-Гэрлэлт батлуулах хүмүүс генетикийн шинжилгээ заавал өгөх ёстой гэсэн шинэ зохицуулалтын талаарта ямар бодолтой байна вэ?
-Цахимаас энэ тухай мэдээ уншсан. Хуулийнх нь төсөлтэй танилцаагүй учраас нарийн ширийнийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ бол маш тэнэг зүйл. Тийм боломж байхгүй. Боломжгүй учраас ийм зүйл хийх хэрэггүй.
-Боломжгүй гэдэг нь ямар утгатай юм бол?
-Гэрлэх гэж буй хоёр хүний цус ойртох гэж байгаа, эсэхийг генетикийн шинжилгээгээр тогтоох боломж одоохондоо дэлхийд байхгүй. Шинжлэх ухааны үүднээс боломжгүй зүйл.
-Тодруулбал?
-Нэгдүгээрт, дэлхийд ийм шинжилгээний арга зүй, стандарт гараагүй байна. Хоёрдугаарт, манай улсад цус ойртолтын талаар хийсэн бүтэн геномын суурь судалгаа, стандарт байхгүй. Эхлээд ах, дүү нарын хооронд харьцуулсан анализ хийх ёстой. Ард нь тэдгээрийн дараагийн цус холдолтонд анализ хийх шаардлагатай. Асар олон хүнийг үүнд хамруулах хэрэгтэй болно. Улмаар генерац, үе болгоны салсан хүмүүсийн дунд маш их судалгааг системтэйгээр хийж, стандарт боловсруулсны дараа л ямар нэг баримжаатай зүйл хэлэх боломжтой. Тэрнээс өмнө ямар ч аргагүй. Ийм судалгааг бид ойрын 10 жилдээ ч хийж чадахгүй. Энэ нь асар өндөр өртөгтэй. Цар тахлын үед коронавирусийн генотип тогтоох шинжилгээнүүдийг шинэ үеийн багажаар хийсэн шүү дээ. Ингэхэд нэг дээжийг шинжлэх урвалж нь 200 орчим ам.доллар буюу 700-гаад мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ бол жижигхэн вирусийн геномын доторх маш өчүүхэн хэсгийг хамруулсан шинжилгээ. Цус ойртсон, эсэхийг тогтооно гэдэг үүнээс хэдэн мянга дахин ярвигтай. Хүний геном 3.2 тэрбум нуклеотидээс тогтдог. Эдгээрийг хамгийн хялбар аргачлалаар шинжлэхэд л нэг хүнд багадаа 1500 ам.доллар зарцуулна. Жил бүр 40 мянган хүн оношилно гэж тооцоолбол 200 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Энэ нь манай улсын эрүүл мэндийн салбарын төсвийн хэдэн хувьтай тэнцэх вэ. Багажнаас ямар нэг хариу гарсан ч бид түүнд дүгнэлт хийх боломжгүй. Тэндээс ямар ч эмх замбараагүй дижитал мэдээлэл л авна. Суурь судалгаагүй бол үүн дээр анализ хийгээд ч нэмэргүй. Тэгэхээр энэ нь шинжлэх ухааны үүднээсээ ч, эдийн засаг талаасаа ч боломжгүй зүйл юм.
ГЭР БҮЛ ЗОХИОХ ЭРХИЙГ НЬ ИРГЭДЭД “ҮЛДЭЭХ” ХЭРЭГТЭЙ
-Үүнийг хэрэгжүүлснээр ямар сөрөг нөлөө амсах вэ. Иргэд “Гэрлэлт батлуулах хүний тоо цөөрнө. Тэр хэрээр хосуудын бие биеийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага багасаж, хүүхэд хохирно” гэхчлэн өнгөц зүйл ярьж байна лдаа. Та шинжлэх ухааны салбарын хүн учраас арай өөр зүйл хэлэх болов уу?
