“Самбуу сан” клубийн тамирчин, спортын мастер О.Баянтуул хүндийг өргөлтийн өсвөр үе, залуучуудын УАШТ-ийцөөнгүй түрүүтэй. Тэрбээр 2019 онд Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолт Улаанбаатар хотод болоход хүндийг өргөлтийн тэмцээнд оролцож, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож байв. Дараа жил нь Узбекистаны Ташкент хотыг зорихдоо өсвөр үеийн Азийн АШТ-ээс гурван хүрэл медальтай эх орондоо ирж, туйванчдын медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Монголын спортын корпорацаас 15 спорт холбоодын нэгдсэн УАШТ-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулахад +87 кг-ын жинд түрүүлж аварга болсон түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Өвөө тань таныг спортоор хичээллүүлэхээр хөтөлж ирэхдээ хүндийг өргөлтийн төрлийг сонгож байсан гэдэг. Үүнийг амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам гэж боддог уу?
-Тийм ээ. Энэ спортоор хичээллэж, тамирчин болсондоо баярладаг. Өвөө нэг өдөр намайг дагуулаад Спортын төв сургууль руу явлаа. Жүдогийн ангид орохоор бүртгүүлтэл хэдийн дууссан ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлтийн төрөл үлдсэн байв. Тэгтэл өвөө “Чамд хүндийг өргөлтөөр хичээллэх нь илүү дээр байх” гэж хэлээд сонгосон юм. Тэр үед жүдогийн багш намайг харчихаад “Чамайг удахгүй авна аа. Чи долоо хоног бэлтгэл хийгээд анги сольж болно шүү” гэв. Хүндийг өргөлтөөр долоо хоног бэлтгэл хийтэл ихэд таалагдаж, ангиа солимооргүй санагдсан. Намайг анх ирэхэд хамт олон минь халуун дотно угтан авч, сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Манай тамирчид одоо ч гэсэн энэ спортоор хичээллэхээр ирсэн хүүхдүүдийг найрсгаар хүлээж авдаг шүү.
-Бэлтгэлийн заалны босгоор алхсан анхны өдөр ямар бодол төрөв?
-Бэлтгэл хийдэг тамирчдын орчин, нөхцөл, хувцас гээд олон зүйл спортоор хичээллэхээр ирсэн надад тун сонирхолтой санагдсан. Түүнээс хойш энэ спортод эргэж буцахааргүй татагдаж билээ. Би тэр үед Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн сурагч байв. Тэнд VIII анги хүртлээ сурч, Спортын төв сургуульд үргэлжлүүлэн суралцсан юм. Хүндийг өргөлттэй нөхөрлөхөөсөө өмнө жүдо бөхөөр хичээллэхээр нэг сар бэлтгэл хийхдээ өөрийгөө дургүй зүйлд хүчээр зүтгүүлээд буймэт сэтгэгдэл төрдөгбайлаа. Бөхийн спортод хүч сорих сэтгэлд нэг л багтаагүй тул дахиж зүглээгүй. Спортын төрөл бүрт хүнийг татах гайхамшиг бий гэж боддог. Зааланд бэлтгэл хийхээр ирэхдээ надтай нас ойролцоо хүүхдүүд байна уу гээд харсан. Тамирчдаас Г.Энэрэл, О.Төгс-Эрдэнэ бид гурав нэгнээсээ нэг насны зөрүүтэй. Бид одоо нэгнийхээ зан чанарыг нь сайн мэддэг болсон.
-Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийнхаа зан чанарыг одоосайн мэддэг болсон биз?
-Би 2017 оноос өнөөг хүртэл хүндийг өргөлтөөр хичээллэж байна. Спортын төв сургуулийн Д.Чинзориг дасгалжуулагчийн удирдлагад хагас жил хичээллэсний дараа Ц.Хосбаяр багшийн удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Багш бэлтгэлийн заалны хаалгыг хэрхэн татаж, орж ирэхээс тухайн өдрийн уур амьсгал мэдрэгдэнэ шүү дээ. Сайхан зантай байвал заал хүртэл дулаан байх жишээтэй (инээв). Багш жил бүр тамирчдаа хэрхэн бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулах төлөвлөгөө гаргадаг. Миний хувьд 2023 онд олон зүйл хийхээр зорьж байгаа. Монголд зохион байгуулах тэмцээнүүдэд амжилттай оролцохоос гадна залуучуудын тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэх зорилго тавиад бэлтгэл сургуулилалтаа шаргуу хийж байна.
-Ямар тэмцээнд анх оролцохдоо тамирчдын өрсөлдөөнийг харж, медаль хүртэх амаргүйг мэдэрсэн бэ?
