-Та “Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Хэрлэнгийн домог” зохиол нь нэн эртний монгол чуудын галав ертөнцийн мессежийг дамжуулсан уу” сэдвээр илтгэл тавилаа. Маш сонирхолтой санагдав. Илтгэлийн тань товчийг уншигчдадаа хүргэмээр байна.Ярьж өгөх үү?
-Энэ нь Америкийн нэрт виолончельч Ёо Ёо Ма-д зориулан бичсэн, морин хуурын гоцлолтой, уртын дуутай, гурван валторн, гурван трамбон, нэг төгөлдөр хуур гээд нийт есөн нэгж хөгжмийн зэмсэгжүүллийн бүрэлдэхүүнээр авч бичсэн зохиол юм. Яагаад есийг сонгосон бэ гэхээр энэ бол монголчуудын ертөнцийг үзэх үзэл, өнгөрсөн, одоо, ирээдүй цаг, эцэг эх, хүү гурав, тулгын гурван чулуу, сүлд хиурт байх галын бадмалсан дөл, бэлгэ ерөөлтэй холбоотой. Есийн тооны бэлгэдлийн тухай бүгд мэднэ шүү дээ. Гэхдээ Б.Шарав бол ингэж зэмсэгжүүллийг есөөр авсан онцлог нь “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэнээр есийн бэлгэдлийн тухай бөгөөд: “Тангадын хаан бурхан Чингист бэлэг барихдаа:
Есөн есийн наян нэгэн алт мөнгөн аяга сав,
Есөн ес наян нэгэн агтас тэмээд,
Есөн ес наян нэгэн нугууд охид,
Есөн ес наян нэгэн бусад зүйлийг бэлэг бариваа” гэсэн байдгаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл: монголчууд 81 хоногийн хүйтнийг давж, урин цагтай золгодог бөгөөд тэр урт хугацааг хэрхэн туулдаг байсан талаар ихэд бодож, бүтээлдээ тусгасан байна гэж үзсэн. Одоогийнх шиг нүүрс, цахилгаан гэж байсан биш. Аргал, сайн л бол мод түлж гэрээ дулаацуулдаг байсан хүмүүс өвлийн шөнийн уртыг үлгэр туульсаа ярьж, ерөөл магтаал хэлж өнгөрөөдөг байсныг одоогийн хүмүүст, ялангуяа өрнөдийнхөнд хөгжмийн хэлээр ярьж өгсөн юм болов уу. Энэ зохиол хэмнэлээр гайхалтай. Хөгжмийн зохиолчид ихэвчлэн 4/4, 4/3, 4/2 гэхчлэн хэмнэлд л бичээд байгаа. Эхнээс нь дуустал тэр хэмнэлээрээ л хөгжим нь дуурьсдаг. Гэтэл Б.Шарав нэг такт дотор 4/14, 4/15 гэдэг хэмнэлүүдийг 32-т хэмнэлээр аяараас чангарауу 134 ноотыг төгөлдөр хуурын арпеджиогоор оруулсан нь өөр хаана ч байхгүй шинэлэг зохиомж болсон. Үүгээр юу харуулсан гэхээр, ерөөсөө монголчууд тал нутгийн уужуу тайван, хязгааргүй орчлон, орчинд хязгааргүй хэмнэлийн дунд амьдарч байдаг гэдгийг хэлэх гэсэн санаа юм. Б.Шаравын “Хэрлэнгийн домог”-тоо гаргасан гол концепц нь монгол хүн гэж хэн юм бэ, хаанаас ирсэн юм, хэдэн зуун галавын тэртээгээс яаж амьдарч ирсэн юм гэдгийг хөгжмийн хэллэгээр гаргасан. Тэгэхээр монгол хүн гэж хэн бэ, тэд хаанаас ирсэн бэ, тал нутаг гэж юу вэ гэдгийг монголчуудын түүхнээ: Өргөн голыг гаталж Эргүнэ гүнд ирэхдээ ан гөрөө хийн амьдарч, тэндээ багталцахаа больж, далан бухын арьсаар хөөрөг хийн хад чулууг хайлуулан байж тал газар гарч мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн түүхийг “чөлөөт хэмнэлээр” илэрхийлэхийг зорьжээ. Ингэхдээ хөгжим эхлэнгүүт сонирхолтой нэгэн жингэнэсэн дуурьслыг галав ертөнцтэй холбосноороо монголчууд галав галавын тэртээгээс ертөнцийд бууж ирсэн үү, ингэхдээ тэдгээр Цэрдийн галав, Юрийн галав, Дөрвөн, бага галав гэхчлэн түмэн галавыг туулж ирсэн үү гэдэг мессежийг бидэнд дамжуулсан. Тэр бүгдээс өнөөг хүртэлх хугацаанд монголчууд энэ л тал нутагтаа, ийм л хэмнэл дунд амьдарсаар ирсэн тухай мессежийг өнөөгийн бидэнд дамжуулсан гэж үзсэн.