-Шинжлэх ухааны үүднээс энэ зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүйг хүмүүс тэр бүр мэдэхгүй шүү дээ. Төр, засгаас нь ийм зүйл яриад эхлэхээр “Боломжтой юм байна. Бидний сайн сайхны төлөө үүнийг хийх нь” гэж итгэж байгаа болов уу. Ер нь төрөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудыг харахаар хэцүү санагдах болсон. Гэрлэх гэж буй хүн болгоноос генетикийн шинжилгээ авч, гэр бүл болох зөвшөөрөл олгоно гэдэг нь цаагуураа маш их урхагтай. Монгол хүний ёс суртахуунд асар хохиролтой. Үндсэндээ монгол хүнийг мал гэж үзэж буй хэрэг. Хүн насанд хүрээд, тодорхой хэмжээнд ухамсартай, үүрэг хариуцлага хүлээх чадвартай, энэ улсын бүрэн эрхт иргэн болсон гэдгээ баталгаажуулж үнэмлэх авсан үедээ гэр бүл зохиодог шүү дээ. Гэтэл үүнийг нь хүчээр зохицуулна гэдэг байж боломгүй зүйл. Байгаль, нийгмийн гүн үндэстэй, соёл, уламжлалын нандин харилцаанд шинжлэх ухааны үндэслэлгүй, захиргааны бүдүүлэг хэм хэмжээ тогтоож байгаа нь эрүүл хүний тархинд таамгаар мэс засал хийж байгаатай адил маш аюултай зүйл. Иргэдийг мал болгох гэсэн оролдлого гэж харж байна. Монгол хүнд ухамсарт иргэнийх нь хувиар итгэл хүлээлгэж, гэр бүл зохиох эрхийг нь өөрсдөд нь үлдээх хэрэгтэй. Хэрэв ийм захиргааны хэм хэмжээ тогтоочихвол гэрлэлттэй холбоотой Монголын уламжлал, түүх, үнэт зүйл устана, бүдгэрнэ. Нийгэм, соёлын хувьд ихээхэн хортой. Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” гэж тунхагласан орны парламент ийм болчимгүй хууль баталж, хэрэгжүүлнэ гэдэгт итгэхгүй байна.
-Энэ оноос мөрдөж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд генетик болон биометрик мэдээллийг “эмзэг мэдээлэл”-д багтаасан байдаг. Тэгэхээр үүнийг захиргаадалтын аргаар цуглуулах нь хувь хүний нууцад халдаж буй хэрэг. Магадгүй эдгээрийг алдах эрсдэлч бий байх?
-Тэгэлгүй яах вэ. Ийм технологийг монголчууд өөрсдөө бүтээдэггүй. Бид хэрэглэгч. Үүнийг эзэмшдэг цөөн орон бий. Генетикийн шинжилгээг төрөл бүрийн зорилгоор өргөн хүрээнд хийдэг. Гэхдээ тэр нь цус ойртолтын эрсдэл тогтоох биш, өөр зорилготой шинжилгээнүүд. Жишээлбэл, тодорхой нэг хавдрын болон удамшлын өвчний эрсдэл тогтоох зорилготой генетикийн шинжилгээнүүд бий. Эдгээр нь бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй, суурь судалгаатай, стандарттай. Тухайн шинжлүүлэгч иргэн өөрийн хүсэлтээр үүнийг хаана ч хийлгэж болно. Тэгэхэд тэр бүх мэдээлэл үүлэн тооцооллын систем рүү явна. Stand alone буюу дангаараа, сервертэй холбоогүй ажилладаг орчин үеийн багаж байхгүй. Тухайн багажийг интернэтээс салгавал огт ажиллахгүй. Бүх мэдээлэл “BaseSpace” гэж мэдээллийн хаб руу явдаг. Энэ чиглэлээр дэлхийд монополь “Illu¬mina” компани үүнийг эзэмшдэг юм. Монголд жилд дунджаар 20 мянган хос гэрлэдэг гэсэн тооцоо бий. Тэгэхээр жил тутам системтэйгээр 40 мянга гаруй хүний генетикийн ямар нэг мэдээлэл гадаад руу, технологи эзэмшигч компани руу автоматаар “явна аа” гэсэн үг.
-Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаа ажлын хэсгийнхэн “Одоогоор Монголд генетикийн шинжилгээ хийх технологийн бааз суурь, чадамж байхгүй ч үе шаттайгаар нутагшуулах боломжтой” гэж ярьж буй.
-Багаж авчрахаа л яриад байгаа юм. Энэ асуудал биш. Гол нь тухайн багажин дээр шинжлэх ухааны үндэслэлтэй анализ хийдэг болох хэрэгтэй. Цус ойртолтыг тогтоох шинжилгээг яриагүйг дахин онцолъё. Сая цар тахал дэгдэх үед манайхан хамгийн жижиг хэмжээний багаж авчирч, коронавирусийн генотип тодорхойлох шинжилгээнүүдийг хийж эхэллээ шүү дээ. Энэ байж болно. Амьтан, ургамал, адуу, малд ч шинжилгээ хийх боломжтой. Өөрийгөө удамшлын хөхний хавдартай байж болзошгүй гэж сэжиглэж буй хүн урьдчилан сэргийлэх зорилгоор ХСҮТ-д ийм чиглэлийн шинжилгээ мөн өгч болно. Эдгээр нь цус ойртолтыг тогтоох шинжилгээнээс тэс ондоо. Бидний боломжгүй гээд буй зүйл бол гэр бүл болох гэж байгаа хоёр хүнийг захиргааны журмаар генетикийн шинжилгээнд албадан хамруулж, цус ойртолттой, эсэхийг нь тогтоогоод, түүнд нь үндэслэж гэрлэх зөвшөөрөл олгох утгагүй шийдвэр юм. Үүнийг балай гэхээс яах вэ.
НАЦИСТ ГЕРМАНЫ ҮЕД Л ИЙМ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙСАН
-Манай улс өдгөө генетикийн шинжилгээг хаана, ямар аргачлалаар хийдэг юм бэ?
-Уламжлалт болон шинэ үеийн технологи гэж хоёр янз бий. Уламжлалт технологи нь тодорхой бай генүүдийг онилж тогтоодог. Шинэ үеийнх нь геномыг нийтэд нь унших чадамжтай байдаг. Өдгөө манай улсад уламжлалт технологийн 11 ширхэг багаж байгаа. Харамсалтай нь, үүний 10 нь ажилладаггүй. ШШҮХ-д буй ганц багаж нь л ажилладаг. Эдгээрийг улсын төсөв, зээл, тусламжийн хөрөнгөөр авсан атлаа огт ажиллуулдаггүй, ашигладаггүй юм. Цаана нь гүн учир шалтгаан бий байх. Энэ багажийг ажиллуулах зорилгоор холбогдох хүмүүстэй өчнөөн удаа уулзаж ярилцсан ч бүтээгүй. Цусны хавдартай, генетикийн оношилгоо байнга хийлгэх шаардлагатай хүмүүс үүнээс болоод гадаад руу явдаг. Цар тахлын үеэр ХӨСҮТ-д шинэ үеийн багаж суурилуулсан. Тэдгээрийг ажиллуулж байгаа байх.
-Санаатайгаар төрөл садныхаа хүнтэй гэрлэсэн тохиолдолд ял шийтгэл ногдуулах тухай ч ярьж байгаа юм билээ.
-Санамсаргүй гэрлэнэ гэж байхгүй шүү дээ. Бүх хүн ухамсартайгаар, санаатайгаар гэрлэдэг. Бид цус ойртолтоос хамгаалсан нийгэм, зан заншил, ёс суртахууны гүн үндэстэй ард түмэн. Өөрсдийгөө ингэж гутааж болохгүй. Монголчууд агуу түүхтэй, өвөг дээдэстэй, нийгэм, соёлын хангалттай дархлаатай ард түмэн. Монголын төр иргэддээ итгэх ёстой.
-Ер нь дэлхийд ийм хууль хэрэгжүүлж байсан, өдгөө мөрдөж буй улс бий юү?
