Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний 466 дугаар тогтоолоор баталсан Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох худалдах, худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг өчигдөр зохион байгуулсныг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. Уг туршилтын дуудлага арилжаагаар худалдах талаас хоёр багц буюу нийт 12 800 тонн нүүрсийг тонн бүрийг нь 1150 юаниар борлуулах санал ирүүлсэн аж. Ингэхэд нэг удаагийн хэлцлээр 16 512 000 юанийн үнийн дүн бүхий хоёр багц нүүрсийг тонныг нь 1290 юаниар арилжсан байна. Өөрөөр хэлбэл, дуудлага арилжаагаар дуудах үнэ 1150 юаниас 1290-д хүрч 12.2 хувиар өсжээ. Энэ талаар “Энержи ресурс”- ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл твиттерт “Манай компани 12 800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуунсухайтын терминалаас нийлүүлэх нөхцөлөөр тонныг нь 1290 юань буюу 187 ам.доллароор борлуулж чадлаа” хэмээн бичжээ.
Бэлтгэсэн Б.Сонор