Эрүүл мэнд бол хүн амын амьдралын чанарыг тодорхойлдог хамгийн чухал салбар. Тийм ч учраас улс орнууд энэ салбартаа ихээхэн анхаарал хандуулдаг. Эрүүл мэндийн системийн олон эерэг үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр бичигддэг ХБНГУ-д тус салбарын сайдаар эрүүл мэндийн бодлого болон менежментээр Харвардын их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн ажилладгийг Зүүн Финландын их сургуулийн нийтийн эрүүл мэндийн бодлого болон эрүүл мэндийн эдийн засгийн дэд профессор Д.Жавхланбаяр нийгмийн сүлжээнд бичжээ. Манай улсад харин Эрүүл мэндийн сайдыгтомилохдоо мэргэжил, боловсролыг нь төдийлөн харгалздаггүйг тэрбээр хөндсөн байна. Үнэхээр ч манай улсад Эрүүл мэндийн сайдын гэх шалгуур огт байхгүй бөгөөд “Мэргэжлийн хүн томил” гэж шаардахаар эмч “тавьчихдаг”. Эсвэл ийнхүү шаарддагийг үл тоон, намын томилгоогоор хэнд ч хамаагүй шагнал болгон өгдөг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Үүний гороор Монгол Улс эрүүл мэндийн олон сөрөг үзүүлэлтээр дэлхийд толгой цохиж явна. Үндсэн хуульдзааснаарМонгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Гэтэл эрүүл мэндийн салбар иргэдийн энэ эрхийг хангаж чадахгүй байна.
Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийн 200 орчим орноос нэгдүгээрт бичигддэг. Сүүлийн 10 гаруй жил энэ байрнаасаа хөдлөөгүй. Мөн ходоод, улаан хоолойн хорт хавдрын үзүүлэлтээр дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байгаа. Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт өнгөрсөн оны эцсийн байдлаар 800 мянга гаруй хүн хамрагдсан юм. Гэтэл талаас илүү буюу 459 688 хүн ямар нэгэн өвчин, эмгэгтэй нь батлагдав. Тэр дундаа 3000 орчим хүнээс хавдрын шинж тэмдэг илэрсэн. Түүнчлэн хүн амын гуравны нэг нь цар тахалд өртөж, өдгөө ч улсаараа ханиаданд “дарлуулж” байна. Ялангуяа хүүхдүүд маш хүнд өвчилж, эмнэлгүүд нь багтааж чадахаа болив. Улмаар Эрүүл мэндийн сайд нь зарим эмнэлгийн насанд хүрэгчдэд зориулсан тасгийг хүүхдийнх болгон өөрчлөх, арга ядсан тушаал гаргаж сууна.
Энэ мэтийг дурдвал хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт уруудаж, салбарын хямрал үргэлжилсээр. Нөхцөл байдал яагаад ийм түвшинд хүрсэн, ямар учир шалтгаантай, үүнийг хэрхэн өөрчлөх вэ гэдэгт өгөх хариулт тус салбарынханд огт байхгүй. Шинэхнээрээ солигддог сайд нар нь ч оношилж, “эмчилж” чадаагүй. Дээд, дунд, доод гээд бүх шатанд нь хүнийрхүү сэтгэл үүрлэсэн энэ салбарт хэрхэн салхи оруулж, өөрчлөлт хийхийг хүлээгээд ч нэмэргүй гэлтэй. Эрх баригчид энэхүү эмзэг салбарыг өөрчилчих чин хүсэлтэй, мэдлэг, чадвартай нэгнийг сайдаар томилж чадалгүй, үдлээд мордох “намчин”-гуудыг “тавьж”, иргэдийн эрүүл мэндийг элгээр нь хэвтүүлэв. Юуг ч шийдэж чадаагүй, асуудлыг ужгируулсан сайд нар хэн байв?
