Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр 17.00 цагт еврог 3630 төгрөгөөр худалдан аваад, 3650-иар зарж байв. Энэ нь ердөө дөрөв хоногийн өмнөхөөс тус бүр нь 100 төгрөгөөр чангарсан гэсэн үг. Ченжүүд нэг сарын өмнө уг мөнгөн тэмдэгтийг 3390 төгрөгөөр авч, 3420-иор худалдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, ганц сарын дотор еврог худалдан авах ханш 240 төгрөг буюу 7.1, борлуулах нь 230 төгрөг буюу 6.7 хувиар өсөөд буй нь энэ. Тэгвэл 2022 оны эхэнд “Найман шарга”-д еврог 3227 төгрөгөөр аваад, 3235-аар зарж байсантай харьцуулахад өдгөө даруй 403, 415 төгрөгөөр чангарчээ. Монголбанкнаас зарласан ханшаар евро өчигдөр 3605.49 төгрөгтэй тэнцэж байв. 2022 оны эхэнд эл дүн 3221.18 төгрөг байсантай харьцуулахад ийнхүү 11.9 хувиар өслөө.