-Агуу санаа, дүгнэлт юм аа Энэ бүтээлийг 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын нээлтийн үеэр тоглуулсан байх аа?
-Тийм ээ. АНУ-ын Чикаго хотын концертын их танхимд тоглогдсон бичлэгийг олж авсан. Хөгжимчдийн дээр дурдсан бүрэлдэхүүн тоглож, алдарт виолончельч Ёо Ёо Ма морин хуураар гоцолж, уртын дууч Г.Хонгорзул дуулсан.
-Ер нь Б.Шарав гуай бүтээлүүддээ монголчууд ямар үндэстэн бэ?, Монгол гэж ямар улс орон юм гэх зэрэг ойлголтыг шингээж өгөхийг ихэд хичээдэг, үйл ажиллагааныхаа жанжин шугам байлгадаг хөгжмийн зохиолч байжээ гэж бодогдож байна. Та юу гэж хэлэх вэ?
-Санал нэг. Тэр нь олон талаар харагддаг. Энэ эрдэм шинжилгээний хуралд Унгар Улсаас мэндчилгээ дэвшүүлэн оролцсон хүн бол: Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхийлөгч доктор, профессор Агнеш Бирталан, Испанийн хөгжмийн зохиолч Хуан Луис Гутьеррес Мартинес, Мадридын Хөгжмийн дээд сургуулийн Төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч Марта Торрес, БНСУ-ын Монгол Судлалын Холбооны тэргүүн Пак Су Хён, мөн Япон, БНХАУ, тэр дундаа ӨМӨЗО, ОХУ-ын Буриадаас монгол судлаачид, хөгжмийн зүтгэлтнүүд мэндчилгээ ирүүлснээс харахад л Б.Шарав бол олон Улсад Монголын нэрийг таниулсан хүн юм гэдэг тодорч байгаа юм.
-Та Б.Шарав гуайн томоохон бүтээлийг судалж, шинжилгээ хийсэн байна. Та ер нь түүнийг хэзээнээс мэдэх вэ?
