“Хар алт”-ны томоохон импортлогч БНХАУ-ын эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэн, ам.долларын индекс сүүлийн долоон сар гаруйнхаа доод түвшинд хүрснээс шалтгаалж газрын тосны үнэ өмнөх долоо хоногт өнгөрсөн аравдугаар сараас хойш байгаагүйгээр өслөө. АНУ-д 2022 оныарванхоёрдугаар сард инфляцын түвшин сүүлийн хоёр жил хагасын хугацаанд анх удаа доошилсон үзүүлэлт гарсан бөгөөд Холбооны нөөцийн сан бодлогын хүүг нэмж буй хурдаа сааруулж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байгаа аж. Тэгвэл хязгаарлалтаа цуцалсантай холбоотойгоор дэлхийн хоёр дахь том эдийн засагтай урд хөршийн газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт, замын хөдөлгөөн нэмэгдсэн гэнэ.
Баасан гарагт “Brent” маркийн нефтийн фьючерс ханш 1.5 хувиар дээшилснээр баррель нь 85.2 “ногоон”-той тэнцлээ. Мөн WTI маркийн нефтийн үнэ 1.9 хувиар өсөж, баррель нь 79.8 ам.доллартой тэнцсэнийг “Reuters” дамжуулав. Ташрамд дурдахад, ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) болон ОХУ зэрэг үйлдвэрлэгч улсын төлөөлөл ирэх сард уулзаж, зах зээлийн нөхцөл байдал, нийлүүлэлтийн талаар хэлэлцэн, шийдвэр гаргах юм.