-Манай улсад ХДХВ/ДОХ-ын тархалт өдгөө ямар хэмжээнд байна вэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа бол?
-Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр бий болгох санаачилгыг 34 жилийн өмнө ДЭМБ-аас гаргасан.
Ингэснээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд улс орнууд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ, нөлөөллийн ажлыг зохион байгуулж ирсэн юм. 2021 оны эцсийн байдлаар дэлхий дахинд 1.5 сая хүн шинээр ХДХВ-ийн халдвар авч, 650 000 хүн ДОХ-ын улмаас нас барсан гэсэн тооцооллыг НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс мэдээлсэн. Одоогоор халдвартай нийт 38.4 сая хүн байна. Монгол Улсын хувьд ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд ордог. Харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай улсад багтаж байгаа. Өнгөрсөн аравдугаар сарын 20-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт 344 хүн байна. Үүнээс өдгөө хяналтад байгаа нь 286. Нас барсан хүний тоо 57. Бүртгэгдсэн тохиолдлын 99.7 хувь нь бэлгийн замаар халдвар авсан байдаг. Эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. Тухайлбал, ХДХВ/ДОХ-той 20 эмэгтэй хүүхэд төрүүлсэн. Тэднээс ес нь давтан төрсөн байна.
-“Глобаль” сангаас манай улсад ХДХВ/ДОХ-той тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний санхүүгийн дэмжлэгийг манай улсад үзүүлж, ямар үр дүнд хүрсэн бэ?
-2003 оноос хойш томоохон найман төсөл амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, 2003-2008 онд “Монгол Улсад ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх, үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлсэн. 2006-2008 онд “Зорилтот бүлэгт чиглэсэн ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хөтөлбөрийг өргөжүүлэх”, 2008-2011 онд “Эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, эмчилгээ, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх замаар ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барих” зэрэг төслийг дурдаж болно. Хамгийн сүүлд 2020 оноос “Монгол Улсад ХДХВ/ДОХ, сүрьеэгээс сэргийлэх, эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь 2023 он хүртэл үргэлжилнэ.
Төсөл хэрэгжүүлж эхэлсэн цагаас 27.1 сая ам.долларын дэмжлэгийг манай улсад үзүүлсэн. Үндэсний хэмжээнд ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх чиглэлээр олон улсын байгууллагаас олгосон нийт санхүүжилтийн 85.6 хувийг “Глобаль” сангийн ДОХ-ын төслөөс санхүүжүүлсэн байна. Үр дүнгийн тухайд хэлэхэд, 2.1 сая ам.долларын лабораторийн оношлуур, урвалжаар хангасан, нэг сая ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж нийлүүлсэн зэргийг дурдаж болно. Мөн ХДХВ-ийн ачаалал болон дархлааны эс тоологч автомат тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн юм. ХДХВ-ийн халдвар авахаас 17 723, ДОХ-ын улмаас нас барахаас 2275 хүнийг хамгаалж чадсан нь гол үр дүн гэж болно. Түүнчлэн ХДХВ-ийн халдвар биеэ үнэлэгчдээр дамжин нийт хүн амд тархахаас сэргийлж чадсан байна. Ерөнхийд нь дүгнэхэд, нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барихад чухал хувь нэмэр оруулсан гэхэд болно. ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд, цус, цусан бүтээгдэхүүн болон эмнэлгийн багаж хэрэгслээр дамжсан тохиолдол манайд байхгүй. Хэрэв тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, дорвитой арга хэмжээ аваагүй бол нөхцөл байдал ямар хэмжээнд хүрэх магадлалтай байсныг “ДОХ-ын тархалтын загварчлал-2018”-д дурдсан нь бий. Тодруулбал, ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол 4083, ХДХВ/ДОХ-той хүний тоо 15 448, ДОХ-ын шалтгаант нас баралт жилд 709-д хүрэх байсан гэж үздэг.
-ХДХВ/ДОХ-той тэмцэх, зорилтот бүлэгт чиглэсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд санхүүжилт хэр хүртээмжтэй байдаг вэ. Манай төр, засгаас санхүүжилт, эмчилгээнд хөрөнгө зарцуулж, хувь нэмрээ оруулдаг уу?
-ДОХ-ын санхүүгийн зарцуулалтын үндэсний үнэлгээг харвал 2017 онд нийт санхүүжилтийн 32.4 хувийг улсын төсвөөс, 63.3 хувийг олон улсын байгууллагаас гаргажээ. Дараа жил нь улсын төсвийн санхүүжилт 49, 2019 онд 56 хувь болж нэмэгдсэн. 2021 онд эл үзүүлэлт 52 хувьтай байлаа.
-ДОХ нь одоогоор анагаах боломжгүй өвчинд тооцогдож байгаа. Тиймээс уг өвчинтэй тэмцэхээс илүү урьдчилан сэргийлэх нь чухал гэсэн хандлага олон улсад байдаг. Ялангуяа хүүхдүүдэд багаас нь мэдлэг ойлголт өгөх, сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт тусгах ёстой ч гэдэг. Манай улсын тухайд урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрхэн хийж байна вэ?
-2018 оноос хойш ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл оруулж байгаа. 4-12 дугаар ангийн эрүүл мэндийн хичээлийн сурах бичигт “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл ахуй”, “Анхны тусламж, аюулгүй байдал”, “Эрүүл хооллолт ба дасгал хөдөлгөөн” гэсэн бүлэг сэдвийг тусгаад байна.
