-Үеийнхээ охидыг жүдогоор хичээллэхийг хараад энэ спортод сэтгэл татагдсан уу?
-Би эхэндээ дуртай байгаагүй. Ээж “Чи жүдогоор хичээллээд үзээч, амжилт гаргах ч юм бил үү” гэсэн санал тавьж, Спортын төв ордон руу дагуулаад явлаа. Бэлтгэл хийхээр ирсэн анхны өдрөө өнгө өнгийн бүстэй хүүхдүүдийг хараад хэзээ тэдэн шиг барилдах бол гээд гайхаж зогссоноо мартдаггүй юм. Анхбаяр багшийн шавь болж, дэвжээнд кимоно өмсөөд гарах тун сонирхолтой санагдав. Үеийнхэнтэйгээ өдөр бүр бэлтгэл хийх тусам жүдод өөрийн эрхгүй татагдсан. Би тэр үед III ангийн сурагч байлаа. Түүнээс хойш энэ спорттой зургаан жил нөхөрлөжээ.
-Тамирчдад шагналын салхи хагалсан анхны медаль нь мартагдахааргүй дурсамж үлдээдэг юм билээ.
-Тийм ээ. Эхний хоёр жил “Өрсөлдөгчдөө амархан ялагдахгүйн тулд бэлтгэлээ сайн базаая” гэж боддог байв. Гурав дахь жилээс нь тэмцээнд оролцож эхэлсэн. Хааяа тэмцээнд барилдаж уначихаад шарандаа уйлчихна. Улаанбаатар хотын АШТ-д анх удаа өрсөлдөж түрүүлээд их баярласан. Алтан медалиа харах тусам урам орж, дахиад аварга болох сон гэж хүсэж, хичээсэн. Ховд аймагт 2019 онд зохион байгуулсан өсвөр үеийнхний УАШТ-д оролцохдоо их сандарсан. Аваргын тө лөө өөрийгөө ба рилдана гэж огт төсөөлөөгүй. Надтай уч раа таарсан жүдочдоос Хөвсгөл аймгийн тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байв. Тэрбээр маш хурдтай, хүч тэй, сайн барилддаг. Намайг яах ийхийн зуургүй тонгорч, хойш нь саваад шидчихсэн. Түүнд амархан ялагдсандаа итгэж ядаад бүр гайхаж билээ. Тэр мөнгөн медаль олон зүйлийг ухааруулж, хөдөөгийн тамирчдын хүчтэйг мэдрүүлсэн тул өмнөхөөсөө илүү бэлтгэл хийж, амжилт гаргах ёстойг ойлгосон юм.
-Ховд аймгаас мөнгөн медальтай ирэхэд сургуулийнх нь багш нар, ангийн нөхөд нь баяр хүргэж угтсан байх.
-Хичээлдээ суухаар иртэл ангийн багш, хамт олон минь “Чи үнэхээр сайн барилдлаа. Алдаанаасаа суралцаж, дараагийн тэм цээнд аварга болоорой” гэж урам хайрласан шүү. Тэд намайг сайн ойлгож, дэмждэг. Тэмцээнтэй өдрүүдэд “Хичээлдээ хэд хоног сууж чадахгүй нь. Дараа нь яаж нөхөж бичих вэ” гэж сэтгэл зовниход “Тэмцээндээ анхаарал хандуул. Энэ удаа ч гэсэн амжилт гаргаад алтан медаль хүртээрэй” гэдэг. Ангийн охин Т.Эрхсаран эхэн үедээ “Чи ямар мундаг барилддаг юм бэ. Хаана, ямар клубт хичээллэдэг вэ” гэж сонирхож асуудаг байсан бол өнгөрсөн жилээс жүдогоор хичээллэсэн. Тэрбээр одоо “Боржигон” клубт бэлтгэл хийдэг. Бид 48 кг-ын жинд хүч сорьдог юм. Ангийн нөхдөөс гадна аав, ээж минь жүдод хөл тавьсан анхны өдрөөс өнөөг хүртэл тууштай дэмжсэн.
-Байнга түрүүлнэ гэж юу байх вэ. Тамирчид алдаанаасаа суралцаж, амжилтын төлөө урагшилдаг шүү дээ.
-Надад алдаа, оноо, сургамж болсон барилдаан аль аль нь бий. Улаанбаатар хотын АШТ-д хоёр дахь удаагаа зодоглохдоо өмнө нь хождог байсан өрсөлдөгчдөө ялагдчихаад өөрийгөө болоогүй байна даа гэж их голсон. Өөртэйгөө ажиллахгүй байсаар торгуулиар хожигдсон тул 2020 оны УАШТ-д заавал түрүүлнэ гэж зорилго тавиад аварга болж байв. Жүдогоор хичээллэсэн цагаасаа хөмрөх, хутгах, тохох мэх сурлаа. Өрсөлдөгчдөө буулгаж авдаг миний дархан мэх. Миний жингийнхнээс Орхон аймгийн “Хангарьд” клубийн өндөр, биерхүү нэг тамирчин их хүчтэй. Түүнтэй барилдах хэцүү. Тиймээс арга барил, техникийг нь судалсан юм. Миний хувьд бяраар дийлэхгүй тул ухаан гаргаж барилддаг. Даагаа нэхэж, аваргын төлөө барилдан, хөл мэхээр хожиход өмнөх ялагдал байн байн бодогдож байв. Монголын жүдо академийн багш нар хүүхэд болгонтой нэгбүрчлэн тулж ажиллан, өөрийнх нь зан чанар, барилдааных нь онцлог, давуу байдалд тулгуурлаж бэлтгэл хийлгэдэг нь амжилт гаргахад их нөлөөлдөг шүү.