-Би Шарав гуайтай хэзээ, хэрхэн танилцаж, хөгжим, бүтээлийг нь сонсож эхэлсэн бэ гэхээр, олон жилийн өмнөх явдлыг ярих болно. 1980 онд А.Энхтайван, Г.Эрдэнэбат, Д.Ганхуяг бид хэд уралдаант шалгалтад тэнцээд тухайн үеийн ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцахаар явсан юм. Очоод нэгдүгээр курст орохоор болоод байж байтал Алма-Ата хотын С.Курмангазын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд сурч байсан миний дүү Оюунчимэг утасдаад, “Москвагийн Консерватори-д шалгалт авч байгаа гэнэ, очоод, шалгалт өгөөд үзээч” гэв ээ. Тэгэхээр нь явахаар шийдээд, харин яаж гэдгээ сайн мэдэхгүй байлаа л даа. Свердловск тухайн үед хаалттай хот байсан болохоор оюутнуудын паспортыг хураагаад авчихсан байв. Монголчуудаасаа тусламж авах санаатай нэг өрөөний хаалга тогшиж ороход Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг гурав хөгжим тоглоод, яриад сууж байлаа. Учраа хэллээ. Эцэст нь одоо манай энэ сургуулийн онолын тэнхимийн эрхлэгч Ч.Энхбат, хөгжмийн зохиолчоор сурч байсан Ц.Чинзориг хоёр галт тэргэнд суулгаж өгөхөөр боллоо л доо. Тэр үед Шарав гуай надаас “Чи Хөгжим бүжгийн сургуульд хэдэн жил сурсан юм” гэж асуулаа. Тэгэхээр нь би “12 жил” гэсэн чинь “За, за, чи тэгвэл Европын хөгжмийг А, Б-гүй мэдэх юм байна. Цаашид монгол хөгжмөө сайн судлаарай” гэлээ. Тэгснээ араас нь нөгөө хоёрт “Наадахдаа данхтай ус өгч явуул” гэдэг юм байна. Би гайхаад “Яах юм бэ, хэрэггүй, би данх авч явахгүй” гэхэд “Хэрэг нь гарна аа” л гэлээ. Тэгсэн өнөөх хоёр маань гал тэрэгний буудал дээр гаргаж өгөхдөө үнэхээр данхтай ус аваад ирж. Би гайхсан хэвээр. Тэгтэл галт тэрэг ч хөдлөх боллоо, “Май” гээд гарт бариулав, би ч аваад орлоо. Гэтэл ус үнэхээр хэрэг болсон. Паспорт байхгүй, дотоодын галт тэргэнд суучихсан, ууж, идэхээ ч сайтар базаагаагүй надад тэдний өгч явуулсан данхтай ус ам цангахад минь үнэхээр хэрэг болж билээ. Ингэж танилцсан хүмүүс. Б.Шарав гуай надаас Хөгжим бүжгийн дунд сургуульд хэдэн жил сурсныг асууж байхдаа “Чи яваад эргэж ирэхгүй юм байна л даа” гэж байсан юм. Үнэхээр буцаж очоогүй. Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн оюутан болчихсон.
-Хөгжим судаачийн ангийн уу?
-Товчлоод хэлэхэд хоёр мэргэжлээр давхар суралцахад хүрсэн. Хөгжим судлаачаар суралцахаар шалгалт өгөөд тэнцээд очтол, араас манай улсын Соёлын яамнаас ”Гобой хөгжимчин мэргэжлээр сургуулиа онц төгссөн хүүхдийг энэ чиглэлээр нь сургаж өгнө үү” гэсэн бичиг илгээсэн болохоор тэд дур мэдэн мэргэжлийг өөрчилж чадахгүй байсан. Ингээд Судлаачийн мэргэжлийн багш минь ЗХУ-ын Төрийн шагналт, Лениний шагналт, доктор, профессор, хөгжмийн онолын тэнхмийн эрхлэгч Ю.Н.Холопов гэдэг хүн байсан. Тэр хүн л намайг судалгаа хийх, судлаач байх, судалгааны арга зүй, номонд хорхойтуулсан хүн. Ном унших дуртайг минь мэдээд, Лениний нэрэмжит номын сан дахь доктор, профессорууд үйлчлүүлдэг танхимд унших эрх авч өгч байлаа. Янз бүрийн аргаар мэдлэг тэлэх гэж зорьдог байв. Нэг удаа намар хөгжмийн онолын хичээлээр динозаврын музей үзүүлэв ээ. Би “Хөгжмийн онолтой энэ ямар хамаатай юм бол” гэж бодоод гайхаад л байлаа. Хотоос их хол явж, ашиглалтад ч ороогүй байсан музейн үзмэрүүдтэй танилцаад буцаж явахдаа багшаас энэ хичээл хөгжмийн онолтой ямар холбоотой юм бол? гэж асуулаа. Тэгэхэд “Чи төгссөнийхөө дараа л ойлгох байх” гэсэн. Ер нь ном унших, судлах, бас бичих дуртай байсан минь л хөгжим судлах чиглэлд хөтөлсөн л дөө.
