“Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газраас томилсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ирэх жилээс уурхайн амнаас нүүрс борлуулахгүй, хилийн үнээр худалдана гэж мэдэгдэв. Энэ бол нүүрсээ өндөр үнээр борлуулж, тус компани илүү үр ашигтай ажиллах чухал алхам юм. “Эрдэнэс Тавантолгой” илүү үр ашигтай ажиллавал Монгол Улсын иргэн бүрийн хүртэх өгөөж нэмэгдэнэ гэсэн үг. Нүүрсээ хилийн үнээр борлуулах бол Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” компанид очоод шинээр сэдсэн санал огт биш. Өмнө нь энэ талаар уул уурхайн салбарынхан өчнөөн хөндсөн. Гэвч улстөрчид болон бизнесийн бүлэглэлийнхний хувийн ашиг сонирхлыг давж чаддаггүй байсан юм. Тэгвэл өдгөө тэдний хувийн ашиг сонирхлыг давах нь бололтой. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улстөрчдийн хувийн ашиг сонирхлын эсрэг байгаа учраас давах магадлалтай гэж тооцлоо. Түүнээс биш, тэднийг сөрөхөд хэцүү.
Хилийн үнээр нүүрсээ борлуулах нь “Эрдэнэс Тавантолгой” компанид илүү ашигтайг бодож цөхөх юмгүй. “Энержи ресурс” компани бүтээгдэхүүндээ хэрхэн нэмүү өртөг шингээж, зардал хэмнэн тээвэрлэж буй менежментийг харахад л хангалттай. “Энержи ресурс” компани нүүрсээ баяжуулдаг. Ингэж нэмүү өртөг шингээдэг хэрэг. Мөн чанар сайтай нүүрсээ муутай нь хольдог. Өөрөөр хэлбэл, сайн чанарын нүүрсээ сорчилж экспортолдоггүй гэсэн үг. Тэднийх нүүрсээ чиргүүлтэй автомашинаар Цагаан хадны гаалийн хяналтын бүс рүү тээвэрлэдэг. Дангаар нь тээвэрлэвэл нэг машинаар 100 орчим тонн нүүрсийг Цагаан хад руу хүргэнэ. Харин чиргүүл зүүчихээр нэг машинаар 200 орчим тонн нүүрс хүргэх нь дамжиггүй. Хувийн хэвшлийн компани ингэж цаг хугацаа болон шатахуун тосны зардлаа хэмнэж буй юм. Тэгээд баяжуулсан нүүрсээ хилийн үнээр борлуулна. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани зөвхөн сайн чанарын нүүрсээ баяжуулахгүйгээр уурхайн амнаас хямд үнээр худалдсаар ирсэн. Нэг орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн өмчит хоёр компанийн менежмент тэнгэр, газар шиг ялгаатай байгаа нь энэ.
“Нүүрсний хулгайч” гэсэн хэллэг, ойлголт сүүлийн үед нийгмийн сүлжээнд ихээхэн тархав. Олон нийтийн дунд нүүрсийг гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан гэсэн ойлголт давамгайлж байх шиг. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 600 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хоёр сая тонн нүүрс хулгайгаар хил давуулсан гэж мэдэгдсэн нь олон нийтийг төөрөгдүүллээ. Засгийн газраас 385 мянган тонн нүүрс хулгайгаар хил давуулсан гэсэн үндэслэлээр хууль, хяналтын байгууллагынхан шалгалт хийж буйг албан ёсоор дуулгаж байна. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс олборлон борлуулсан гэх маргаан 2018 онд дэгдсэн. Дээрх 385 мянган тонн нүүрс хулгайлсан гэх шалгалтад “намжсан 268”-ыг хамруулж буй гэнэ.
Тухайн үед маргаан үүсгэсэн компаниуд хоёр талаас ажлын хэсэг гаргаад, лицензтэй талбайн хилийн заагийн мөргөцгөөс нүүрс олборлохдоо хэн нь ямар алдаа дутагдал гаргаж, хэр хохирол учруулснаа хэлэлцсэн. “Тавантолгой” компани хилийн заагийн мөргөцгөөс нүүрс олборлохдоо “Эрдэнэс Тавантолгой”-н талын 268 мянган тонн нүүрсийг овоолоод орхитол уул уурхайн үйл ажиллагааны явцад өнөөх нь дарагдсан. Энэ явдал “Тавантолгой” компанийн уурхайчдын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гарч, алдаа гаргасан тал хохирлыг нүүрсээр нь барагдуулсан гэдэг. Нэгэнт хоёр компани тохиролцоод намжсан асуудлыг эрх баригчид дахин босгож ирж буй нь улстөржүүлэх гэсэн нүүдэл гэж харж байна. Хоосон машин гэж бүртгүүлэн нүүрс хулгайгаар хил давуулсан тохиолдол гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ нүүрс хулгайгаар хил давуулсан тохиолдол гайхмаар их дүнтэй байхгүй болов уу.
