Зуд турхнаар хэдэн малаа алдаж, амин зуулгаасаа салах вий гэж болгоомжлохдоо өвс, бэлчээртэй газар бараадан өөр аймагт очсон малчныг нутгийн иргэд нь хөөж буй дүрс бичлэг саяхан олон нийтийн сүлжээнд түгсэн. Үүнийг үзсэн хэн ч эмзэглэхээр. Олон зуун мал тууж, аймгаас аймаг хэсэн, бэдчиж яваа малчдыг өмөөрөх хэцүү. Бэлчээр нутгаа өөриймсөн хайрлаж, нөөц, даацынх нь хэмжээгээр мал сүргээ идээшүүлэн хариулсаар ирсэн уугуул иргэдийн хармын сэтгэлийг буруутгах бас бэрх. Ерөөсөө малчдын дунд бэлчээрээс үүдэлтэй ийм маргаан, тэмцэл жилийн жилд өрнөдөг болоод удаж байна. Байгаль, цаг уурын өөрчлөлт эрчимжих, мал сүргийн тоо өсөхийн хэрээр энэ нь улам ширүүсэж, зохицуулах аргагүйд хүрэх болсныг албаны хүмүүс хэлдэг. Ялангуяа отрын бүсүүд цөлжилтөд ихээр өртөж, жил ирэх тусам даац багасаж байгаа нь малчид дур мэдэн нутаг сэлгэх, үүнээс үүдэлтэй зөрчил хурцдах гол шалтгаан болж буй гэнэ.
ШУА-ийн Газар зүй, гео экологийн хүрээлэн, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хамгийн сүүлд буюу 2020 онд хийсэн судалгаа манай оронд цөлжилт хэр зэрэг гаарсныг харуулсан юм. Судлаачид Монгол орны нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн гэж дүгнэсэн байдаг. Нийт нутгийн талаас илүү хувьд нь бэлчээрийн даац 2-5 дахин хэтэрсэн хэмээн үнэлсэн. Тэгвэл харьцангуй эрүүлд тооцогддог байсан, жилийн тодорхой хугацаанд л, тохиромжтой хэмжээгээр мал өвөлжүүлж, хаваржуулж ирсэн отрын бүс нутгуудад ч цөлжилтийн шинж тэмдэг тод ажиглагдаж эхэлснийг судлаачид хэлж байна. Бэлчээр нутаг цөлжиж, доройтож буйн гол шинж тэмдэг нь шимт ургамал ховордож, нэг наст, сөөг, сөөгөнцөр ихэсдэг гэнэ. Өвс ургамал жигд, сайн гарсан юм шиг харагдаж байвч малд идэш болдоггүй, харшил өдөөгч, хөл газрын ургамал зонхилдог аж. Яг ийм шинж байдал улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт илэрч байгааг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх, доктор Д.Булгамаа саяхны нэгэн хэлэлцүүлгийн үеэр онцлов. Энэ төрлийн ургамлууд есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхэн гэхэд юу ч үгүй хагдраад уначихдаг гэх. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтнүүд ч отрын бүс дэх ургамлын бүрхэвч жилээс жилд өөрчлөгдөж, төрөл, зүйл нь хумигдаж байгааг тодотголоо.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хүрээлэнгийнхэн зудын эрсдэлийн зургийг энэ сарын 1-нд гаргасан. Үүнд дурдсанаар манай орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэл их буй. Нэн их эрсдэлтэйд 11 аймгийн 50, их эрсдэлтэйд 18 аймгийн 144 сум багтсан. Хачирхалтай нь, тэнд тэмдэглэснээс харахад Дорнодоос бусад аймаг дахь отрын бүх бүс зудын их, нэн их эрсдэлтэйд багтаж байна. Байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүд “Аймаг дундын отрын нөөц нутаг цөлжилтөд хамгийн ихээр нэрвэгдсэнийг энэ зураг харууллаа. Мал голчлон иддэг, үет ургамлууд устаж, үгүй болсон. Цаашид хэрхэх билээ” хэмээн сэтгэл зовниж байна. Тэгвэл эдгээр бүс цөлжилтөд хэр зэрэг өртсөн бэ. Энэ чиглэлээр тусгайлан хийсэн судалгаа бий юү?
ХХААХҮЯ, Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг, “Хорнадо” эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагынхан хамтран “Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан”-г гурван жилийн хугацаатай хоёр удаа гаргажээ. Хамгийн сүүлийнх нь 2018 оных. Энэ үед судлаачид Монгол орны нийт бэлчээрийн 57.7 хувь нь доройтож, талхлагдсан гэж дүгнэсэн байв. Ингэхдээ аймаг, бүсээр нь үнэлснээс биш, отрын бүс нутгийг тухайлан авч үзээгүй. Үүнээс хойш ийм хэмжээний томоохон, дорвитой судалгаа хийгээгүй аж. Харин Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрынхан 2015 оноос хойш хийж байгаа бэлчээрийн фото мониторингийн судалгааныхаа үр дүнд 2022 оны бэлчээрийн төлөв байдлын мэдээ гаргасан юм. Тэд “Нийт 109 сая га бэлчээрийн 13.6 сая га нь байгалийн унаган төрхөө алдаагүй. 57.2 сая га газар бага, 17.2 сая га дунд зэрэг, 15.7 сая га хүчтэй, 5.5 сая га маш хүчтэй доройтсон” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай орны нийт бэлчээрийн 86.4 хувь нь байгалийн унаган төрхөөсөө холдож, ямар нэг хэмжээгээр доройтжээ. Тус газрынхан мөн л ерөнхий, нэгдсэн тооцоо гаргасан харагдав. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхний хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр цөлжилтөд хамгийн ихээр өртсөнд тооцогдож буй. Үүнийг бас л аймгаар нь тоймлон дүгнэжээ. Үндсэндээ отрын бүс нутагт сүүлийн үед тусгайлан хийсэн, цөлжилт, бэлчээрийн доройтлын дорвитой судалгаа алга. Гэхдээ цөлжилтийн шинж тэмдэг, сөрөг нөлөө мэдэгдэхүйц хэмжээнд илэрснийг судлаач, мэргэжилтнүүд анхааруулсаар.