Харин би 1997-1999 онд Докторын дараах сургалтаараа Шанхайн Хөгжмийн дээд сургуулийн онолын тэнхимд, хөгжим судлаач мэргэжлээр “эртний хөгжмийн математик онолын чиглэлээр” профессор Чен Ин Ши-гийн удирдлага дор дорнын хөгжмийн онол зүйгээс их зүйлийг сурч мэдсэн. Түүний дараа 2005-2013 онд Индиана Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимд зочин судлаачаар мэргэжил дээшлүүлэхдээ өрнийн судалгааны арга зүйг Доктор профессор Кристофер Атвуудын удирдлага дор судалгааны арга зүйн талаар их зүйлийг сурч мэдсэндээ маш их баярлаж явдаг. Ер нь миний энэ нэг насанд надтай тааралдсан багш бүхэн амьд бурхад байсан нь тэнгэрийн илгээлт гэж би боддог.
Ер нь миний судалгаа хийх хүсэл бүр дунд сургуулийн 5-6-р ангид 1970-д оны үеэс эхэлсэн гэж би боддог. Учир нь тэр үед ХБД сургуульд сурч байхдаа дүүгийнхээ хамтаар Вьетнам, Солонгос, Япон, Энэтхэг дуунуудыг сураад Хүүхдийн пеонерийн ордонд очиж хүүхүүдэд зааж өгдөг байлаа. 1978 оны үед Хөгжим бүжгийн дунд сургуулийг гобой хөгжимчин мэргэжлээр төгсөөд хойд хөрш рүү дээд сургуульд явах гэтэл нэг айлын хоёр хүүхдийг нэг дор улсын зардлаар гадаадад сургахгүй гээд намайг Улсын Филармонийн симфони найрал хөгжимд хуваарилсан. Ингээд Ц.Намсрайжав багшийн удирдлага дор гобой хөгжимчнөөр ажиллах болсон юм. Тэнд хоёр жил ажиллах хугацаандаа хөгжмийн талаар өгүүлэл бичиж “Соёл” сэтгүүл, “Үнэн” сонинд нийтлүүлдэг байлаа. “Морин хуурын үүсэл хөгжил”, пентатоникийн хөгжмийн онолын тухай “Жаран эгшгийн зарлиг” гэх зэрэг материалыг хүмүүс уншсан байжээ. Түүнээс болсон уу, Ж.Бадраа гуай намайг нэг өдөр дуудаад “За, би чамайг социалист уралдаанд “халамжлан хүмүүжүүлэгчээр авсан” шүү. Чи харин номоо сайн уншиж, юмаа сайн бичээрэй гээд унших даалгавар их өгдөг байлаа. Унш гэсэн болгоныг нь уншсаар байтал судлах ажилд дуртай болсон гэж боддог. Ер нь их сонин манай аав Лувсанноров гэдэг хүн байсан МУИС-ийн хэл бичиг утга зохиолын ангийг төгсөөд байтал Хөвсгөл аймагруу багшаар хуваарилсан юм билээ. Тэнд аав минь багшаар очихдоо МУИС-ийн доктор профессор Ч.Дагвадорж багшийг 5-р ангид байхад нь монгол хэл, утга зохиолын хичээл зааж байсан төдийгүй, тэр үеэс Хотгойдын бөх босоо Гэндэний охин миний ээж Занданбалтай танилцан гэр бүл болсон байдаг. Ингээд нутаг хошуу, удам угсаагаараа Ж.Бадраа багштай, мөн Л.Хүрэлбаатар багш нартайгаа холбогдсон байдаг нь ховор хувь заяа гэж боддог.
- Та “Морин хуурын авианы арга билгийн зохирол” сэдвээр PhD зэрэг, дараа нь 1999 онд “Гүр дууны эгшгийн утгын зохирол” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм билээ. Морин хуурын тухай алгасаад, гүр дууны тухай товч асууя. Энэ нь шашны хөгжим гэсэн үг, монголчууд үүнийг ноотолдог байжээ гэдгийг таныг анхлан гаргаж тавьсан гэж ойлгодог. Зөв үү?