Эрүүл мэндийн салбарыг сүүлийн 11 жилд 10 сайд удирджээ. 2008-2012 онд С.Ламбаа тус салбарын сайдаар харьцангуй удаан буюу дөрвөн жил ажилласан байна. Харин түүнээс хойш жил бүр шахам сайд солигддог болжээ. 2012 оны нэгдүгээр сарын 27-нд Н.Хүрэлбаатар уг албан тушаалд томилогдсоноос эхлэн тооцвол өдгөө 10 дахь сайдтайгаа “нүүр тулж” байна. Н.Хүрэлбаатарын дараа Н.Удвал, Г.Шийлэгдамба, Ц.Оюунбаатар (үүрэг гүйцэтгэгч), С.Ламбаа, А.Цогцэцэг, Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд нар энэ албан тушаалыг хашсан бөгөөд С.Чинзориг сайдын тамгыг хүлээж аваад хэдхэн хонож байна. Сайд нарын ажилласан хугацааг тооцвол дунджаар 14 сар буюу үндсэндээ нэг жил гаруй гэж болно. Эл хугацаандаа тэд дорвитой ажил хийсэнгүй, асуудлуудыг шийдсэнгүй, харин “амралт”-д байгаа мэт дэмий цаг нөхцөөсөөр “буцсан” юм. Дээрх хугацаанд хамгийн удаан сайдаар ажилласан нь Д.Сарангэрэл.
Тэрбээр хоёр жил есөн сарын хугацаанд эрүүл мэндийн салбарыг толгойлжээ. Харин хамгийн богино “настай” нь хоёр дахь удаагаа томилогдож, хоёр сар ажилласан С.Ламбаа. Байсхийгээд л солигддог сайд нар салбараа өөд татна, хөгжүүлнэ, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэнэ гэж амлаж ирсэн ч хэнийх нь ч “мөрөөдөл” ажил хэрэг болоогүйг өнөөгийн бодит байдал гэрчилнэ.
Дээр нэр дурдсан сайд нарын үед Түлэнхийн төвийн барилга 10 жил “царцаж”, өнгөрсөн оны сүүлчээр арайхийн ашиглалтад орууллаа. Бас Яармаг дахь Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил долоон жил саатсан. Цар тахлын үед эмнэлгүүд хүнээ багтааж шингээхээ болиход олон нийт нэхэл дагал болсны үр дүнд уг эмнэлгийг ажиллуулж эхэлсэн билээ. Түүнчлэн ахмадуудад тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндэд нь анхаарах зорилготой Геронтологийн үндэсний төвийн барилга “царцсаар” өдгөө 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Сайдын нэр зүүсэн энэ хүмүүс хэдхэн барилгын асуудлыг ч шийдэж чадахгүй, буруугаа бие бие рүүгээ чихсээр ирсэн юм.
Сүүлийн 11 жилд томилогдсон сайд нараас тав нь эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй аж. Харин бусдыг нь мэргэжлийн бус гэж үзэж болохоор байна. 2012 онд сайдаар ажилласан Н.Хүрэлбаатар хүний их эмч мэргэжилтэй, МАН дангаараа бүрдүүлсэн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдын үүргийг найман сар гүйцэтгэсэн. Сайдаас гадна ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ч ажиллаж байсан, өдгөө АШУҮИС-ийн захирлын алба хашиж буй. Тэрбээр сайд болж, намтраа баяжуулснаас өөр “шидгүй” бөгөөд Түлэнхийн төвийнхнийг хуучин барилгаас нь нүүлгэх тушаал гаргаж, байшинг нь суллан, нураах ажлыг эхлүүлсэн гэдэг. Түүний дараа томилогдсон сайд нь Н.Удвал. Хамтарсан, эвслийн, “шинэчлэлийн” гэх олон тодотголтой, Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт МАХН-д оногдсон албан тушаалын тохироонуудын нэг нь Эрүүл мэндийн сайдын суудал байв. Хүүхдийн эмч мэргэжилтэй, өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж үзсэн Н.Удвал тус салбарыг хоёр жил дөрвөн сарын хугацаанд удирдсан ч хийсэн гэх тоймтой зүйлгүй.
2014 онд Н.Алтанхуягийн танхим огцорч, Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн, “шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар “мэндлэв”. МАХН эгээ л эзэн нь мэт эрүүл мэндийн салбарыг дахин “авч”, Г.Шийлэгдамбыг томиллоо. Аялал жуулчлалын менежер буюу эрүүл мэндийн салбартай огт хамааралгүй мэргэжилтэй тэрбээр 11 сар сайдаар ажиллаад, огцрох өргөдлөө өгсөн билээ. Учир нь өрөөндөө их хэмжээний хахуульавсанүндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгуулж, улмаар хорих ял шийтгүүлсэн. Ингэснээр Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч болж, зургаан сар ажиллав. Үүний дараа буюу 2016 оны тавдугаар сард С.Ламбааг сайдаар дахин томилсон ч хоёр сар болоод л халаагаа өгсөн түүхтэй. Тодруулбал, удалгүй сонгууль болж, Засгийн газрыг шинэчлэн байгуулав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “мэргэжлийн” хэмээн тодотгосон Засгийн газарт А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдов. Эмч мэргэжилтэй тэрбээр нэг жил гурван сарын хугацаанд сайдаар ажилласан ч салбараа өөд татсан зүйлгүй. Харин Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал байхдаа хувийн эмнэлэг байгуулан давхар ажилласан, түүнийгээ сайд болохоосоо өмнөхөн өөр хүний нэр дээр шилжүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн шүүмжлэлд байнга өртсөөр ирсэн билээ.
