Манай улс энэ сарын 16-22-нд 1.01 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс зургаа дахин өссөн үзүүлэлт болсныг УУХҮЯ-наас мэдээллээ. Тэгвэл энэ он гарснаас хойш нийт 30.29 сая тонн нүүрс нийлүүлсэн дүн гарчээ. Энэ нь 2021 оны мөн үеийнхээс 90 хувиар илүү гэсэн үг. Түүнчлэн 1.4 сая тонн зэсийн баяжмал худалдсан нь 11.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов. Харин 4.6 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь 35 хувиар бага юм. Төвбанк 2022 он гарснаас хойш энэ сарын 22-ны байдлаар 22.5 тонн алт худалдан авчээ. Эл дүн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 9.4 хувиар өссөн гэнэ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 108 хувийн гүйцэтгэлтэй байгааг мөн дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 168.3, зэсийн баяжмалынх 116.2, төмрийнх 91.1, алтных 112.5, газрын тосных 73.5, цайрынх 137.6, хайлуур жоншных 55.9 хувьд хүрчээ.
Бэлтгэсэн Б.Сонор