-Анхлан бичиж, зохиосон хүний нэг бол хуучны сайн ноён хан аймаг, Одоогийн Баянхонгор аймгийн Чин Сүзэгт номун хантан Лувсанноровшарав /1701-1768/. Гэгээнтний “Гүр дууны бичиг” туурвил бол үнэхээр гайхалтай. Энэ талаар судлах ажил бүр оюутан байхаас эхэлсэн юм.
1980-аад оны үеэс л монголчууд ер нь ямар ямар дуу, хөгжимтэй ард түмэн бэ гэдэгт хариу хайж байхдаа Лениний номын санд археологич “Хөдөөгийн” хэмээх Д.Пэрлээ гуайн бичсэн номоос “монголчууд эрт цагаас дуу хөгжмийн ая тэмдэглэх нооттой байсан, түүнийг нь гүр дууны бичиг гэдэг байсан” гэдгийг ойлгосноос хойш эх сурвалжийн эрэлд бараг л “хатаж” байлаа.
Сургуулиа 1986 онд төгсөхдөө 88 хуудас судалгааны аижл бичиж эрдмийн зөвлөлийн хурлаар ороход намайг төгссөний дараа, жилийг сунгаад цол хамгаалуулах саналыг П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаас гаргасан юм. Тэр албан бичгийн хариуг Соёлын яам өгөхөд “Та сургуулиа эхлээд төгсөөд хоёр жил улсдаа ажилла, дараа нь цол хамгаалах асуудлаа шийд” гэсэн хариу өгсөн. Төгсөөд ирэхэд яам намайг ХБДС-д хөгжмийн онолын тэнхмийн багшаар хуваарилсан юм. Ингэж надад төрөлх сургуульдаа хөгжмийн онолын багшаар ажиллах завшаан тохиосон билээ.
Тэр үеэс дуу хөгжмийн тухай “Соёл” сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байтал нэг өдөр найруулагч Ч.Лхамсүрэн гуай ирж уулзаад: -“Бадраа гуай гадаад явах ажилтай гэсэн, өөрийг тань Үндэсний телевизийн “Хөгжим өв сан” нэвтрүүлэг хөтлөөд явуулаадхаач гэж хэлүүлсэн. Та бидэнтэй уулзаж, хөтөлбөрөө ярих уу” гэлээ. Ингээд очиж уулзаад тэр нэвтрүүлгийн анхны дугаарыг Баянхонгор аймагт хийхээр болж, тийш УАЗ-469 машинтай зураглаач, найруулагч, дууны найруулагч гээд л хэдүүл явлаа.
Явсаар Баянхонгор аймгийн Төвд очлоо. Аймгийн музей, архивт очтол, нэг их олон хэл мэддэг, цэргээс ирсэн гээд нэг жаахан залуу хүлээн авч уулзав. Тэр их олон ном цуглуулсан, их эрдэмтэй залуу байсан. Өрөөнд нь ортол шалан дээр хэдэн хуучин хуудас, баахан цаас өрөөстэй байсныг асуутал “шатаах гэж байгаа номууд” гэлээ. Тэр дундаас уйгаржин бичгээр “Алидада Брадуважа хутагтаар Монгол оронд төрөгсөн гэгээнтний анхдугаар, хоёрдугаар, гутгаар дүрүүдийн зохиосон “гүр хөгжим” гэж бичсэн цаасны хэлтэрхий олов оо. Тэр л гүр дууны тухай мэдээг анх өгсөн хуучин судрын тасархай тал хуудас байлаа. Ингээд өнөөх залуу мэдэх хүн хайсаар Галуут суманд амьдардаг хувраг Гэндэн гэдэг лам бий гэдгийг хэлж өгсөн. Тийшээ очиж, цорж лам Содном гэдэг хүний гэрт буулаа. Түүнтэй уулзахад ирсэн зорилгыг асуулаа. Үндэсний ТВ-ээс явж байна, ардын дуу хөгжим судалж явнаа гэтэл,