-Байсан. 1935 онд Нацист Германд Үндэстний удмын ариун цэврийг хамгаалах хууль баталсан. Энэ хуулиар гэр бүл болж буй хүмүүс орон нутгийнхаа эмнэлэгт шинжилгээ өгч, цэвэр үндэстэн, янз бүрийн удамшлын өвчингүй гэдгээ батлах шаардлагатай болсон. Эмнэлгүүдэд нь SS (Schutzstaffel нь Германы нацист намын удирдлага дор үйл ажиллагаа явуулж байсан, хагас цэрэгжүүлсэн байгууллага)-ийн докторууд ажилладаг. Тэд ирсэн хүмүүсийн удам судрыг нягталж үздэг. Тухайн үед цэвэр ари үндэстний гадаад бүтэц буюу морфологийн шаблон гаргачихсан байсан. Стандарт гэсэн үг. Хүмүүсийг тэр стандарттай харьцуулдаг байж. Тодруулбал, нүүрний хэсэг, гавлын бүтэц зэргийг нь тулгаж хараад, стандарттай нь таарч байгаа тохиолдолд гэрлэж болно гэсэн батламж олгодог. Ийм батламжгүй бол гэрлэх боломжгүй. Ингэж л хүний эрхэд халддаг байсан юм. Нацист Германы үед шүү дээ. Адольф Гитлер “Миний тэмцэл” хэмээх номдоо дурдсан байсныг нь хэрэгжүүлсэн хэрэг. 1945 онд Герман улс дайнд ялагдахад үүнийг хэрэгжүүлсэн хүмүүс цөм ял авсан. Шаблон боловсруулсан Берлиний Кайзер Вильгелмийн институт нэрээ сольсон байдаг. Үндсэндээ шившигтэй үйл ажиллагаа болсон гэж үздэг юм л даа. Ийм л түүх байна. 1935 онд Нацист Германд баталж байсан хуулийг 2023 онд ардчилсан Монголд хэрэгжүүлж болохгүй. Дэлхийд ийм хууль санаачилсан хоёр дахь орон болно гэдэг ямар том шившиг вэ?
МОНГОЛЧУУДЫН ГЕНЕТИКИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ МАШ ӨНДӨР
-Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ энэ оны эхээр баталсан. Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хуульд тус зохицуулалтыг тусгахаар болсон юм билээ. Цус ойртолт гэдэг зүйл ийм арга хэмжээ авах түвшинд хүртлээ гаарчихсан юм гэж үү?
-Өнгөрсөн жилийн өдийд эл тогтоолтой холбоотойгоор Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцүүлэгт оролцсон юм. Тэр үед ч “Гитлерийн Германы үеийнх шиг шившигтэй зүйл болох нь” гэж хэлж байлаа. Аливаа зүйлд ерөнхий үзэл санаа, философи, ач холбогдол гэж байдаг шүү дээ. Эдгээр зүйл энэ тогтоолд ер харагдахгүй байгаа юм. Их сонин.
Тухайн тогтоолыг батлах үндэс болсон судалгааг хийсэн Э.Энхмаа доктор монголчуудын бараг 98 хувь нь цус ойртсон гэж дүгнэсэн. Үнэхээр ийм хэмжээнд хүрсэн бол монголчууд ямар ч үржил хөгжилгүй болоод, сөнөнө шүү дээ. Биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл амьтад цус ойртсон тохиолдолд эвцэлдэн үржих тэмүүлэлгүй болдог. Үр төлөө ч өсгөн бойжуулж, хайрлан хамгаалж чаддаггүй. Инстинкт нь алга болчихдог. Хүний тухайд хамгийн түрүүнд оюуны хомсдол бий болдог. Одоогоор манай улсад оюуны хомсдолтой хүний тоо дэлхийн дунджаас тийм их байна уу гээд судлахаар үгүй. Дээрх судлаач чухам юунд үндэслэж ийм дүгнэлт хийсэн бэ гэдэг нь хачирхалтай. Судалгааны арга зүйгээ одоо болтол танилцуулаагүй. Тиймээс итгэхгүй байгаа.
