Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ цар тахалтай холбоотой хэрэгжүүлсэн хилийн хязгаарлалтаа цуцалсан, эрэлт нь өснө гэсэн хүлээлт үүссэнээс шалтгаалж эл таваарын үнэ өнгөрсөн зургадугаар сараас хойш анх удаа тонн нь 9000 ам.долларт хүрснийг “Reuters” дамжуулав. Ам.долларын ханш суларсан нь уг металлын үнэд мөн нөлөөлжээ. Улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч, бодлогын хүү, ам.долларын ханш чангарснаас үүдэн өнгөрсөн жилийн дундуур зэсийн үнэ огцом хямдарсан бол 2023 он гарснаас хойш найм орчим хувиар өсөөд буйг мөн дурдлаа. “Minmetals economic research institute”-ийн шинжээчдийн таамаглаж буйгаар тонн зэсийн ханш 11 000 ам.долларт хүрэхийг ч үгүйсгэхгүй аж.