Манай улсын 2022 оны гадаад худалдааны бараа эргэлтийн мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өчигдөр танилцууллаа. Монгол Улс өнгөрсөн жил 161 оронтой худалдаа хийн, гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 21.2 тэрбум гаруй ам.долларт хүрч, 2021 оныхоос 32.1 хувиар өсжээ. Экспортоос 12.5 тэрбум ам.долларын орлого олж, импортод 8.7 орчим тэрбумыг зарцуулж, гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбумын ашигтай гарсан байна. Нийлүүлсэн бүтээгдэхүүний 82.5 хувийг чулуун нүүрс, зэс болон молибдены баяжмал, түүхий нефть, төмрийн хүдэр эзэлж, экспортын орлого жилд 35.7 хувиар ахижээ. Үүнд чулуун нүүрсний худалдааны орлого 3.7 тэрбум, зэсийн баяжмалынх 165 сая “ногоон”-оор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Ийнхүү экспортын голлох бүтээгдэхүүний биет хэмжээ, борлуулалтын орлого ахиснаар АМНАТ-ийн орлого 2.7, уул уурхайн салбараас төвлөрүүлсэн хөрөнгө 4.1 их наяд төгрөгт хүрч, 2021 оныхоос 750 орчим тэрбумаар нэмэгдсэн байна. Энэ нь төсвийн алдагдлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулах нөхцөл болжээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувьд хүрэхээр тооцсон бол оны эцэст эл дүн 2.1 хувиар багассан үзүүлэлт .
Нийт импортын 19.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 11.5 хувийг нь ачааны болон суудлын автомашин, эд анги, механик тоног төхөөрөмж, 2.1 хувийг эрчим хүч бүрдүүлэн, худалдан авалтад зарцуулсан хөрөнгө 2022 онд 8.7 тэрбум ам.доллароос давж, жилд 27.2 хувиар дээшилсэн аж. Импортын хэмжээ ийнхүү өсөхөд хүнсний бэлэн болон нефтийн бүтээгдэхүүн, автомашин, механик тоног төхөөрөмжид төлсөн валют нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн байна. Тухайлбал, шатахуунд зарцуулсан хөрөнгө жилд 591.8, хүнсний бэлэн бүтээгдэхүүнийх 173.9, автомашин, механик тоног төхөөрөмжийнх 16.4 сая ам.доллароор нэмэгдсэн аж. Ташрамд дурдахад, манай улс экспортынхоо 84.3 хувийг БНХАУ-д нийлүүлсэн бол импортын 35 хувь нь урд хөршид, 30 нь ОХУ-д ногджээ.