Гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, хяналтад нь оруулах тухай тогтоолын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өчигдөр өргөн мэдүүлэв. Тэд “Эрдэнэс Тавантолгой”-г Компанийн тухай хуулийн 3.7-д заасны дагуу нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах шаардлагатай гэж үзэж буй аж. Улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өнгөрсөн оныг дуусталх хугацаанд төрсөн, Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд тус компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртэлх хувийг шинээр эзэмшүүлэхээр төсөлдөө тусгажээ. Цаашид иргэн бүрт уг хувьцааг хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах талаар ч тогтоолын төсөлд оруулсан байна.