйгээр бүх нийтийн соёлын боловсролд төрөөс баримтлах бодлого, хэрэгжилт болон музейн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй.