Рио Тинто групп нь 150 жилийн түүхэн ойн босгон дээрээ Оюу толгой төслийг эхэлсэн цагаас зорин тэмүүлж ирсэн чухал амжилтад хүргэхэд ойртоод байгаа аж.
Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхлэх хугацааг энэ оны 1 дүгээр улирал болгон урагшлуулж, 2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газартай хүрсэн хэлэлцээрийн үеэр мэдээлсэн хугацаанаас өмнө эхлүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
Рио Тинто групп нь ийнхүү дэлхийн уул уурхайн салбарт 150 жилийн турш хуримтлуулсан мэдлэг туршлага, технологийн дэвшлийг Оюу толгой төсөлд шингээн Монгол Улсыг олон улсад тэргүүлэх зэс үйлдвэрлэгч орон болгоход тун ойртож байна.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх гурван жилд аажмаар нэмэгдүүлж, 2025 он гэхэд 30,000 тонн, цаашлаад үйлдвэрлэлийн оргил үед буюу 2028 онд 95,000 тоннд хүргэхээр зорьж буй.
Гүний уурхайн блокоор нураан олборлох аргын тухайд. Оюу толгойн гүний уурхай нь хүдрийн биетийг блокоор нураан олборлох аргаар буюу уулын цулын хүндийн хүчийг ашиглан олборлох юм. Өнгөрсөн оны 1 дүгээр сараас хойш Рио Тинто групп хүдрийн биетийн ёроол хэсэгт тэсэлгээ хийж, хүдэр буулгуур гэж нэрлэдэг байгууламжуудыг үүсгэж, цаашид хүдэр олборлолт тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж ирсэн аж.
Анхны хүдэр буулгуураа өнгөрсөн оны 6 дугаар сард байгуулснаас хойш өндөр бүтээмжтэй ажиллаж, одоогоор 19 ширхэг хүдэр буулгуур байгуулаад байгаа бөгөөд үүний үр дүнд гүний уурхайн олборлолт эхлэх хугацааг урагшлуулж чадлаа.