-“Үндэсний дээд лиг”-т олон легионер урьж, оролцуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцгой болж байна. Хагас шигшээ тоглолт эхэлчихлээ. Гал гарсан сонирхолтой тэмцээн одоо л өрнөнө дөө.
-Энэ жилийн дээд лиг онцлох олон зүйлээр давуу болж байгаа. Гурван тойргийн тоглолтын нийлбэр дүнгээр “Хөвсгөл эрчим”, “Улаанбаатар” клубийнхэн шилдэг дөрвөн багийн эхний нэг, хоёрт үлдэх нь тодорхой боллоо. Бусад нь III, IV байрын төлөө ширүүхэн өрсөлдөх нь. “Хөвсгөл эрчим”, “Улаанбаатар” клубийнхэн энэ удаа лигт шинээр оролцож, туршлагатай, бас хурдтай, ур чадвартай залуу тамирч даар хүч сэлбэсэн тул тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож буй. Лигийн тоглолт волейбол үздэггүй хүмүүсийн анхаарлыг хүртэл татаж байна шүү дээ.
-Та лигт аваргын төлөө таарсан “Энагурэ”, “Хобби эйс” багт тоглож байлаа. Энэ удаа тэдэнтэй өрсөлдөхөөр “Хөвсгөл эрчим”-ийнхэнтэй талбайд гарахад үзэгчид гайхаж байгаа нь анзаарагдсан шүү.
-Миний хувьд “Үндэсний дээд лиг”-т гурав дахь удаагаа оролцож байна. 2010 онд “Энагурэ” клубийн Жан Жин Хун захирал багтаа тоглуулах санал тавьснаар анх хөл тавьж байлаа. Тус клубийнхэнтэй 2012 оноос таван жилийн гэрээ байгуулж, хугацаа нь дуусахад би ч ээж болж, охиноо асрахаар спортоос түр хөндийрсөн. Дээд лигийн тэмцээнийг 2019 онд сэргээхэд Р.Хангай дасгалжуулагчтай “Хобби эйс” багийнхантай оролцож, аваргын төлөө “Энагурэ”-гийн хэнтэй өрсөлдөж, мөнгөн медаль гардаж байв. Өнгөрсөн жилийн лигт тус багийнхан 17 дараалж хожсон. Гэсэн ч алтан медалийн төлөө “Хилчин” клубийнхэнтэй тоглохдоо нэг хожиж, гурав ялагдсанаар дахин удаалсан юм. Надад энэ жил гурван клубээс багтаа нэгдэх санал тавьснаас “Эрчим”-ийг сонгосон. Тус клубийн эмэгтэйчүүдийн багийг 1998 онд байгуулснаас хойш лигт 11 удаа аварга болсон түүхтэй. Тиймээс тус багт нэгдэхэд үе үеийн тамирчдынх нь гаргасан амжилт нөлөөлсөн. “Хөвсгөл эрчим” багт “Энагурэ”-гээс гараагаа эхлүүлсэн “Монти” клубийнхний олонх нь тоглож байгаа. Бид “ДЦС-4”-ийн гэрээтэй тамирчин. Хөвсгөл аймгийн харьяат Ц.Амарсанаа хэмээх хүн “Эрчим” багийг ивээн тэтгэснээр “Хөвсгөл эрчим” нэртэйгээр лигт оролцох болсон. Тэрбээр Хөвсгөл аймгаас төрсөн долоон домогт тамирчны нэгийнх нь хүү юм билээ.
-Нэгдэж тоглосон багийнхан тань мартахааргүй дурсамж үлдээсэн биз.
-Тоглосон баг бүр өөрийн гэсэн онцлогтой. “Энагурэ” клубийнхэнтэй хамт амьдарч, БНСУ-ын волейболын тамирчдын адил бэлтгэл сургуулилалт хийдэг байхад амралтын өдөр ховорхон олддог байв. 14 настайгаасаа тус багт тоглосон болохоор хүүхэд нас, оюутан ахуй үеийн нандин дурсамжууд үлджээ. Тэднээс амьдралынхаа итгэл, найдварыг олж авсандаа баярладаг. Өнгөрсөн жилүүдэд эгч нараас чамгүй суралцаж, “Хобби эйс” клубт нэгдсэн үеэс багийнхаа нөхдийг удирдаж, шинэ тоглогчдыг чиглүүлж, мэдэх, чадах зүйлээсээ заасан. “Үндэсний дээд лиг”-т “Хобби эйс”-ийнхэнтэй хоёр удаа мөнгөн медаль гардахдаа туршлага хэр хуримтлуулснаа харуулсан гэж боддог.