-“Хувьсгалт намаас явна уу” гээд юу ч ярих сонирхолгүй, доошоо харан эрхээ эргүүлэн маань ном уншиж нэлээд удаан суув. Би ч суугаад л, юм асуугаад л байлаа. Юу ч хариулахгүй, эрхээ эргүүлсээр л суусан. Тэр өдөр нэлээд ширүүн салхи салхилж ширүүн бороо дусалж байсан юм. Гэр нь ч их сэрүүхэн би даараад, тэр ламаас “Би танай галыг түлээд танд цай чанаад өгөх үү” гэж асуулаа. Гэтэл тэг тэг гэлээ. Хоёр ламаахай түлээ оруулж, ус авчирч туслав. Тэр хүн бол Одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын Иргэдийн төлөөлөгчдйин хурлын дарга асан Батболд байсан. Ингээд хар цай чанаж аягалж өгөөд хоймрынх нь эрхийг эргүүлээд, бурхных нь өмнө “Чогжү дүй сом жи там жид жи гү сүн түг ёндон пэрэнлэй”... гээд л Гандантэгчинлэн хийдийн лам багш Гончигийн зааж өгсөн итгэлийг уншиж байтал, өнөөх цорж лам овоо нүд нь сэргэж, танай багш хэн юм гэж асуув. Би Гандан хийдийн “Анжаа” багш гэтэл, “Аа, цоохор Гончиг уу” гээд “Би танина. Тэр чинь Завханы хүн байх аа” гээд л сүрхий харж байна. Би тийм л гэлээ. Тэгээд л би дуу шуу орохоор нь “Та Магадай Самбын До “ гэдэг ном мэдэх үү, надад хэлж өгөөч, тэнд нэг мянган чавхдаст хуурын домог байдаг гэсэн гэтэл, чи ер нь Гэндэнтэй л уулзах хүн байна. Алив тэр Гэндэнг дууд гэхэд, тэр хүн аахилсаар ороод ирсэн. Ингээд биднийг танилцуулахад тэр хүн “ Аан, гүр дууг би уг нь мэдэх юм байгаа юм. Гэхдээ яг одоо миний астма хөдлөөд амьсгаадаад байна. Маргааш дуулж өгье” л гэлээ. Маргааш нь дахиад л Содном гуайнд очлоо, Гэндэн гуай ч ирлээ. ТВ-ийн манай хамт яваа багийнхан ч ирлээ. Тэгээд л “Махагалын залбирал”, Чойжилын залбирал”, “Лхамын залбирал” гээд хэдэн гүр дуу аялж өгснийг дүрс шингээлтээр буулган ТВ-р нэвтрүүэг болгон гаргаж, “Алтан фонд”-д оруулсан түүхтэй.
Түүнээс хойш л гүр дууны утга чанарыг, гүн ухааныг мэдэхийн тулд Гандан хийд, бишгүүрч лам А.Пэрлээ, Г. Пүрэвбат лам, И.Дэмбэрэл гээд л их эрдэмтэй хүмүүстэй уулзан, ном эрдмээс нь хүртэж явсандаа их талархаж явдаг. Тэр хүмүүстэй уулзуулж өгсөн хүний нэг бол МУСГЗ зохиолч Г.Мэнд-Ооёо гуай юм. Тэр цагаас хойш л буддын утга зохиол, гүн ухаан, одон зурхайг ихэд сонирхох болсон.
Төвөдийн Гүмбүм хийдээс Гэндэнжамц гэдэг ламыг урин залж, гэртээ суулгахдаа Буддын гүн ухааны ном эрдмээс заалган ихийг сурч мэдсэн. Ингэж байж гүр дууны нийт найман гар бичмэл дэвтрийг ард иргэдээс цуглуулж, гүр дууны тухай судалгаа хийсэн дээ. Тэр талаар нийт дөрвөн боть ном бичиж хэвлүүлсэн.
-Төвөдөөс авхуулаад гадаад олон хэл мэддэг болсон тань үүнээс эхтэй байх нь ээ?