Одоогийн байдлаар манай улсын15 аймгийн газар нутгийг хамарсан 783.3 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, аймаг дундын есөн отрын бүс байгуулаад буй. Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Говь-Алтайн Аргалант, Завханы Багахайрхан, Говьсүмбэрийн Малах, Дорнодын Чойбалсан, Төв, Булганы Чилэн, Төв, Өвөрхангайн Хөх дэл, Увсын Ачит нуур, Ховдын Баяннуруу үүнд багтдаг. Мал сүргийг гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор эдгээр бүсийг байгуулсан. Аймаг дундын отрын нөөц газарт малчдыг хуваарилах ажлыг ХХААХҮЯ-ны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглал тын захиргаа хариуцдаг бөгөөд жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуул даг. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зудын давтамж ихсэх, цөлжилт, бэлчээрийн доройтол гаарахын хэрээр отрын бүс нутагт өвөлжиж, хаваржих хүсэлтэй малчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дээрх захиргааны мэргэжилтэн Б.Намхайноров хэллээ. Харамсалтай нь, отрын бүс нутгийн нөөц, чадамж ч жилээс жилд буурч буй тул хүсэлт илгээсэн малчин бүрийг нутаг сэлгүүлэн өвөлжүүлэх боломж хумигдсаар байгаа гэнэ.
Дээрх хамгаалалтын захиргааныхан жил бүрийн намар аймаг дундын отрын бүс нутагт үнэлгээ хийж, хэчнээн тооны мал өвөлжүүлэх боломжтойг тооцоолдог юм байна. Өнгөрсөн жил гэхэд 887 мянган мал өвөлжүүлэх даацтай гэж үнэлж. Харин өнөө жил 782 397 мал идээшүүлэх боломжтой гэж дүгнэжээ. Чойбалсанд хамгийн олон буюу 204, Малахад 90, Чилэнд 47, Аргалантад 35.4, бусдад нь 10-25 мянган толгой мал өвөлжүүлэхээр тооцоолсон аж. Ачитнуур болон Багахангайд нөхцөл байдал хүнд буйтай холбогдуулан 2022-2023 оны өвөл өөр, аймаг, сумын малчдыг өвөлжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Гэтэл малчид отрын бүсэд нийт хоёр сая гаруй мал өвөлжүүлэх хүсэлт аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, отрын нөөц газрын даацаас гурав дахин толгой мал нутагшуулах хүсэлт тавьсан гэсэн үг. Арваннэгдүгээр сарын цас, их хүйтнээс сүрдсэн малчдыг отрын бүс нутаг руу уулгалан “шуурч”, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нүүж байх энэ үед цаг уурын байгууллага эдгээр газрын дийлэнхийг нь зудын эрсдэлтэй гээд зарлачихав. Одоогоос гурван сарын өмнө аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудын оролцоотой хийсэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааныхны тооцоо, цаг уурын байгууллагаас арванхоёрдугаар сарын 1-нд гаргасан зудын эрсдэлийн зураг хоёрын аль нь бодит байдалд илүү ойр болохыг дүгнэхэд тийм ч их “хүч хөдөлмөр” шаардахгүй.
Отрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан бүсүүд нэгэнт бусад газрын адил доройтож, үүргээ биелүүлэхээс өнгөрсөн бол цаашид яах вэ. Нийт малын нэг хувийг нь л өвөлжүүлэх даацтай отрын бүс нутагт найдаж хэдэн өвлийг үдэх вэ. Яг одоогийн нөхцөлд сумууд хоорондоо гэрээ байгуулах замаар бэлчээрийн хангамжийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны зүгээс орон нутгийн удирдлагуудад зөвлөж буй гэнэ. Дан ганц аймаг дундын отрын бүсэд найдаад нэмэргүйг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Харин салбарын яамныхан Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд аймаг болон сум дундын отрын нөөц нутаг нэмж байгуулах чиглэлд анхаарч байгаа гэх. Сум дундын отрын нөөц газрыг зөвхөн тухайн аймгийн малчид ашиглах боломжтойгоороо онцлог юм. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооныхон отрын нөөц газрын талбайг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Харин хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүд 2005 оноос хойш яригдаж буй Бэлчээрийн тухай хуулийг яаравчлан батлах, эс бөгөөс өдгөө хэлэлцүүлгийн шатандаа яваа Газрын багц хуулийн төсөлд үүнтэй холбоотой харилцааг ул суурьтай тусгах шаардлагатай, ингэж байж малчид хариуцлагажина, бэлчээрийн зохистой ашиглалт бий болно гэж үзэж байна.
Их зохиолч Д.Нацагдорж нэгэн цагт “Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай, Таван зүйлийн тарианы хөрс шороот газартай” хэмээн эх орноо магтан дуулсан байдаг. Харин өдгөө малчид дөрвөн улиралд байтугай зун, өвөлдөө бэлчээр сэлгэн буух нутаггүй шахам болжээ. Онцгой үед ашиглахаар улсын тусгай хэрэгцээнд авсан, аймаг дундын отрын бүс нутаг нь ч аврал үзүүлэх нөөцгүй болтлоо доройтжээ.