Япон Улсад ажиллаж, амьдардаг бүжигчин Г.Бурмаа уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо Токио хот дахь “Сани холл” ордонд энэ сарын 20-нд хийхээр болжээ. “Говийн цэцэг” бүжгийн тоглолтын хүндэт зочноор Төрийн шагналт, Гавьяат жүжигчин, найруулагч Д.Сосорбарам уригджээ. Гавьяат жүжигчин, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл тус тоглолтын найруулагч, бүжиг дэглээчээр ажиллах юм байна. Үүнээс гадна манайулсын шилдэг бүжигчид оролцож, монгол хүний сэтгэлгээ, оюун ундарга, ур ухаан, авьяас билгээс төрөн гарсан дуу хуур, эгшиг аялгуу, дуурьсал, язгуур бий биелгээ, монгол, модерн бүжиг зэргийг толилуулах нь. Япон Улсад ажиллаж, амьдарч буй бүжигчин Г.Бурмаа нь уран бүтээлийн гараагаа үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгаас эхэлсэн. Тэрбээр ур чадвар, авьяасаа тасралтгүй хөгжүүлэн, Японы гайхамшиг цэцгийн, цайны, бүжгийн урлагийг нь зэрэг эзэмшсэн мэргэжилтэн, уран бүтээлч юм.
Бэлтгэсэн Р.Оюунаа