Нэг жил гаруйн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, дахиад л шинэ танхим байгуулагдав. У.Хүрэлсүхийн удирдсан шинэ танхимын Эрүүл мэндийн сайд нь Д.Сарангэрэл боллоо.
Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр цар тахлын хоёр жилийн хугацаанд өдөр болгон шахам зурагтаар гарч, их гавьяа байгуулж буй мэтээр өөрийгөө дөвийлгөж байв. Гэсэн ч гавьяа байгуулснаасаа гай тарьсан нь их. “Ковид-19”-өөр өвчилсөн нэг хүнийг найман сая төгрөгөөр эмчилж, цар тахлын үед эрүүл мэндийн салбар луу урссан хандивын хөрөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон зэрэг олон асуудалтай түүний нэр холбогдож ирсэн ч үүнд өнөөгхүртэлцэг тавиагүй. Энэ бүгдийг шалгаж, эцэслэхийг шаардаж буй хүн ч цөөнгүй. Улмаар 2020 оны долдугаар сард У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа шинэчлэн байгуулахад Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдлоо. “Эмнэлгийн дарга” тодотголтой тэрбээр хүний их эмч мэргэжилтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаас сайд болж дэвшсэн. Түүнийг сайдаар ажиллаж байх үед манай улс цар тахлыг дотооддоо алдаж, иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлан, хүний эрхийг зөрчсөн шийдвэр ч цөөнгүй гаргасныг иргэд мартаагүй биз ээ. Улмаар дөнгөж амаржсан эхийг эмнэлэгхооронд тээвэрлэхдээ хариуцлага алдсан үндэслэлээр У.Хүрэлсүхийн танхим огцроход эрүүл мэндийн салбарынхнаа оновчтой удирдан, зохион байгуулаагүй сайд Т.Мөнхсайханы алдаа их байв. Тиймээс эмнэлэг даргалах, салбар удирдах хоёр тэнгэр, газар шиг ялгаатайг тэрбээр ойлгосон болов уу.
Сүүлийн хоёр жилд Эрүүл мэндийн сайдын үүргийг мөн л “эмнэлгийн дарга” С.Энхболд гүйцэтгэлээ. Хоёр жил сайдаар ажиллаад, гай ч үгүй, гавьяа ч үгүй буцсан тэрбээр хүний их эмч мэргэжилтэй бөгөөд “дарга нарын” гэгддэг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаас сайдын сэнтийд заларч байлаа. Харин өдгөө эдийн засагч мэргэжилтэй С.Чинзориг эрүүл мэндийн салбарыг удирдахаар намынхаа даалгавраар “ирлээ”. Өвөрхангай аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдож, нийгмийн хамгааллын салбарт дэд сайдаар найм, сайдаар дөрвөн жил ажилласан хэрнээ дурсагдахаар гавьяа байгуулаагүй тэрбээр эрүүл мэндийн салбарыг өөрчилнө, хөгжүүлнэ гэх итгэл лав төрөхгүй байна.
Сайд нарыг ийнхүү халж сольсон шигээ салбарт нь өөрчлөлт, шинэчлэл хийсэн бол иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдал одоогийнхоос өөр байх нь гарцаагүй. Харамсалтай нь, үе үеийн эрх баригчид эрүүл мэндийн салбарт, хүн амын эрүүл мэндэд төдийлөн ач холбогдол өгсөнгүй, анхаарал тавьж ирсэнгүй. Өөрсдөд нь эрүүл мэндийн асуудал тулгарвал улс дамнан нисээд эмчлүүлчихдэг тэдэнд иргэний бие өвдөх, эсэх нь падгүй гэлтэй. Улмаар тус салбарыг намын “тавиулууд”-аар удирдуулсан нэр зүүлгэж, “самруулж” ирсний төлөөсийг монголчууд хэдий болтол эрүүл мэндээрээ нөхөх вэ.