-Таныг олж уулзах амаргүй бололтой. Зочноор урьж ярилцахаар хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн ч утас тань холбогдохгүй байлаа.
-Бид өнгөрсөн намар хотоос зайдуу гарч бэлтгэл хийсэн. Тамирчин хүн хичээл зүтгэлээс гадна сахилга баттай байж амжилт гаргадаг. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багш тамирчдаа бэлтгэлийн үед гар утаснаас хол байлгаж, нойр, хоол, амралтад нь анхаарал хандуулдаг юм. Утаснаас хол байхад нийгмийн янз бүрийн мэдээлэлд сатаарч бухимдахгүй, тархи их амардаг. Би айлын отгон охин. Ах, эгч минь өрх тусгаарласан болохоор аав, ээжтэйгээ амьдардаг. Тэдэндээ “Намайг утасдахгүй бол битгий гайхаарай. Бэлтгэлээ хийж байна гэж ойлгоорой” гэдэг юм.
-Шигшээ багийнхан тив, дэлхийн тэмцээнд оролцоод ирлээ. Багшийнхаа эзгүйд дүү нараа удирдаж, найдвартай ар тал болж үлдэх хааяа амаргүй санагддаг уу?
-Хамт бэлтгэл хийдэг тамирчдаа гадаадын тэмцээнд оролцох үед нь медаль хүртчихээсэй гэж сэтгэл догдолж хардаг. Өмнө нь насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс бүгдээрээ медаль хүртсэн тохиолдол байхгүй. Гавьяат тамирчин М.Анхцэцэг эгч л медальтай ирж байлаа шүү дээ. Түүний замнал олон тамирчинд үлгэр дуурайл болж, амжилт гаргах урам зориг өгсөн. Багш, эгч нараа хилийн дээс алхахад бид арын албыг хариуцаж үлддэг. Багш явахдаа “Нэг нэгэндээ битгий найд. Бэлтгэлээ дор бүрнээ хариуцлагатай сайн хийгээрэй. Найдаж, назгайрахаар бэлтгэл үр дүнтэй болдоггүй юм шүү” гэж захидаг. Тиймээс хуваарь гаргаад нэг нь өглөө бэлтгэлийн заал онгойлгож, цаг бүртгэнэ. Нөгөө нь нөхдийнхөө бэлтгэл хэрхэн хийж байгааг хянаж харна. Манайхан эвтэй хамт олон. Нэгнийхээ зовлон, жаргалыг ойлгож, баяр, гунигийг нь хуваалцахаас гадна алдаа, дутагдал гаргавал зөвлөж ярилцдаг юм.
-Та ирэх жил насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх нь. Гадаад, дотоодын тамирчдад шинэ танил болох мөч тань ойртож байна даа.
-Би ирэх жил 21 нас хүрнэ. БНСУ-д ирэх хавар болох насанд хүрэгчдийн Азийн АШТ-д амжилттай оролцож, түрүүлэх зорилго тавьсан. Цаг хугацаа хол мэт санагдавч нэг мэдэхэд өнгөрсөн байдаг. Тиймээс өдөр бүр зорилгоо бодож, өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөх ёстой. Тамирчин хүний амжилтад олон зүйл нөлөөлдөг. Бэлтгэлийн үед сэтгэл зүйгээ тайван байлгаж, нойр, хоол, амралтаа зөв зохицуулах шаардлагатай. Хэнтий аймагт ирэх жилийн нэгдүгээр сарын 7-8-нд насанд хүрэгчдийн УАШТ болно. Надад Дадал сум их таалагдсан. Өмнө нь тэнд өсвөр үе, залуучуудын УАШТ-ийг зохион байгуулахад тамирчид сурагчдын дотуур байрт байрласан юм. Тэр үед хүүхдүүд тэмцээн сонирхож үзэхдээ биднийг дэмжиж, урам өгсөн шүү. Орон нутгаас тус аймгийнхан хүндийг өргөлтийн спортыг сайн хөгжүүлж байгаа. Хөдөөгийн нам гүм, тайванд орчинд тэмцээнд оролцох их сонирхолтой санагддаг.
-Та хүндийг өргөлтийн спортоор хичээллэхээс дургүйцэж, их зугтдаг байсан гэдэг. Хөл тавьсан түүхийг тань сонсох сон гэхээс сонирхол төрөөд байх юм.