-Олон хэл ч гэж дээ, орос хэлийг бол хойно оюутан байхдаа, Хятад хэлийг бол Шанхайн Хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа жаахан гадарладаг болсон. Харин англи хэлийг бол АНУ-ын Индиана их сургуульд зочин судлаачаар сурч ажиллаж байхдаа, төвөд хэлийг бол Гончиг багш болон Л.Хүрэлбаатар багш нараар заалгаж эхэлсэн ч, би “Би бол орчуулагчийн хэмжээнд сурмааргүй байна. Зүгээр нэг гарчгийг мэдэх төдий л байхад болно. Би энэ сурах цагаа өөр юманд зориулмаар байн” гэж хэлдэг байсан. Тийм болохоор нэг их хүчлээгүй.
-Таны сүүлийн үеийн бүтээлүүд бас их анхаарал татдаг. Тухайлбал, “Долоон бурхан одны домог” ном болон балетын цомнол тань байна. Энэ бас томоохон судалгааны ажлын үр дүн биз?
-Долоон бурхан одны тухай буюу, монголчуудын шүтлэгийн тухай манай эриний VII, VIII зууны үеийн сурвалж бичгүүдэд “Ойн иргэн, Уйгурын Бранза Шри “Долоон бурхан одны судрыг Энэтхэгээс авчирч уйгур хэлэнд буулган 1000 тоотыг дармаллан тамгалуулав, Дараа нь Алинтөмөр оор монгол хэлнээ буулган 2000 тоотыг дармаллан тамгалуулан түгээв” гэж дурдагдсан мэдээ сурвалжийг олоод ихэд баярлан 10 гаруй судрын хамт олж, бас бусан үйл, үлгэр домгийн хамт хэвлүүлсэн нь тэр юм. Тэр бол миний хийсэн юу байх вэ, нэн эртний монголчуудын бүтээсэн өв соёл юм. Түүнийг харин ард олондоо танилцуулсан л хэрэг юм даа.
Эх сурвалжууд төвөд, эсвэл босоо монголоор байсан тул орчуулуулах ажил хийж, заримынх нь утгыг өөрөө тайлж гарган, эцэст нь балетын бүтээл болгохдоо цоо шинэ өгүүлэмж зохиомж бүхий цомнолыг бичсэн нь ганц миний ажил ч биш, манай “Номадик арт” балетын хамт олны хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. Хамгийн гол нь балетын бүжгийн зохиомж найруулгыг бүжиг дэглээч балетын жүжигчин Э.Эрдэнэжаргал, хөгжмийг О.Чинбат нар маань зохиомжлон, чадварлаг уран бүтээлчид хамтран ажилласнаар тэр уран бүтээл тайзнаа амилсан юм.
Тэдгээр сурвалжид эртний монголчууд цаг тооны бичиг, цаглабарыг тоон аргаар зохиож хэрэглэж байсан тухай байдаг. Ялангуяа дөрвөн аргын тоо бодох нэршил, монгол тооны нэрс, тэр ч бүү хэл тангс, ктангс, синус, косинус зэрэг алгебрын бодлогын аргуудыг ч монголчууд өөрсдөө зохион гаргасныг олж мэдсэн хэрэг. Энэ бол монголчуудын оюуны их өв соёлын зах зух л юм даа.
-Тантай ярилцах олон чиглэл байна. Хөгжим судлаачийн хувьд хөгжим гээч нь юу юм бэ, хүний хөгжилд ямар тустай вэ гэдгийг товч хэлж өгөөч?
