Автомашинаар зорчиж явсан иргэд цасан суусан гэх таван дуудлага энэ сарын 12-13-нд нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, тэдгээрийн дагуу үүрэг гүйцэтгэжээ. Багануур дүүр¬гээс гурав, Багахангайгаас нэг, Төв аймгаас ийм хоёр дуудлагыг иргэд онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Үүний дагуу газар дээр нь очиж 68 иргэнийг осгох, хөлдөх аюулаас аварсан аж. Тэдний найм нь хүүхэд байжээ. Тухайлбал, Багануур дүүргийн Нарийны ам хэмээх газарт “Портер”, “Приус” загварын хоёр автомашины шатахуун дуусаж, цасанд суусан байжээ. Онцгой байдлын алба хаагчдыг очиход 22-48 настай гурван хүн, 0-15 насны таван хүүхэд осголтын байдалд байсан аж. Тэднийг аюулгүй газарт хүргэж, автомашиныг нь цаснаас татан гаргажээ. Мөн Багахангай дүүрэгт “Ниссан” загварын автомашинтай, 20-36 настай гурван хүн, нэг хүүхэд цасанд суу¬сан байхад нь тусламж үзүүлсэн гэнэ. Төв аймгийн Эрдэнэ сумд хоёр нялх хүүхэд, насанд хүрсэн гурван хүн, Мөнгөнморьтод хоёр иргэн осголтын байдалд байхад нь аварчээ. Түүнчлэн Эрдэнэ сумд байрладаг Өвөр Жанчивлангийн сувилал руу 49 хүн тээвэрлэж явсан автобус цасанд суусан байсныг татан гаргаж, иргэдийн аюул¬гүй байдлыг хангасан байна. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас автомашин цасанд суух, улмаар иргэд осгох, хөлдөх эрсдэлтэй тул хол замд гарах хүмүүс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг ханга¬хыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүл¬лээ. Ташрамд дурдахад, Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өдгөө манай орны нийт нутгийн 51.6 хувьд нь цасан бүрхүүл тогтоод буй аж.