-Сонгодог урлагаар багаасаа хичээллэж байж амжилтад хүрдэг. Тийм ч болохоор ээж, аав нь нөлөөлж, урлагт хөтөлсөн байдаг юм билээ. Таныг балетын урлагт хэн хөтлөв?
-Нагац эгч минь намайг урлаг руу зүглүүлсэн. Хөгжим бүжгийн коллеж төгссөн, шанз хөгжимчин хүн л дээ. Тэрбээр намайг багад ажиглаж, бүжгийн эвсэлтэй гэж харсан юм билээ. Ингээд аав, ээжид “Хүүгээ шалгуулаад үз” гэж зөвлөсөн гэсэн. Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангийн элсэлтийн шалгалт ч ойртчихсон байсан үе. Ингээд шалгуулж тэнцээд, Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг багшийн удирдлагад суралцаж, 2015 онд төгссөн.
-ДБЭТ-ын босгыг хэрхэн давав. Анх ямар дүрд бүжиглэсэн бэ?
-Оюутан байхаасаа л ДБЭТ-ын тоглолтуудад оролцдог байлаа. 2014 оноос театртаа гэрээгээр ажиллаж эхэлсэн. Сургуулиа төгсчихөөд ч олны хэсэгт, туслах дүрүүдэд л гардаг байсан санагдана. Хүүхэд байхдаа “Щелкунчик”-т оролцдог байв. Тайзан дээр алдаа гаргахад ах, эгч нар “Жаахан юм чинь яах вэ. Дараа нь алдахгүй байхад болно” гээд л өхөөрдөнө. Оюутан байх үедээ тоглолтуудад оролцоход ч мөн л намайг хаацайлдаг, эвийлдэг байлаа. Харин сургуулиа төгссөний дараамэргэжлийн шаардлага тавьж, хариуцлагатай байхыг ухамсарлуулсан. Би ч театрынхныхаа итгэлийг алдахгүй байхыг хичээдэг.
-Бүжиглэсэн дүрүүдээс тань хамгийн төвөгтэй, ярвигтайгаар бүтсэн нь аль бол?
-Өнгөрсөн аравдугаар сард Л.Минкусын “Дон Кихот” балетын гол дүр Базильд бүжиглэсэн. Эл дүрд тоглох хамгийн хэцүү байсан. Бүжгийн техникээс гадна жүжиглэх ур чадвар шаарддаг дүр л дээ. Ер нь эрэгтэй балетчдын шандас сорьдог дүр гэхэд хилсдэхгүй.
-Залуу уран бүтээлчид “хувирах”- ыг хүсдэг дүр зөндөө бий байх. Хүссэн дүрдээ бүжиглэж чадсан уу?
-Мэдээж зөндөө бий. Гол нь бүх зүйл надаас л шалтгаална. Би ер нь сая дурдсан Базиль шиг бүжиглэх, жүжиглэх ур шаардсан дүрүүдээр өөрийгөө сорихыг хүсдэг. С.Прокофьевын “Ромео, Жульетта хоёр”, А.Аданы “Корсар”, мөн “L’histoire de Manon” буюу “Манон” балетад тоглохыг хүсдэг. Кеннет Макмилланы эл балетыг Монголд тоглодоггүй.
-Таны тайзан дээр бүтээсэн аль дүр өөртэй тань адил зан араншинтай мэт санагдсан бэ?
-Ф.Херолдын “Дэггүй Лиз”-ийн Колен юм уу даа. Сэргэлэн цовоо залуугийн дүр. Харин “Дон Кихот”-ын Базиль яг миний эсрэг дүр шиг санагдсан. Өөрийгөө эл дүрд тоглох болоогүй л гэж боддог байв. Гэхдээ бүжиглэсний дараа үзэгчид болон багш нараасаа урмын үг их сонссон. Бас шүүмжлэл ч сонссон.
-Хэнээс хамгийн хатуу зэмлэл, шүүмжлэл сонсож байв?
-Багш нартаа л их магтуулж, бас зэмлүүлдэг дээ. Тоглолт бүрийнхээ дараа багш нараасаа сэтгэгдлийг нь сонсож, магтвал урам авч, хариуцлагаа улам мэдрээд, шүүмжлүүлбэл түүнээс сургамж авч, алдаагаа засаад урагшлах дуртай.
-Та “Номадик балет” продакшны бүрэлдэхүүнд хэзээнээс багтав. Танай продакшныхан ямар шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна вэ?
-2016 оноос “Номадик балет”-ынхаа уран бүтээлд оролцож байна. ДБЭТ-ын балетын тэргүүн зэргийн гоцлол бүжигчдээс бүрдсэн продакшн учраас мэргэжлийн түвшний, сонирхолтой тоглолт үзэгчдэд хүргэхээр зорьдог хамт олон. “Мэдрэхүй”, “Цасангоо ба долоон одой”, “Carmen suite”, “Ус”, “Gran¬deur”, “Legend”, “Бие үгүй” зэрэг тоглолтоо хүргэж байв. Хамгийн сүүлд энэ сарын 27-нд ах, дүү Гриммийн шидэт үлгэрээс сэдэвлэсэн “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг толилууллаа. Цаашдаа ч олон сонирхолтой, чанартай уран бүтээл хүргэнэ.
-Бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Их сонин. Тайзан дээр байх үед яагаад ч юм бэ бүх зүйлээс тасарчихдаг, бүжигтээ л автчихдаг. Өөрийгөө тайзнаас хол байгаагаар төсөөлж чадахгүйгээр автчихаж.
-Мэргэжлийн бүжигчин байхыг амтыг хэзээ анх мэдэрч, шунав?
-Яг одоо би ид бүжиглэдэг насан дээрээ явна. Гэхдээ амт мэдэрч шунахаас илүү хариуцлага мэдрэгддэг.
-Олон улсын ямар ямар уралдаанд эх орноо төлөөлж оролцсон бэ?
-Хамгийн анх ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Орос-Япон-Еврази” балетын уралдаанд оролцож, сонгодог болон модерн бүжгийн төрөлд тус тус мөнгөн медаль хүртсэн. Дараа нь БНХАУ-ын Шямынь хотод зохион байгуулдаг уралдаанд мөн л дээрх хоёр төрөлд хүрэл медаль авсан. Сүүлд ОХУ-ын Москва хотод болсонолон улсын театрын уралдаанд оролцсон. Уралдаан гэхээсээ илүүтэй их театрын тайзан дээр бүжиглэх гайхалтай сайхан байсан. Балетын уралдаанд оролцоход насны хязгаартай. Миний нас эл хязгаарт хүрэх дөхөж буй тул чансаатай ганц нэгхэн уралдаанд оролцоно. Ирэх жил АНУ-ын балетын олон улсын уралдаанд оролцохоор төлөвлөж буй.
-Балетчин богино настай мэргэжил шүү дээ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө юу хийж амжуулмаар байна вэ. Олонх балетчин балетмейстер болж, эсвэл багшилдаг. Харин та юу хийхээ төлөвлөсөн үү?
-Мэдээж боддог. Би балетаас гадна модерн бүжигт сонирхолтой. Гадаададэнэчиглэлээр сурч, ажиллаж, цаашлаад дэглээч болох хүсэлтэй.
-Манайд сонгодог урлагийн үнэлэмж муу, үзэгчдийн хүрээ ч хумигдмал. Боломж, ирээдүйгээ бодвол гадаадын театрт ажиллах нь илүү нэр хүндтэй, мөн хөдөлмөрийн үнэлэмж ч өндөр байх.
-Сая хэлсэнчлэн тийм бодол бий. Бүжиглэх ид насандаа гадаадын театруудад ажиллаж үзмээр байна. Монголын чадварлаг олон гоцлооч гадаадын алдартай театрт ажиллаж байна. Хэрэв эндэх цалин, хангамж нь боломжийн байсан бол тэд гадаадад ажиллах сонголт хийхгүй л байсан болов уу.
-Тухайлбал, гадаадын аль театрын тайзан дээр та гарч үзэхийг хүсдэг бол?
-Модерн бүжгийн төрлөөр бол АНУ, эсвэл Европын театрууд илүү сонирхолтой. Ялангуяа дэлхийн хамгийн том театруудын нэг Английн “Royal ballet”-ын тайзан дээр бүжиглэмээр байна.
-Балетчин байх хэцүү, шантрах үе олон ч урлагт дуртай, мэргэжилдээ хайртай болохоор тэсэхээс өөр аргагүй гэдэг. Танд тийм шантрах үе тохиосон уу?
-Ядрах, бэртэх, шантрах үе гардаг л юм. Тэглээ гээд больё гэж бодож байгаагүй ээ. Дуртай зүйлээ хийж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа болохоор ухрах, болих хүсэл төрдөггүй ээ.
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Эзэмшсэн мэргэжил тань танд ямар зөв дадал суулгав?
-Сонгодог урлаг хүнийг гоо зүйн мэдрэмжтэй, сэтгэлийн хат, тэсвэр хатуужилтай болгоно. Аливаад чин сэтгэлээсээ, нухацтай, хариуцлагатай хандахыг ч мөн сургасан гэж боддог.
-Жон Драйден “Бүжиг бол биеэр илрэх яруу найраг”, Марта Грахам “Бүжиг бол хүний сүнсний нууц хэл” гэсэн нь бий. Харин таныхаар бүжиг гэж юү вэ?
-Яг одоо бол бүжиг лминий амьдрал болчихоод байна. Тайзан дээр бүжиглэх мөчүүдийг юутай ч зүйрлэшгүй.
Бэлтгэсэн А.Тайшир