-Легионеруудаас тоглолтдоо хэрэгжүүлэх зүйл хэр их суралцаж байна вэ?
-“Үндэсний дээд лиг”-т ур чадвартай легионерууд оролцдог. Тэдний техник, арга барилаас Европ, Азийнхны тоглолтын талаарх ерөнхий ойлголт авдаг. “Хөвсгөл эрчим” багт Куба улсын иргэн, 23 настай легионер довтлогчоор тоглож байна. Тэрбээр заалны волейболын тоглолтын онцлогийг анх сайн мэддэггүй байлаа. Харин бидэнтэй нэг сар тоглоод гар, сэтгэл нийлж, найз болсон. Легионерууд дасгалжуулагчтайгаа харилцаж тоглодог. Дас галжуулагч Б.Даринчулуун Куба улсад волейболын чиглэлээр суралцсан болохоор түүнтэй төвөггүйхэн ойлголцдог юм. Бид түүнтэй, тэрбээр бидэнтэй амархан ойлголцохын тулд тэмцээнд түгээмэл хэрэглэдэг ойр зуурын үг сурч байгаа. Миний хувьд өмнө нь куба тамирчинтай харилцах нь бүү хэл, харж ч байгаагүй. Түүний нөлөөгөөр бид тухайн орны соёл, хөгжил, ахуйн онцлог, тэр ч гэсэн монголчуудын хэл, зан үйлээс багагүй суралцаж байна. Тэрбээр одоо “Охидоо хичээгээрэй. Та нар сайн шүү. Урагшаа” гэх зэргээр монголоор ярьдаг боллоо. Бид түүнтэй эвтэй байж, тоглолт бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг.
-Залуу тамирчидтай эн тэнцүү тоглохын тулд хурд, хүч хэр гаргадаг бол?
-Миний амьдрал, ирээдүйн зорилго минь волейболтой салшгүй холбоотой. Би амархан ялагдахыг хүсдэггүй. Тиймдээ ч гэр бүл, тэмцээний аль алинд нь анхаарал хандуулдаг. Өмнөх багийнхантайгаа бэлтгэл хэрхэн базаадаг байсан шиг тийм хэмжээнд сургуулилалт хийсэн. Волейбол бол залуу насандаа амжилт гаргах спорт. Багаараа тоглож амжилтад хүрдэг тул клубүүд залуу тамирчдаар хүч сэлбэсэн. Ээж болсон ч бэлтгэлээ өндөр хэмжээнд хийж, өмнөх шигээ хурд, хүч гаргадаг тоглогчид бий. Тэднээс “Хилчин” клубийн ахлагч Г.Энхнаран, “Улаанбаатар” багийн Д.Эрдэнэбулган нараар бахархдаг. Би ч бас тэдний нэг. Миний охин дөрвөн настай. 2019 онд охиноо нэг ой, таван сартай байхад нь дээд лигт тоглож байлаа.
-Амьдралд хамгийн их түшиг тулгуур болдог найз гэж байдаг. Волейболын шилдгүүдээс та Л.Хосбаяртай ойр дотно нөхөрлөдөг. Одоо ч нэг багт тоглож байна шүү дээ.
-Түүнтэй 2012 оноос өнөөг хүртэл нөхөрлөж байна. Бид ШУТИС-ийг төгссөн. Найз минь эрчим хүч, би холбооны инженер мэргэжлээр суралцсан юм. Бид оюутан ахуй цагаасаа нэгнийхээ зовлон, жаргалыг хуваалцаж ирсэн. “Үндэсний дээд лиг”-т оролцсон ч нэг багийн тоглогч болдог. Тэрбээр спортод, амьдралд минь ч түшиг тулгуур болдог үнэнч найз. Намайг сайн найзтай минь танилцуулсан во лейболын спортод талархдаг. Би түүний харц, хөдөлгөөнийг хараад сэтгэл санаа нь ямар байгааг хэдийн мэддэг болсон. Найзынхаа хөдөлмөрч, шаргуу зангаар бахархдаг. Тэрбээр волей болын шилдэг холбогчдын нэг. Нуруу намхан ч хэрхэн хөдөлмөрлөж, волейболын спортод амжилт гаргадгийг тэрбээр хичээл зүтгэлээрээ үлгэрлэж харуулсан. Л.Хосбаяр лигийн тоглолтод багаа ахалдаг юм. Тэмцээний үед гаргаж буй миний зан араншин багийн ахлагч байхад тохирохгүй. Харин найзад минь ахлагч байх бүх шинж чанар бий.