-Манай улсад голчлон хэдэн насныхан ХДХВ/ДОХ-оор өвчилсөн бол?
-30-34 насныхан хамгийн олон буюу 20.7 хувийг эзэлдэг. 25-29 насныхан 18.9, 20-24 насныхан 15.1 хувийг эзэлж байгаа нь өндөрт тооцогдох үзүүлэлт юм. Мөн 6.1 хувь нь 16-19 настай байна.
-ДОХ-той гэж оношлогдсон хүмүүсийн амьдрах хугацаа өдгөө хэдэн жил байна вэ. Манай улсад болон олон улсад эл хугацаа ямар байгааг мэдээлэх боломжтой юу?
-Өмнө нь ХДХВ/ДОХ-ын шалтгаант нас баралтын хувь хэмжээ дэлхий даяар маш өндөр байлаа. Ийм учраас олон сая хүнд занал учруулж байсан уг өвчинтэй тэмцэх зорилгоор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны санаачилгаар 2002 онд “Глобаль” санг байгуулсан. Орчин цагт шинжлэх ухаан хурдацтай хөгжихийн хэрээр эм, эмчилгээнд дэвшилт гарч, халдвартай хүн ретровирусийн эсрэг эмийг өдөр бүр ууснаар бусдын адил амьдрах боломж бүрдсэн байдаг. Мөн вирусийн эсрэг эмийг өдөр бүр ууснаар бусдад халдвар тараах эрсдэлгүй болсон.
-ДОХ-той нь батлагдсан нэг хүний ард халдваравснаа мэдээгүй, илрүүлээгүй олон хүн байдаг гэх таамаглал бий. Хэрэв өвчилсөн нэг хүний ард олон нууц тохиолдол байдаг бол үүнийг хэрхэн эрт илрүүлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс бүх нийтийн эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байгаа. ХДХВ, бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээ уг үзлэгийн багцад багтаасан. Үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж, хувь хүн бүр хариуцлагатай байснаар халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.
-Манай улсад ДОХ-ын тархалт 0.1 хувьтай буюу багад тооцогддог. Хэдийгээр тархалт бага ч хүн ам цөөтэй улсын хувьд эл тоог анхаарахгүй өнгөрч болохгүй гэх нь ч бий. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?
-“Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр сүүлийн 20 орчим жил халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барьж чадсан. Ингэхдээ ДЭМБ-аас тодорхойлдог эрсдэлт бүлгийн хүн амын дунд илрүүлэг, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж, бусад арга хэмжээг ч тогтмол хэрэгжүүлж ирлээ. Эрсдэлт бүлгийн хүн амын дундах халдварыг тогтоон барьснаар нийт хүн ам руу халдвар тархах эрсдэлийг бууруулсан.
-ХДХВ/ДОХ-той холбоотой ярьдагнэгасуудалньхүний эрх. Өөрөөрхэлбэл, өвчилсөниргэдийнхувийнмэдээллийгхамгаалах, хүний эрхийгхангах ньчухалдтооцогддог. Манай улсадсүүлийнүедэнэчиглэлдахиц дэвшилхэрих гарчбайгаа вэ?
-Манай улс НҮБ-ын Хүний эрхийн үндсэн найман гэрээ, тэдгээрийн нэмэлт есөн протоколд нэгдээд байна. Тэдгээр гэрээ, протоколын зарчмыг манай улсын Засгийн газар сахин хамгаалж, биелүүлэх үүрэгтэй. Үүний дагуу хүний эрх, тэр дундаа халдвартай иргэдийн нууцыг хадгалах, хамгаалах нь маш нарийн зохицуулалттай байдаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар эрүүл мэндийн мэдээллийг хамгаалах зохицуулалттай. Үүнээс гадна Эрүүл мэндийн сайдын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай тушаалаар өвчтөний нууцыг хадгалах, хамгаалах талаар тусгасан байдаг. Түүнчлэн ХӨСҮТ-ийн мэргэшсэн, туршлагатай баг, хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүнд үндэсний хэмжээний тогтолцоо, тэр дундаа орон нутгийн эмч нарыг чадавхжуулахад ахиц гарсаар байна.
-“Глобаль” сан Монгол дахь төслөө зогсооно гэсэн мэдээлэл нэг хэсэг сонсогдож байлаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-“Глобаль” сан нь хөгжингүй улсуудын Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудаас хөрөнгө босгож, дунд болон дундаас доогуур орлоготой оронд дэмжлэг, санхүүжилт олгодог. 2023-2025 онд энэ чиглэлээр нийт 15.7 тэрбум ам.долларын хөрөнгө босгох үйл ажиллагааг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены ивээл доор амжилттай зохион байгууллаа. Үүний дагуу халдварын тархалт өндөр, эдийн засгийн үзүүлэлт бага улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. “Ковид-19” цар тахлын нөлөө болон Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр манай улсын эдийн засаг хүндхэн байгаа. Иймд 2025 он хүртэл “Глобаль” сангаас санхүүжилт авах хэрэгцээ, шаардлага манай улсад нэн өндөр болсон. Тиймээс дараагийн гурван жилийн төсөл боловсруулах ажлыг ирэх оноос эхлүүлэхээр бэлтгэж байна.
Бэлтгэсэн М.Оч