-Аав, ах хоёрыгоо шатар тоглохыг харсаар байгаад сурсан гэл үү?
-Тийм ээ. Би багадаа ахыгаа дотоод, гадаадын тэмцээнд оролцохыг хараад түүн шиг амжилт гаргана гэж мөрөөддөг байв. Таван настайдаа “Цодгор хүү” өсвөрийн УАШТ-д түрүүлэхэд гэрийнхэн минь их баярласан. Аав, ээж өмнө нь намайг ах шиг тамирчнаар бэлдэх гэж зориогүй. Зүгээр сонирхож тоглоход болно гэж боддог байсан юм билээ. Тэр алтан медаль манайхны бодлыг өөрчилж, үргэлжлүүлэн хичээллэхэд нөлөөлсөн. Би есөн нас хүртлээ ааваараа шатар заалгасан. Дараа жил нь их мастер Б.Гүндаваа багшийн шавь болж амжилтаа ахиулснаар өсвөрийн УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж, Хүүхдийн их наадмын шатрын төрөлд аварга болсон юм.
-Үеийнхээ тоглогчдоос хэнтэй олон таарч, ширүүхэн өрсөлдсөн бэ?
-Ч.Азжаргал, Э.Зол-Учрал нар миний хүчтэй өрсөлдөгч. Бид найзууд, тэмцээнд олон удаа таарсан. Өсвөрийн УАШТ-д Ч.Азжаргалыг хожиж, Э.Зол-Учралд ялагдаж байв. Миний хувьд хожлоо гэж учиргүй баярладаггүй, хожигдсон гэж сэтгэлээр унадаггүй. Тэмцээний дараа найзуудтайгаа энгийн үе шигээ нөхөрлөдөг. Хүсэл, сонирхол минь биднийг нэгтгэдэг юм. Тэд намайг тэмцээнд өөр хүүхэдтэй таарвал “Тэрбээр ингэж тоглодог шүү. Тэмээ, бэрсээр нүүвэл тэгж хамгаалаарай” гээд зөвлөдөг.
-Албани улсад 2018 онд болсон өсвөр үеийнхний ДАШТ-д оролцсоныг тань санаж байна. Тантай аль улсын тамирчин хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлэв?
-Албани улсын Дуррас хотод 2018 онд болсон сурагчдын ДАШТ-д оролцо хоор аавтай хамт явсан. Би тэр үед II ангийн сурагч байлаа. Тэнд хөл тавиад Хар тэнгисийг хараад гайхаж, бахархсан. Миний хувьд эхний өргөөс амаргүй учраатай таарсан. Хөлөг дээр удаан тоглоход ядарч, тэвчээр алдах үе гардаг. Энэтхэгийн тамирчин ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй, зөвхөн тоглолтдоо төвлөрч байлаа. Тэрбээр маш удаан бодож, нүүдэл хийж байсан тул тоглосон тамирчдаас бид хамгийн сүүлд үлдсэн. Тоглолтын цаг өндөрлөх дөхөхөд тэрбээр сандарч, алдаа гаргаад хожигдсон юм. Хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ түүний довтлох арга барил, тактик харж, гярхай тоглодог тэвчээртэй зангаар нь бахархсан шүү.
-Хөлөг дээр өрсөлдөгчтэйгөө хэрхэн тоглож, хождог арга барилаасаа сонирхуулна уу.
-Би довтлох дуртай. Морь, тэмээ, бэрс шидэж, өрсөлдөгчөөсөө эмээхгүй, шийдэмгий тоглодог. Сурагчдын ДАШТ-ий VII өрөгт хожигдчихсон тул медалиас атгах боломжгүй боллоо гэж бодож байв. Сүүлчийн өрөгт Казахстаны тамирчинтай таарахдаа зоригтой тоглоё гэж шийдээд хожсон. Намайг шагнал гардахад аав их баярласан. Тэр үед I ширээнд суусан миний өргийг шууд дамжуулахыг аав хараад Казахстаны тамирчныг хэрхэн хожиж болох талаар зөвлөж байлаа. Надтай тоглосон тамирчдаас ОХУ-ын шатарчин хамгийн сонирхолтой, гоё тоглолт өрнүүлсэн. Түүнтэй эн тэнцүү тоглож, сүүлд нь хоёр хүүгээр мадалж хожсон доо.
-Ирэх жилийн хавар сурагчдын ДАШТ болно. Та оролцох уу?
-Миний амжилттай өрсөлдөхийг зорьж байгаа том тэмцээнүүдийн нэг. Гадаадын тэмцээнд оролцоход зардал өндөр гардаг. Намайг дэмжиж, ивээн тэтгэх ах, эгч нар олдвол сайн л байна. Медаль хүртэхийн тулд бэлтгэлдээ анхаарал хандуулж буй. Б.Гүндаваа багш шавь нараа стратегийн дагуу тоглуулдаг. Өрсөлдөгчийг нь алдаа гаргахыг тайван хүлээх, тал бүрээс нь бодож нүүдэл хийх зэргээр бэлтгэл хийлгэнэ. Миний хувьд ямар ч тамирчинтай тоглосон ноёноо хамгаалдаг. Халдашгүй хамгаалалттай болгож байгаад довтолно. Багшийн заадаг стратеги, миний довтолж тоглохтой зохицдог. Довтлох байрлалаас стратегийн дагуу гурван нүүдэл хийхэд өрсөлдөгч маань ядарч, залхаад алдаа гаргаж эхэлдэг.
-Шатрын тоглолтын гурван төрлөөс алинд нь илүү амжилт гаргасан бэ?
-Би сууж тоглох дуртай. Надад түргэн, түргэвчилсэн тоглолтоос илүү стандарт төрөл таалагддаг. Медалийнхаа олонхыг энэ төрөлд хүртсэн. Би аавынхаа тууштай зангаар бахархдаг. Намайг тэмцээнд тааруухан тогловол зэмлэдэггүй. Бэлтгэл шаргуу хийж, сайн тоглохыг зөвлөдөг. Ээж дайчин зантай. Заримдаа алдаа гаргаж, хожигдох минь тодорхой болсон атал “Тэмцээн дуустал, эцсээ хүртэл тэмц” гэж хэлдэг. Сурагчдын ДАШТ-ий VIII өрөгт бод дутуу тул буугаад өгчихье гээд бодож суутал ээжийн хэлдэг үг санаанд орж, өрсөлдөгчөө алдаа гаргуулахын тулд бэрсээ сул өгч, хожиж байв. Тэр үед тамирчин хүн амжилт гаргах хүртлээ олон зүйлтэй тулгарна, тиймээс амархан бууж өгч болохгүйг ойлгосон.
-33 дугаар сургуулийн багш, сурагчид таныг шатар тоглодгийг мэднэ. Тэмцээний үед урам өгч, дэмждэг биз?
-Намайг гэрийнхнээс минь гадна сургуулийн удирдлага, ангийн багш, хамт олон сайн дэмждэг. Тэмцээнээс медальтай ирэхээр баяр хүргэж, урам хайрлана. Манай сургуулийнхан ах, дүү бид гурвыг шатар тоглодгийг мэддэг. Европын орнууд Монголоос олон цагийн зөрүүтэй. Ахыг гадаадын тэмцээнд өрсөлдөх үед манайхан шөнө унтдаггүй, тоглолтыг нь заавал үздэг. Мальта улсын Мелльеха хотод болсон шатар сонирхогчдын ДАШТ-д ахыгаа хэрхэн тоглох бол гэж маш их догдолсон. Есөн өрөг тоглохоос найм дахь өрөгт өрсөлдөгчөө хожиж, аварга болоход аав баярлаад бүр үсэрч байлаа.
-Шатарчид төвлөрч тоглодог тул дуу цөөнтэй байдаг. Та зан чанарын хувьд ямар хүн бэ?
-Би сэтгэлийн хөдөлгөөнтэй. Сууж тоглодог хүүхдүүдийн дэргэд бол жаахан тэвчээргүй. Хөлөг дээр бодоо шидээд эхлэхэд багш “Тайван тогло. Өрсөлдөгчийнхөө нүүдлийг сайн хар, алдаа гаргахыг нь хүлээ” гэдэг. Миний үеийнхнээс Урангоо өндөр, биерхүү. Нэг удаа түүнтэй тэмцээнд таарахад багш “Шатар тоглоход өндөр, нам байх ер хамаагүй. Эмээлгүй, зоригтой тоглоорой” гэж билээ. Миний хувьд 2020 онд өсвөрийн УАШТ-ий стандарт төрөлд алт, өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Шатрын тамирчид олон цаг сууж бэлтгэл хийдэг. Тиймээс хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, чөлөөт цагаараа сургуулийнхаа усан бассейнд сэлж, биеэ чийрэгжүүлдэг юм.