-2017 оны арваннэгдүгээр сард Т.Самбуу багшийн нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн АШТболоход анх удаа хүч сорив. Олны өмнө гарч байгаагүй болохоор их сандарсан. Өмнөх өдөр нь сэтгэл догдолж, өөрийгөө яаж оролцох бол гэж бодож хоносон юм. Тэр үед тамирчид хэрхэн өрсөлддөг, тэмцээн ямар уур амьсгалтай болдог, үзэгчид хэрхэн хүлээж авдгийг анх мэдэрч байлаа.
-Та түүнээс хойших тэмцээнд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг болов?
-Өмнө нь тэмцээний товлосон хугацаа дөхөх тусам сандарч, түгшээд өөрийгөө хүнд бодлуудаар ачаалж, сэтгэл зүйгээ тайван бус болгодог байлаа. 2020 онд Узбекистаны Ташкент хотод болсон өсвөр үеийн Азийн АШТ-д оролцож ирээд бухимдахаа больсон. Миний хувьд анх удаа хилийн дээс алхаж, гадаадын тэмцээнд өрсөлдөж үзсэн нь тэр шүү дээ. Тэнд дасгалжуулагч Ц.Батзаяа багшийн удирдлагад оролцохдоо 81 кг-ын жинд огцом өргөлтийн төрөлд гурван хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жилийн зун мөн тэнд зохион байгуулсан Азийн АШТ-ий залуучуудын ангилалд 87 кг-д өрсөлдсөн юм. Ташкентэд дахин хөл тавихад тогтож суухын аргагүй халуун байлаа. Монголын туйванчдаас О.Төгс-Эрдэнэ түрүүлж, Азийн аваргаар шалгарсан. Би ирэх жил насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөнө. Намайг спортоор зорьж хичээллэх үеэс гэрийнхэн минь ойлгож, хүсэл сонирхлыг минь дэмждэг болсон. Намайг Азийн АШТ-ээс хүрэл медальтай ирэхэд манайхан баярлаад шагнаж билээ. Тэр үед амжилт гаргаад аав, ээжээсээ авсан хамгийн том бэлэг гар утас байсан даа.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хаанахын туйван ч байсан бол?
-Казахстан, Тайванийн тамирчин. Надтай нас чацуу ч туршлагаар илүү. Багаасаа олон жил хичээллэж, амжилт гаргаж байгаа нь тэмцээний үед анзаарагдсан юм. Тэд эхэндээ эн тэнцүү өрсөлдсөн ч Казахстаны туйванч түрүүлсэн. Тэрбээр техникээ сайтар эзэмшиж, өөртөө суулгасан байв. Түүнтэй өнгөрсөн жилийн тэмцээнд дахин таарахад нэг их ахиагүй санагдсан. Өмнөх тэмцээний захиалгаасаа 10 кг-аар илүү өргөж харагдсан шүү.
-Гэрийнхэн тань хэр спортлог вэ. Таныг дагаад хүчний спортод хөл тавив уу?
-Айлын ууган охин, нэг дүүтэй. Бид 10 насны зөрүүтэй ч үеийн найзууд шиг ойр дотно байдаг юм. Хамаатан саднаасаа спортод хөл тавьсан нь одоогоор би л байна. Ойр дотнын ах дүүс намайг хүндийг өргөлтөөр хичээллэдэг болсноос хойш хэрхэн амжилт гаргах бол гэж тэмцээн сонирхож үздэг боллоо. Бэлтгэл, тэмцээн гээд завгүй явахад найз нөхдийн зарим нь холдож, санаа тавьдаг хэд нь үлддэг юм билээ. Амьдралд юу ч тохиолдсон сэтгэлийн хатаар даван туулах хатуужил, тэсвэрийг спортоос суралцаж байна. Тамирчин болсноор өөрийгөө хөгжүүлж, хүнийг хүндлэхээс гадна үг сонсон, шүүмжлэл дааж сурлаа. Би хөдөлмөрлөж байгаа хүнийг бурхан шагнадаг гэдэг үгтэй санал нэг байдаг. Хүн зорьсон зүйлийнхээ төлөө хичээвэл амжилтад хүрч болдгийг ойлгосон. Эхэндээ амжилт гаргах хол байна даа гэж боддог байлаа. Гэхдээ амархан бууж өгөхийг хүсээгүй. Халширсан үед хамт олон минь сэтгэлийн дэм өгч урагшлуулдаг. Үеийнхээ тамирчдад “Амжилтын тухай анх сонсоход хол санагддаг ч зориод зүтгэвэл ойр байдаг. Дуртай спортоороо шантралгүй хичээллэж, хүсэл мөрөөдөлдөө заавал хүрээрэй” гэж хэлье.