-Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэх гол үндэслэл нь юу вэ?
-“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн Засгийн газар2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад буй. Үүний хүрээнд бэлтгэл ажил хангах, аялал жуулчлалын хөгжлийг дараагийн шатанд гаргах, салбарын хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж сайжруулах зэрэг шаардлагад тулгуурлан Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэнболовсруулаад байна.
-Энэ төсөлд тусгасан онцлох зүйл, заалтуудаас дурдахгүй юү?
-Хуулийн төсөлд Монгол орны нүүдлийн соёл, байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, жуулчдыг татах үйл ажиллагааг төлөвлөх, ая тухтай аялахад шаардлагатай наад захын нөхцөл, стандартад нийцсэн байгууламж, дэд бүтэц бий болгох, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд тусгасан. Тухайлбал, тур оператор, аяллын агент, хөтөч, зочид буудал, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч гэх мэт аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдлыг илүү тодорхой болгож, хэн, ямар хүрээнд үйл ажиллагаа эрхлэхийг нарийвчлан заалаа. Тэрчлэн жуулчны аюулгүй байдал, даатгалтай холбоотой асуудлыг тусгасан. Мөн аялал жуулчлалын бодлогын талаар төрийн болон орон нутгийн байгууллагын хүлээх эрх, үүрэг, улс, орон нутгийн аялал жуулчлалын бүс нутгийг тогтоох, дэд бүтэц хөгжүүлэх, бүсийн менежментийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн гүйцэтгүүлэх, татварын бодлогоор дэмжих, мэргэжлийн холбоогоор дамжуулан тухайн салбарыг бие даан хөгжүүлэх суурь нөхцөл бий болгох чиглэлд тодорхой зохицуулалтууд тусгаснаараа онцлог.
-Эл хуулийн төслийг баталснаар нэн түрүүн дагаарын тээврийг либералчлах, цахим виз нэвтрүүлэх, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох боломж бүрдэнэ гэж Засгийн газрын тэргүүн онцолж буй.
-Аялал жуулчлалын салбарыг бие даасан санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр дэмжих зорилгоор Засгийн газрын тусгай сангийн шинэ төрөл болох Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулахаар хуульд тусгасан. Уг сангийн хөрөнгөөр хэд хэдэн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр заасны нэг нь агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх буюу агаарын тээврийн компаниудад татаас өгөх асуудал. Монгол орныг зорин ирж буй жуулчдын 50-60 хувь нь агаарын тээврээр үйлчлүүлж байна. Тиймээс Ерөнхий сайд агаарын тээврийг ямар нэг хязгаарлалтгүй болгох чиглэлд анхаарч буй. Үүний хүрээнд холбогдох байгууллагууд агаарын тээврийн гэрээ, хэлэлцээрүүдээ өөрчилж, тодорхой арга хэмжээнүүд хэрэгжүүлэх юм.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан. Үүнийг баталснаар гадаадын жуулчид хувийн хэрэгцээндээ зориулж авсан бараа, бүтээгдэхүүнд төлсөн татвараа 100 хувь буцааж авах боломж бүрдэнэ. Цахим визийн тухайд манай улс үүнийг хэдийн олгож эхэлсэн. Гадаад харилцааны болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар Монгол Улсын цахим виз олгох орны жагсаалтыг өнгөрсөн наймдугаар баталж, эхний ээлжид 36 улсыгхамруулаад буй. Эдгээр улсын иргэд дэлхийн хаанаас ч виз мэдүүлэх боломжтой. Харин энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд 36 улсын тоог боломжит хэмжээнд нь нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр жуулчид манай улсын визийг ямар нэг чирэгдэлгүй, интернэт ашиглан шуурхай авах боломжтой болно. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Засгийн газар Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөх боломжтой орнуудын жагсаалтыг өргөжүүлэн батална. БНСУ-ын иргэдийг 2024 он дуустал Монгол Улсад 90 хүртэлх хоногийн хугацаагаар визгүй зорчуулах шийдвэр гаргасны үр дүнд манай оронд энэ оны зургадугаар сараас аравдугаар сард 50 000 солонгос жуулчин ирсэн. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт.
-Шинэчилсэн хуульд аялал жуулчлалын байгууллага (тур оператор, аяллын агент, үйлчилгээний байгууллага)-ыг үйлажиллагааны чиглэлээр нь ангилж, эрх, үүргийг нь тодорхойлсноос гадна жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэдтэй холбоотой зохицуулалтыг ч тусгасан байсан.
-Тийм ээ. Тур оператор нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж, түүгээрээ аялагчдад үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх бол аяллын агент нь зөвхөн бүртгэлийн үндсэн дээр тур операторын гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчдад жижиглэнгээр санал болгох, үйлчлэх эрхтэй. Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэн гэж орон нутагт нүүдлийн соёл, ахуй, зан заншлыг аялагчдад таниулан сурталчлах, гэр түрээслүүлэх зэргээр аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх хүнийг хэлнэ. Байгаль, нүүдлийн соёл, монгол ахуйд түшиглэн ирж буй жуулчдад нутгийн иргэд үйлчилгээ үзүүлэх боломжтой гэсэн үг. Ингэхдээ БОАЖЯ-наас баталсан нийтлэг шаардлагыг хангасан байх ёстой.