-Хань тань бөхийн спортоор хичээллэдэг байх аа?
-Тийм ээ. Миний ханийг Ц.Мөнгөншагай гэдэг. Үндэсний бөхөөр хичээллэдэг. Бид охиноо харах хүнгүй үед бэлтгэл дээр дагуулж ирдэг юм. Охин аавынхаа барилдах, ээжийнхээ волейбол тоглохыг харах дуртай. Волейболын бөмбөгийг ингэж цохидог, тэгж давуулдаг гээд анхны мэдэгдэхүүнтэй. Би хааяа “Миний охин том болоод волейбол тоглох уу” гэж асуухаар “Ээж шигээ тамирчин болно” гэдэг юм. Спортын адармаатай замыг аль аль нь туулж яваа болохоор бид охиноо тамирчин болгох гэж зорьдоггүй. Хэрвээ том болоод волейбол тоглохыг чин сэтгэлээсээ хүсвэл сонирхлыг нь хүндэлнэ. Тамирчин хүнийг гэр бүлийнхэн нь ойлгож, дэмжсэний хүчинд амжилт гаргадаг. Ээж болчихоод “Ми ний карьер хойшдоо нэг их урагшлахгүй байх” гэж боддог байлаа. Тэр үед нөхөр маш сайн ойлгож, дэмжсэн. Цар тахлын хөл хорионы үед “Чи гэртээ зүгээр сууж болохгүй. Тоглол тын талбайд дахин гарна. Волейболын тамирчин жингээ барих ёстой. Бэлтгэлээ хий” гэж зөвлөдөг байв. Миний хувьд охинтойгоо өнгөрүүлсэн цаг хугацаа өнгөрсөн дөрвөн жилд бага байлаа. Нөхөр минь намайг бэлтгэл хийлгэж, охиноо асарсан даа.
-Та бөхчүүдийн гэргий шиг үндэсний бөхийн талаар сайн ойлголттой юу?
-Үнэнийг хэлэхэд анх бөхийн спортын талаар юу ч мэддэггүй байлаа. Тэр үеэ бодвол одоо өөр болсон. Наадам, сар шинийн барилдаанд нөхрөө, найзуудыг нь хэрхэн барилдах бол гэж сонирхож хардаг. Миний хувьд бөхчүүдийн гэргий шиг нөхрийнхөө хичээллэдэг спортод нь анхаарал хандуулж чадахгүй байна уу даа гэж өөрийгөө голдог юм.
-14 настай охин волейболын тамирчин болохоор тэмүүлэхэд шантрах зүйл бишгүй таарсан байх?
-2010 онд Дорнод аймагт волейболын өсвөрийн УАШТ болсон юм. Тэнд би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сургуулийнхаа багийнхантай оролцсон. Тэр үед Жан Жин Хун захирал, Чон Ён Ха дасгалжуулагч нар намайг хараад “Энагурэ” клубт нэгдэх санал тавьснаар Улаанбаатарт ирж байлаа. Гэрээсээ ч холдож үзээгүй байсан болохоор аав, ээжийгээ санаж, заримдаа “Намайг ирж аваач” гээд утсаар ярина. Би тухайн үед сайн тоглогч байгаагүй. Бөмбөгөө арай гэж давуулдаг, зөв ч авч чаддаггүй хүүхэд байсан. Тус клубт 20 гаруй хүүхэд сонгогдсоноос муу тоглодог нь би байлаа.
-Волейболын спортод үлдэх үү, явах уу гэсэн эргэлзээтэй нүүр тулахад танд ямар бодол төрсөн бол?