-Зарим эцэг, эх охидоо хүчний спортоор хичээллүүлэх дургүй байдаг. Тэгвэл манай гэрийнхэн эсрэгээрээ, намайг харин ч сайн дэмжсэн. Би хичээллэхгүй гэж эхэндээ их зугтсан хүн шүү дээ. 2014 онд сурагчдын зуны амралт эхлэнгүүт пауэрлифтингээр хичээллэсэн. Пауэрлиф тингийн ахмадын ДАШТ-д түрүүлсэн Ц.Маамчулуун ах эмээгийн төрсөн дүү. Түүний удирдлагад бэлтгэл хийдэг байхад манайхан намайг жүдо, хүндийг өргөлтийн аль нэгээр нь хичээллүүлье гэж ярилцсан. Аав хөдөө томилолтоор байнга явчихна. Нэг өдөр зав гаргаад намайг хүндийг өргөлтийн Д.Чинзориг багштай танилцууллаа. Хоёр хоног бэлтгэл хийтэл ер таалагдсангүй. Түүнээс хойш хичээллэхгүй гэж сар зугтсан. Гэрийнхэндээ өглөө нь хичээлдээ явлаа гэж гараад өдөр нь бэлтгэл хийж байна гээд худлаа хэлээд гадуур хэснэ. Аав нэг өдөр багштай яриад намайг очихгүй байгааг мэдчихэв. Орой гэртээ иртэл аав “Бэлтгэл хийхгүй хаагуур дэмий яваад байна. Чи хойшдоо энэ спортоор хоол олж иднэ гэдгийг ойлгоорой” гэхэд нь “Чадахгүй ээ, чадахгүй” гээд хариулж билээ. Тэгтэл сарын дараа хүндийг өргөлтийн тэмцээн болоход сонирхоод үзлээ. Тамирчдын медаль хүртэх баярт агшин, мөн улсынхаа дээд амжилтыг эвдэж, шинэчлэн тогтоолоо гээд зарлуулж байгаа нь их таалагдав. Тэр өдрийн тэмцээн миний бодлыг өөрчилж, хичээллэх хүсэл төрүүлсэн. Маргааш нь бэлтгэлийн заал руу цүнхээ үүрээд дуртай алхаж байснаа мартдаггүй.
-Эргээд ирэхэд тань Д.Чинзориг багш их баярласан байх даа.
-Багшийн удирдлагад бэлтгэл хийхээр анх ирэхдээ би 12 настай байсан. Тэр цагаас үеийнхээ найз нөхөдтэй тоглож, баяр ёслол хамт тэмдэглэх зав гараагүй. Өсвөр насандминьнамайгаав, ээж бус, багш, хамт бэлтгэл хийдэг ах, эгч нар хүмүүжүүлсэн гэж боддог. Тэр үед хүүхэд байсан болохоор найзуудаа их санаж, үгүйлдэг сэн. Инээлдээд гүйж яваа хүүхдүүдийг хараад тэдэн шиг тоглох сон гэж атаархдаг байж билээ. Бэлтгэл, тэмцээнтэй завгүй гүйхэд үеийн нөхөд сүүлдээ “Хамт тоглож, кино үзэх үү, төрсөн өдрөө тэмдэглэх үү” гэж асуухаа ч больсон. Би ах, эгчээсээ олон насны зөрүүтэй болохоор аав, ээждээ эрх өссөн. Өмнө нь өвөө, эмээ дээрээ өдөр бүр очдог байсан би тамирчин болсноор амралтын өдөр л зочилдог болов. Гэрийнхэндээ эхэндээ “Би та нартай хамт салхинд гаръя. Өвөө, эмээ дээрээ очмоор байна” гэж гомдоллодог байлаа. Залуу хүн үргэлж завгүй явна гэж юу байх вэ. Өнгөрсөн жилээс өөртөө зав гаргаж, найзуудтайгаа хааяа нэг уулздаг болсон шүү.
-Та 2018 онд гадаадын тэмцээнд цөөнгүй оролцсон санагдана. Тамирчдад хилийн дээс алхсан анхны сэтгэгдэл мартагдахааргүй дурсамж болж үлддэг юм билээ.
