Газрын тосны хайгуулын таван талбайд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан тухай АМГТГ-аас мэдээллээ. Тодруулбал, газрын тосны хайгуулын Номгон IX, Төхөм X хойд, Цагаан элс XIII, Зүүнбаян XIV, Дарьганга XXIV талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэлх хоног байдаг аж. Эдгээр талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллагаас зарлах юм байна. Сонгон шалгаруулалтад дотоод, гадаадын аж ахуйн нэгж, хуулийн этгээд оролцох боломжтой. Үүнд оролцохдоо сонирхсон талбайн сонгон шалгаруулалтын багц материалыг худалдан авч, Газрын тосны тухай хуулийн 20.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн, захиалгын материалаа ирүүлэх ёстой гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор