Коронавируст халдвар болон томуу томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр, Өнгөрсөн долоо хоногт коронавирус халдварын 933 тохиолдол батлагдсан. Энэ тоо нь өмнөх долоо хоногоос хоёр дахин буурсан. Мөн коронавирус халдварын улмаас нэг иргэн нас эндэж, нас баралтын тоо 2315 болов.
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын хувьд идэвхжил өндөр байна. Зарим аймаг улбар шар түвшинд шилжлээ. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн тоо ихэслээ. Тодруулбал, Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хүүхдүүд голдуу өвчилж байна. Томуугийн В хүрээний болон H1N1 хүрээний вирус илэрсэн.
Томуугийн тархалт өндөр 47 дугаар долоо хоногийн байдлаар 7213 хүн амьсгалын цочмог замын өвчлөлөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 18 хувь нь цочмог хүнд халдвартай байна. Томуугаар өвдөж байгаа хүүхдүүдийн 89 хувь нь 15 хүртэлх насныхан байгаа юм.
Томуугийн вирус идэвхжиж байгаа энэ үед халдварын дэглэмийг хүн бүр сахих нь зүйтэй. Улирлын томуу энэ жил онцлогтой байна. Одоогоор хүн амын дунд хоёр өөр төрлийн вирус тархаж байгаа. Covid-19-ийн тухайд омикроны давлагаа оргил үедээ хүрч буурч байна. Хувилбарын тандалтын шинжилгээгээр BQ1.2-ийн дэд шинж дийлэнх хувийг эзэлж байна" гэх мэдээллийг өглөө.