-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хэрхэн анхаарсан бол?
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий өдрийн виз олгохоор тусгасан. Тухайн виз нь зөвхөн хил орчмын жуулчинд хамаарах бөгөөд гурав хүртэлх хоногийн хугацаатай байдаг. Үүнийг дэлгэрүүлж, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Тухайлбал, хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах бөгөөд үүний дагуу аялал зохион байгуулах үйл ажиллагааг зөвхөн олон улсын аялал жуулчлалын тусгай зөвшөөрөлтэй тур оператор эрхлэх юм.
-Тусгай зориулалтын агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аргаль, янгир, идлэг шонхор, тул загас агнах, барих зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох тухай ярьж буй. Байгаль орчны салбарынхан, тэр дундаа амьтан судлаачдын дунд үүнийг эсэргүүцэх хүн цөөнгүй байна. Та бүхэн хуулийн төсөл боловсруулахдаа салбарын судлаач, мэргэжилтнүүдийн байр суурь, саналыг сонссон уу?
-Одоо мөрдөж буй Амьтны тухай хуульдзааснаартусгай зориулалтаар, тэр дундаа олзворын ангийн зориулалтаар ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг Засгийн газраас тогтоосон квотод багтаан, БОАЖ-ын сайдын тушаалыг үндэслэн агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч буюу агнуур зохион байгуулдаг компаниудад олгож байгаа. Энэ нь нэг талаасаа Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон нийтийн өмчийг тодорхой хэдэн хүн давуу эрхтэй өмчилж, ашиг олж буй хэрэг. Бид нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Ан амьтан бол ард түмний өмч, төрийн хамгаалалтад байдаг баялаг. Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцаж, зэрлэг амьтдад хужир мараа, ус дөхүүлж өгснөөрөө тухайн баялгийг бүрэн өмчилнө гэсэн үг биш. Энэ оны зургадугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зориулалтаар ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж заасан. Харин Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдан боловсруулсан Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Зөвшөөрлийн тухай хуульд заасан дуудлага худалдааны журмыг тухайлсан хууль буюу Амьтны тухай хуульд нарийвчлан зохицуулах шаардлагын хүрээнд энэхүү тодорхой хэдэн зүйл амьтанд л дуудлага худалдааны журам баримтлах зохицуулалт нарийвчлан тусгасан. Үүнээс төвлөрүүлсэн орлогын 80 хувийг тухайн агнуурын бүс нутаг хамаарч буй аймаг, сумд, үлдсэнийг нь агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчид олгох юм. Ингэснээр агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчид амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болно.
-Аялал жуулчлалын байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан борлуулахдаа гадаад, дотоодын жуулчдад ялгамжтай байдлаар үнэ тогтоохыг хориглоно гэж хуулийн төсөлд тусгажээ. Энэ бол манайд стандарт шиг л бий болсон үзэгдэл. Тэгвэл үүнийг зөрчсөн тохиолдолд яах вэ?
-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд ийм нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Ялгамжтай байдлаар үнэ тогтоож, үйлчилсэн бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Бизнесийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын иргэн байхаас үл хамааран адил тэгш нөхцөлөөр үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хүнийг нас хүйс, гарал үүсэл, улс орон, үндэс угсаагаар нь ялгаварлан үйлчилж болохгүй.
-Жуулчин аялал жуулчлалын бүсэд отоглох цэгээс бусад газарт байрласан бол торгох юм билээ. Энэ хэр оновчтой зохицуулалт вэ?
-Хуулийн төсөлд “Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, аялал жуулчлалыг зохистой зохион байгуулах, аялагчдад тав тухтай аялах орчин бүрдүүлэх зорилгоор отоглох цэг байгуулж болно” заасан. Отоглох цэг байгуулах шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа гаргана. Харин отоглох цэгийн менежментийг орон нутгийн захиргаа хариуцах бөгөөд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой. Отоглох цэгийг байнгын болон зөөврийн хэлбэрээр байгуулна. Гол нь стандартын шаардлага хангасан байх ёстой. Дотоодын аялагчид отоглох цэгээс бусад газарт түр байрших эрх нь нээлттэй. Дээрх отоглох цэгийн байршлыг орон нутаг нь тухайн байгалийн тогтоц, хил орчмын газар нутаг, тусгай хамгаалалттай бүсийн онцлогоос хамааран орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоож байгаа болно. Ташрамд дурдахад, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, авто зам дагуух түр амрах газар, отоглох цэг хариуцагсад ариун цэврийн байгууламжаа стандартын шаардлага хангахуйц болгож зассан, шинэчилсэн зардлаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасуулж тооцох зохицуулалтыг тусгаад буй.