-Узбекистаны Үргенч хотод 2018 онд болсон өсвөр үеийнхний Азийн АШТ-д оролцохдоо өөрийгөө ур чадвараар хаана явааг ойлгосон юм. Тэнд тэмцээн эхлэхийн өмнөх шөнө сэтгэл догдлоод унтаагүй. Гадаадын тэмцээнд анх удаа өрсөлдсөн болохоор сандарч тэвдээд медаль хүртcэнгүй. Тэндээс Монголд урамгүйхэн ирж, маргааш нь “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор Тайланд улсыг зорьсон. Тамирчдад тэмцээний үед хөгжилтэй зүйл их тохиолдоно. Монголоос ядарч очсон тул байрласан буудалдаа ороод юу ч бодолгүй унтсан. Тэгтэл зочидбуудлын ресейпшн “Тэмцээнтэй шүү, оролцоорой” гээд сануулж залгаад байв. Намайг утас авахгүй болохоор сүүлдээ хаалга тогшиж сэрээгээд “Тэмцээн болох гэж байна, хурдлаарай” гээд дагуулаад явж билээ. Тэр тэмцээнд Малайзын тамирчин түрүүлсэн. Х.Одхүү багш тэмцээний өмнө “Чи түүнээс илүүг түлхэж байж медаль хүртэнэ шүү дээ” гэв. Би эзэн орны тамирчныг ялж, Узбекистанд авч чадаагүй хүрэл медалийг Тайландад хүртчихээд их баярласан. Багш ч миний бэлтгэлд анхаарал хандуулж их хичээсэн. Тус тэмцээний дараахан Аргентины Буэнос-Айрес хотод болсон залуучуудын олимпын наадамд оролцсон юм. Тэнд жиндээ өрсөлдсөн 12 тамирчнаас долдугаар байрт жагссан даа.
-Дараа жил нь та Монголын туйванчдаас АНУ-ын Лас-Вегаст болсон өсвөр үеийнхний ДАШТ-д оролцож, хүрэл медаль авсан шүү дээ.
-Тийм ээ.Тэнд хөл тавихдаа “Би залуучуудын олимпын дэвжээнд гарч үзсэн хүн шүү. Эх орондоо заавал медальтай очно” гэжбодож байлаа. Тэр жил бэлтгэл хийгээд хичээлдээ бүтэн улирал суугаагүй. Намайг амжилт гаргана гэжолон хүн итгэсэн болохоор медальгүй буцах эрх байгаагүй. Хичээж, зорьсны эцэст ДАШТ-ээс хүрэл медальтай ирж, багш, аав ээж, хамт олон, найз нөхдөө баярлуулсан. Тэр тэмцээнд хоёр дахь оролтоор 104 кг-ыг өргөхгээдалдахад ард Эквадор улсын туйванч миний жинг өргөж, хүрэл медалийн болзол хангачихлаа. Надад медаль хүртэхэд ганцхан оролт үлдсэн байв. Тиймээс Х.Одхүү багштайгаа ярилцаад 105 кг-ыг захиалж өргөөд медалийн тавцанд зогссон. Тэмцээний өмнө би багшдаа өөрт төрж байгаа мэдрэмжээ заавал хэлдэг юм. Багш эхлээд 105 кг-ыг захиалахад “Бие минь нэг л сонин байна. 105 кг-ыг өргөж дийлэхгүй байх. Захилгаа буулгаад 101 кг-аар эхлүүлье” гэсэн юм. Би медалийнхаа дийлэнхийгнь түлхэлттэй өргөлтөөр хүртсэн.
-Ойрын үед шилдгүүдээс хэний амжилтыг судалж байна вэ?
-Би үеийнхнээсээ 2018 онд залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Узбекистаны тамирчны амжилтыг сонирхож судалдаг. Тэрбээр миний жинд өрсөлддөггүй л дээ. Гэхдээ бид тэмцээн бүрт тааралддаг болохоор нэгнийгээ танина. Түүнийг ирэх жилийн тэмцээнүүдэд жин өгсөж өрсөлдөх болов уу гэж бодож байгаа. Азийн туйванчдаас өмнөд хөршийнхөн маш хүчтэй. Сүүлийн үед Вьетнамын тамирчид хүч түрэн орж ирж байна. Япон, БНСУ-ын тамирчид техник сайтай. Тэд тэмцээнд нэг их хүч гаргахгүйгээр амархан өргөж байгаа харагддаг. Улс бүрийн тамирчид өөрийн гэсэн онцлогтой. Тэмцээний үед гаргаж буй сэтгэл хөдлөл нь хүртэл өөр. Би сэтгэлийн хөдөлгөөнтэй, түргэн зантай, бас хөгжилтэй. Багш дэвжээнд гаргаж байгаа миний үйл хөдлөлийг харчихаад “Чи наад хөдөлгөөнөө дахиад нэг гаргаач, харъя даа” гэдэг юм. Гэртээ аав, ээжтэйгээ байнга хөгжилдөх дуртай. Тэднийгээ цаашлуулж “Миний тэтгэврийн хөгшчүүд ээ, би та нартай адил нас дээр гарлаа. Нэг нэгнээ зарахгүй шүү” гэхээр инээлддэг юм. Намайг гэрт байхгүй үед манайхан их уйддаг гэсэн.
