Манай улс энэ он гарснаас хойш 27.2 сая тонн нүүрс экспортлоод буй нь өнгөрсөн жилийнхээс 75 хувиар илүү дүн болсныг УУХҮЯ-наас мэдээллээ. Мөн энэ оны эхнээс хойш 1.29 сая тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь 3.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Харин 4.39 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь 38 хувиар багассан дүн болов. Тэгвэл Төвбанкны худалдан авсан алтны хэмжээ 20.07 тоннд хүрчээ. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 98.6 хувийн гүйцэтгэлтэй байгааг мөн дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 151.4, зэсийн баяжмалынх 106.9, төмрийнх 86.9, алтных 100.4, газрын тосных 64.3, цайрынх 129.7, хайлуур жоншных 51.1 хувьд хүрчээ.
Гадаад худалдааны энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газраас мөн мэдээлэв. Эл хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 19 тэрбум ам.доллар болж 2021 оны мөн үеийнхээс 3.99 тэрбум буюу 26.6 хувиар өсжээ. Экспортод 11.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь 2021 оныхтой харьцуулахад 26.2 хувиар нэмэгдсэн дүн аж. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 9.4 тэрбум ам.доллар (84.4 хувь), сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос нэг тэрбум (9), нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 469.3 саяыг (4.2) нь эзэлжээ. Манай улс 69 оронд бараа худалдсанаас урд хөршид 84.1, Швейцарт 8.3, Сингапурт гурван хувь нь ногдсон байна. Тэгвэл импортоор 7.87 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд авсан нь 2021 оны мөн үеийнхээс 1.68 тэрбум буюу 27.2 хувиар өссөн гэсэн үг. Дээрх хугацаанд 155 орноос бараа импортолсноос БНХАУ-д 35.1, ОХУ-д 29.8, Японд найм, БНСУ-д тав, АНУ-д 3.2 хувь нь ногдов.
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ. Энэ нь дээрх тогтоолоор хүлээсэн төвлөрүүлэх орлогын гүйцэтгэлийн 48.4 хувь гэдгийг Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа танилцуулсан юм. Манай улсын гадаад валютын нөөц өнгөрсөн сарын эцэст 2.9 тэрбум ам.долларт хүрсэн нь аравдугаар сарынхаас 149 сая “ногоон”-оор өссөн дүн аж. “Эрдэнэс Тавантолгой”-д Засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш 40 хоногийн хугацаанд 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон. Нийт борлуулалтаас нүүрсээр төлбөрийг барагдуулах (оффтэйк) нөхцөлтэй гэрээний дагуу 51.1, өндөр дүнтэй урьдчилгаа авсан гэрээний дагуу 185.8 сая ам.долларыг бүтээгдэхүүнээр барагдуулж, 143.8 саяыг Монголбанканд тушаасан. Ингэснээр санхүүгийн үзүүлэлтийг сайжруулан, 603 сая ам.долларын өр төлбөрийг 418 сая болгон бууруулаад байна. Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах ажлын хүрээнд УУХҮЯ, МХБ, СЗХ зэрэг байгууллагатай хамтран Цахим арилжааны журмын төсөл боловсруулж дууссан” гэв.