Харин хамгийн том хулгайч нар бол дамжуулан зуучлагч компаниуд. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан өнгөрсөн оны хоёрдугаар сард нүүрсний үнэ бүрдэлтэд хийсэн судалгаагаа танилцуулж байв. Г.Ёндон сайдын үе л дээ. Тус судалгаагаар бүх зардлыг нь хасаад уурхайн амнаас нэг тонн коксжих нүүрсийг борлуулах боломжит үнэ 89.4 ам.доллар байсан нь тогтоогдсон. Тэгвэл тухайн үед Тавантолгойн ордын уурхайн амнаас нэг тонн коксжих нүүрсийг 47 ам.доллароор борлуулж байсан гэдэг. Зөрүү нь 42 ам.доллар гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дундын зуучлагч компаниуд нэг тонн нүүрсээс 42 “ногоон”-ы ашиг хүртэж байсан гэсэн үг. Зарим тохиолдолд тэдний хүртэх ашиг нүүрсний үнээсээ давах тохиолдол ч гардаг байсан гэнэ лээ. Нэг сая тонн нүүрснээс дундын зуучлагчид 42 сая ам.доллар халаасалж байсан аж. Энэ бол тухайн үеийн ханшаар 120 тэрбум төгрөг гэсэн үг.
,
Цагаан хадны гаалийн хяналтын бүс
Дундын зуучлагч гэж хэнийг хэлэх вэ. Эхний компани “Эрдэнэс Тавантолгой”-той нүүрс худалдаж авах гэрээ байгуулна, түүнийг цааш нь дамжуулан худалдана. Нэг тонн нүүрснээс төдөн ам.долларын бонус авна гэсэн байдлаар ч юм уу. Худалдаж авсан компани цааш нь мөнөөх гэрээг дахиад дамжуулан арилжина. Нэг гэрээ 3-4 дундын зуучлагч дамжих тохиолдол ч байдаг гэсэн.
“Эрдэнэс Тавантолгой”-той эрх мэдэл бүхий албан тушаалтан л гэрээ байгуулж чадна. Тэдгээр хүнэрх баригч намын, улс төрийн нөлөө бүхий хүмүүс байх магадлал маш өндөр. Нүүрсний хулгайчдыг тэдний дундаас хайх хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг нараар туг тахиад өнгөрвөл жинхэнэ хулгайчидтай хариуцлага тооцож чадахгүй. Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлөх үед УИХ-ын 32 гишүүн Ерөнхий сайд руу “Бүү тийм алхам хийгээч” агуулгатай гэсэн мессеж бичсэн гэх мэдээлэл тарсан. Засгийн газраас зориудаар тараасан ч байж мэднэ. Олон жил гажуудалтай байсан энэ асуудлыг олны анхаарлыг төвд оруулж ирсэн нь сайн хэрэг.
Эрдэс баялгийн бирж байгуулах санаачилгыг олон жилийн өмнөөс гаргасан. Уул уурхайн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан, 2014 онд Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төсөл боловсруулсан байдаг. Улмаар 2015 онд Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулсан. Дараа жил нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч УИХ-д өргөн мэдүүлээгүй. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрээ дэлхийн зах зээлийн жишиг үнээр борлуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулах санаачилга гаргадаг. Гэвч өнгөрсөн хугацаанд улс төрийн дэмжлэг авдаггүй байсан юм. Улс төрийн дэмжлэг авдаггүй нь уул уурхайн бүтээгдэхүүний ханшийг дэлхийн жишигт хүргэх сонирхолгүй, нээлттэй ил тод биш нөхцөлд байлгах сонирхолтой улстөрчид төрийн толгой дээр байсан холбоотой гэж хардаг. Нүүрс тээврийн компанитай улстөрчид ч Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавихыг олон жил далдуур эсэргүүцэж ирсэн нь нууц биш. Тиймээс төмөр замаа тавьж чадахгүй өдий хүрсэн. Угаас нүүрс тээврийнхэн төмөр зам тавина гэхээр нүд нь хорсдог байсан билээ. Төмөр зам хамгийн үр ашигтай хямд тээвэр гэдгийг тэд ойлгодог санаачилч хувийн эрх ашгаа илүүд үзэх нь илэрхий анзаарагддаг байлаа.
“Эрдэнэс Тавантолгой” компани хилийн үнээр бүтээгдэхүүнээ арилжих учраас уртын тээврийг өөрсдөө хариуцна гэсэн үг. Тээврийн компаниудыг хөлслөөд нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүс рүү ачуулчихна. Мөн шинээр тавьсан төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой. Ингэсэн тохиолдолд уртын тээвэр дээр ажилладаг дундын зуучлагч нар ажилгүй болох юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг зохицуулах журам боловсруулж байгаа гэсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах нь ямар ч дундын зуучлагчгүйгээр худалдан авагч талд бүтээгдэхүүнээ шууд арилжина гэсэн үг. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх жилээс хил дээрээс биржийн үнээр хятадуудад бүтээгдэхүүнээ борлуулах нь. Зуучлагч хэмээх улстөрчид дундаас нь хулгай хийхгүй, дээрээс нь төмөр замаар хэд дахин хямд үнээр нүүрсээ тээвэрлэх учраас “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого 30-40 хувиар өснө гэж таамаглая. Хилийн үнэ болон уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь нүүрсний зах зээлд “хувьсгал” авчрах нь дамжиггүй.