Цагдаагийн байгууллагаас иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй хотыг бий болгох зорилт, олон улсын “Green zone” туршлагыг үндэслэн “Ногоон бүс” болгох төслийг боловсруулан нэгдүгээр ээлжид Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрийг камерын бүрэн хяналттай хороо болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагын теле хяналтын нэгдсэн төвд холбосон.
Тус хорооны нутаг дэвсгэрт нийт 61 цэгт 145 чиглэлийн камерыг сууриулан ажиллагаанд орсноор өмнөх мөн үеийн байдалтай харьцуулахад гэмт, хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл 48,6 хувиар буурсан эерэг сайн үзүүлэлт гарсан.
Төслийн хамрагдах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тус дүүргийн 2,3 хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд камерын хяналтын ерөнхий зураглал, зардлын тооцооллыг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран 117 цэгт 296 камерын угсралт, гүйцэтгэлийн ажлыг хийж дуусган ашиглалтанд оруулж, цагдаагийн байгууллагын телехяналтын нэгдсэн төвд холбож үйл ажиллагаанд бүрэн оруулсан.
Мөн төслийн хүрээнд телехяналтын нэгдсэн төвөөс гадна дүүргийн цагдаагийн газрын дарга, хороодын хэсгийн байцаагч нар ажлын өрөөнөөс өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн камерыг бүрэн хянаж үйл ажиллагаандаа ашиглах боломжтой болсон.
Чингэлтэй дүүргийн 1,2,3 хороо Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх нийт 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэр камерын бүрэн хяналтанд орж “Ногоон бүс” болсоноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн тэргүүн туршлага болохуйц ажил болсон хэмээн албныхан мэдээллээ.