-Хөгжим бол сонсож, таашаах, ухаарч мэдрэх их уурхай. Хүн түүнээс хүссэн эрдэнэсээ олж болно. Хүний л бүтээл. Гэвч тэр хүйтэн хөх тэнгэрийг давж, хөтөл усны намаржаанаа хургаж, хөхүүртэй айраг мэт эсэж, хөгнөөтэй хурга мэт байвч үргэлж далдын далд совингоос эгшиглэдэг, хүссэн хүн бүхэн өөрийн таашаалаар хүртэж болох их ай савын уурхай юм. Сонсож, таашааж ухаарч, мэдэрч байх хэрэгтэй. Хөгжим хүний сэтгэл, оюун бодол дээр тогтдог. Сэтгэлийн хэл нь болдог учраас хөшүүн сэтгэлийг уян руу хөрвүүлж байж, сая ёс зүй, гоо зүйг эзэмшдэ. Зөвхөн хууль яриад л ёс зүйтэй, үг хэлээд л ёс зүйтэй болчихгүй. Сонсголгүй хүмүүс бас хөгжмийн эгшгийг төрөлх мэдрэмжийн ясны долгион дамжуулах цэгүүдээр хүлээн авч ойлгодог. Тэгэхээр сонсголоос давсан ойлголт. Маш нарийн л даа. Эцэст нь хэлэхэд урлаг юун дээр тогтдог вэ гэвэл жинхэнэ ёс зүй, гоо зүй дээр тогтдог юм. Тэгэхээр хүүхдийг гоо зүй, ёс зүйтэй хүн болгоё гэвэл багаас нь хөгжим заах хэрэгтэй. Хөгжим бол уран зургийн дүрсээс, үгийн ид шидээс, бүжгийн хөдөлгөөний утгаас ч давсан утгатай.
-Оюутан байхдаа багштайгаа динозаврын музей үзсэний хэрэг гарсан уу?
-Гарсан, яаж гарсан гээч. Сургуулиа төгсөж ирээд ХБДС-д хөгжмийн онолын багшаар ажиллах болоход анхны уулзсан хүн бол Ардын багш Ц.Цэрэндорж маань байлаа. Өрөөндөө уриалгахан хүлээж авч уулзаад, “За, манай сургуулийн төгсөгч, сургуулиа амжилттай төгсөөд ирсэнд баяр хүргэе, одоо сургуульдаа багшлаад байж дээ гээд нэг зүйл асууя” гэсэн. Тэгээд “За энд сураад, гадаадад сураад ирлээ. Манай сургуульд яг юу дутагдалтай юм шиг санагдав, яамаар байна, юу хиймээр байна” гэхээр би хэллээ. Тийм ээ, багшаа, би энэ сургуульдаа 12 жил сурч төгсөөд, Мосвкагийн Хөгжмийн дээд сургуульд бас сураад ирлээ. Манай сургуульд “Монголын эртний хөгжмийн утга зохиол”, “Дорно дахины хөгжмийн утга зохиол”, “Ардын билиг зүй” хичээлүүд л дутагдалтай юм байна даа” гэсэн. “Аа за тэр сайн хэрэг. Тэгвэл энэ хийчээлүүдийнхээ хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулаад ир ээ” гэв. Ингээд би гэртээ хариад бодлоо. За байз, Монголын эртний хөгжмийн онол, түүхийн чиглэлээрх хичээлийг эхлүүлэх гэж байгаа юм чинь Төв Азийн газар нутаг дээр монголчууд хэдий үеэс суурьшсан байж таарах вэ гэж бодтол, багшийн үзүүлж байсан “Динозаврын музейн концепц санаанд орж ирэв. Тэр нь юу байсан бэ гэвэл: багш маань ярьж би номын санд уншиж ойлгосноор “Ларичевын онолд: “Төв Ази бол амьд амьтан анхлан гадагш тархсан нутгийн нэг” гэсэн мөрүүд санаанд бууж, нээрээ тэр Төв Азиас олдсон динозаврууд хэдэн сая жилийн өмнөөс бидний үед дамжин ирэв? гэсэн асуулт тавьж, монгол хөгжмийн түүхийг “Балар эртний үеийн хөгжим” гэж эхлүүлсэн юм. Энэ үед л багшийн хэлсэн нь ийм учиртай юм байжээ гэж ойлгосон.
Одоо ч миний судалгааны гол асуудал бол: Монголчууд гэж хэн байв, хэдий үеэс байсан бэ, яагаад “Мэлхий улс” нэртэйгээр эртний сударт тэмдэглэгдсэн бэ, яагаад хэдэн түмэн галавыг туулж ирсэн домог үлгэрүүдэд өгүүлнэ вэ гэх асуудлууд байсаар л, үргэлжилсээр л хайсаар л...