-Залуу хүний хувьд хүсэж, мөрөөддөг зүйл олон бий гэдэгт эргэлзэхгүй байна.
-Надад мөрөөддөг зүйл олон. Дэлхийн аварга болно, олимпын наадмаас медаль хүртэнэ гээд цааш үргэлжилнэ шүү дээ. ҮүнээсгаднаЯпонд амьдарч, суралцахыг хүсдэг. Тэнд тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийхдээ улсынх нь хөгжлөөр их бахархсан. Амарсан үедээ аниме үзэх дуртай болохоор зураач болохыг мөрөөддөг юм. Би чөлөөт цагаараа БНСУ-ын BTS хамтлагийн дууг их сонсдог. Би хэрвээ олимп, дэлхийн аварга болчихвол фэнийх нь хувиар тэдний нэгэнд медалиа бэлэглэж, уран бүтээлийг нь мялаана гэж боддог.
-Хүндийг өргөлтийн спорт таныг хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлэв?
-Би хүндийг өргөлтөөр анх хичээллэхээр ирэхдээ бусдад амархан бууж өгөхөөргүй ширүүн зантай охин байсныг хамт бэлтгэл хийдэг байсан ах, эгч нар хожим хэлж билээ. Тамирчин болж, хамт олноосоо суралцаж, олон зүйл сурсан. Жил бүр хүсэл, мөрөөдөл, үзэл бодол минь өөрчлөгддөг ч өмнөхөөсөө илүү тайван, хүлээцтэй болж байгаагаамэдэрдэг.
-Тэмцээнд оролцохоор хөл тавьсан орнуудаас ямар улс хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн бол?
-АНУ-ын Лас-Вегас хот сайхан санагдсан. Тэнд бүх зүйл нээлттэй, хүн болгон эрх чөлөөтэй, казино хөгжсөн гэдгээрээ зугаа цэнгэлийн орныг өөрийн эрхгүй санагдуулж билээ. Тусхотодтамирчдын байрласан буудлын нэгдүгээрдавхарт өсвөрийн үеийн ДАШТ-ийг зохион байгуулсан юм. Бидэнд тэмцээний өмнө тухайн орны хөгжил, түүх соёлтой танилцах зав гардаггүй. Харин тэмцээн өндөрлөсний дараа хоттой танилцаж, хөгжлийг нь сонирхдог юм. Надад Грек улс их таалагдсан. Залуучуудын ДАШТ-д оролцохдоо байрласан буудлынхаа цонхоор далай харж зогсох сайхан санагдсан шүү.
-Бид шинэ оны өмнөхөн яриа өрнүүлж байна. 2023 оныг хэрхэн угтаж авахаа төлөвлөсөн үү?
-Шинэ жил хүн болгоныг догдлуулдаг хамгийн сайхан баяр шүү дээ. Чимэглэсэн гацуур моддыг харах тусам өөрийн эрхгүй баяр, хөөр төрдөг. Энэ жил манай шигшээ багийнхан азтай, одтой, хийморьтой байлаа. Тэдний тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн амжилт бидэнд урам зориг өгч, ирэх жил зорилгодоо хүрэх эрч хүч хайрласан. Энэ ташрамд, бидний амжилтын төлөө өөрийгөө умартаад бүхнээ зориулж хөдөлмөрлөдөг багшдаа, мөн хамт бэлтгэл хийдэг тамирчдадаа, намайг дэмжиж, найдвартай ар тал болж ирсэн аав, ээж, ах дүүс, найз нөхөд, “Хилчин” спорт хорооны хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлээд шинэ оныг амжилт дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай угтаарай гэж ерөөе.