-Оюутан байхдаа нэг удаа маш их шантарч, явах уу, болих уу гэж эргэж буцсан. Ээж хөдөөнөөс ирж, “Энагурэ” клубийн эгч нартай уулзаж, авч явахаар ярилцахад “Таны охин волейбол тоглож сурснаар зөвхөн тамирчин болохгүй. Энэ спортоор хичээллэж өөрийгөө олон талаар нээн, хөгжүүлж байна. Охиноос тань сайн тамирчин болох ирээдүй харагддаг” гэж хэлсэн. Эргэлзээ тээсэн хэцүү үед ээж минь урам зориг төрүүлэх үг хэлж, энэ спортод үлдээж байлаа. ШУТИС-ийн хичээл амаргүй. Багш нар ч тэр бүр чөлөө олгохгүй. Сурахын хажуугаар бэлтгэл, тэмцээн гэж завгүй гүйгээд хичээлдээ анхаарал хандуулж чадаагүй. Гэрийнхэндээ энэ тухай хэлэхэд “Чи тамирчин болохоор зорьж байгаа бол Биеийн тамирын дээд сургуульд сур” гэлээ. Бичиг баримтаа бүрдүүлээд орох гэтэл хойшилсон юм. Тэр үед ШУТИС-иа яаж ийгээд төгсөнө гэж бодоод хичээсэн. Зүтгэсний эцэст амжилттай төгссөн. Шантрал, саад бэрхшээл намайг хурцалж, өдий зэрэгт хүргэн, амжилтаас атгуулсан гэж боддог шүү.
-Эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг уу?
-Би “Скайтел” компанид ажилладаг. Байгууллагын удирдлага, хамт олон минь дэмжиж, “Үндэсний дээд лиг”, УАШТ-д оролцоход ажлаас чөлөөлдөг.
-Та хэдийн туршлагатай тамирчдын нэг болжээ. Гэр бүл, бэлтгэл, тэмцээн гээд бүх зүйлээ төлөвлөж сурсан биз?
-Амжилт гаргахад аав, ээж, ах, дүүс, гэр бүлийнхний минь оролцоо их нөлөөлсөн. Хэрвээ нөхөр ойлгохгүй, охиноо өөрөө харж асраад тэмцээнд оролцдог байсан бол амжилтын тухай хэзээ ч ярихгүй. Ойр дотнын хүмүүс минь миний үнэн хөгжөөн дэмжигч. Тэд намайг дэмжихээр шигшээ болон аваргын төлөөх тоглолтыг ирж үздэг юм. Үргэлж сайн тоглоно гэж юу байх вэ. Хааяа алдаа гаргаж, санасандаа хүртэл тоглохгүй үе бий. Нөхөр тэмцээн үзчихээд “Чи өнөөдөр тааруухан тоглолоо. Тоглож байхдаа тийм алдаа гаргасан шүү. Хойшид анхаараарай” гэдэг. Ямарваа зүйлд хамгийн үнэнч зөвлөгч, шүүмжлэгч нь гэр бүлийнхэн байдаг. Тиймээс шүүмжлэл, зөвлөгөөг нь зөвөөр хүлээж авдаг болсон.
-Волейболын спорт 10 жилийн өмнөх Хонгорзулыг хэрхэн өөрчилсөн бол гэх сониуч бодол төрлөө.
-Өөртөө итгэлтэй, дайчин, хөдөлмөрч болгосон. Багийнхаа тоглогчдыг хүндлэхээс гадна найдвартай ар тал болж ирсэн хүмүүсээ илүү хайрладаг боллоо. Тэр хэрээр найзууд, багийнхаа тоглогчдод үлгэр жишээч байхыг хичээдэг.
-Ихэнх спорт тамирчдаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Хойшдоо дасгалжуулагчаар ажиллах уу?
-Волейболын спортод мэргэжлийн тамирчдыг дасгалжуулна гэдэг миний мөрөөдлийн нэг хэсэг. Их сургуулиа төгсөөд, магистраар үргэлжлүүлэн сурч, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. Энэ спортод өсвөр үе, залуучуудыг тамирчнаар бэлтгэж, ирээдүйд өөрийн гэсэн клубтэй болохыг зорьж байгаа.
-Багийнхантайгаа ойрын үед ямар сэдвээр яриа өрнүүлэв?
-Зөвхөн тэмцээн гэлтгүй ямар ч үед эв нэгдэлтэй байх тухай ярилцсан. Бид бусад багийг бодвол “Үндэсний дээд лиг”-т болон УАШТ-д цөөнгүй оролцсон тул нэгнийхээ зан чанар, арга барил, тоглох техникийг мэднэ. Тиймээс амархан ойлголцдог. Нэгийгээ нэг насаар эгч, дүү байсан ч хүндэлж, санал, шүүмжлэлийг нь хүлээцтэй сонсдог. Хааяа нэгэндээ гомдож тунирхах үе гарахад бүгдээрээ алдаа, дутагдлаа засах талаар зөвлөлддөг юм. Бид зорилго нэгтэй, атгасан гар шиг тоглохыг хичээдэг.