Монголчуудын генетикийн олон янз байдал сэдвээр гадаадад хийсэн судалгаанууд бий. Бид тэдгээр судалгааг цуглуулж, МУИС-даа семинараар хэлэлцүүлсэн. Тэгээд монгол хүний генетикийн олон янз байдал маш өндөр байна гэж дүгнэсэн. Монголчуудыг Зүүн хойд Хятад, Солонгос, Казахстан, Сибирийн ард түмэнтэй их жишдэг. Нийт зүүн азиудтай харьцуулсан судалгаа ч бий. Тэдэнтэй харьцуулахад индо-европ маягийн генетикийн маркеруудын хувь харьцангуй өндөр гарсан байдаг. Бидний саяхан IL28B генд хийсэн нэгэн судалгааны үр дүн ч монголчуудыг Ази, Европын дундын маягтай, баялаг гений өгөгдөлтэйг нотолж буй.
Алслагдсан орон нутгийн тодорхой хэсгүүдэд цус ойртолт өндөр байхыг үгүйсгэхгүй. Тийм газруудад хүн амын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх, сэлгэх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгвэл нэг үеийн дараа л намжчихна. Тахьтай холбоотой судалгаа байдаг шүү дээ. Нэг үе дэлхийд 11-хэн тахь үлдсэн. Цус ойртсоноос ийм байдалд хүрсэн юм. Ингээд сэлгэн үржүүлэх тодорхой арга хэмжээ авсны үр дүнд ердөө 1-2 үеийн дотор цусыг нь холдуулж чадсан. Одоо өсөж үржээд, 3000 орчим болчихсон. Хүмүүсийн дунд ийм үйл ажиллагаа хүчээр зохион байгуул гэсэн юм биш, шинжлэх ухааны үүднээс ямар боломж байгааг ойлгуулахыг зорилоо. Монголчууд цус ойртоод, яадгаа алдаад, захиргааны албадлагын хэм хэмжээ тогтоох хүртлээ доройтоогүй гэж үзэж байна. Тийм байдалд ч хүрэхгүй. Одоо бид 3.5 саяулаа болчихсон шүү дээ.
-Гэтэл төр, засаг нь энэ асуудлыг маш нухацтайгаар авч хэлэлцээд, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гээд байгаа шүүдээ. Тэгвэл ингэж харагдуулах, ийм байгаа мэтээр ойлгуулах шалтгаан нь юу байж болох вэ?
-Тодорхой бүлэг хүмүүсийн эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой болов уу гэж харж байна.
-Та сүүлийн үед ямар судалгаа шинжилгээний ажилд төвлөрч байна вэ?
-Манай лаборатори инженерчлэл, технологийн чиглэлээр түлхүү ажилладаг. Гадаадын орнуудтай харьцуулахад Монголд гепатит Д вирусийн тархалт өндөр байдаг. Харамсалтай нь, ийм вирус оношлох технологи дэлхий дахинд муу хөгжсөн. Бид сүүлийн үед энэ чиглэлийн оношлуур бүтээх, цаашлаад био анагаахын чиглэлд нэн шинэ үеийн оношлуурын материал судлал, арга зүйн концепцын судалгаануудыг хийж байна. Яг одоогоор генетикийн судалгааны чиглэлээр хийж байгаа зүйл алга. 4-5 жилийн өмнө нэгэн төслийн хүрээнд ийм судалгаа хийсэн. Эрдэмтэд бол төслөөс төслийн хооронд л “харайж явдаг” хүмүүс шүү дээ.
-Ер нь манай улс бодлого, шийдвэр гаргах түвшинд тухайн салбарын эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг хэр сонсдог юм бол?
-Муу. Манай парламент сөрөг хүчингүй, үнэмлэхүй олонх учраас их дураараа аяглаж байна. Тиймдээ ч зарим нь ийм нарийн, гүн урхагтай асуудлыг бярдаад хийчихдэг амархан зүйл гэж бодоод байх шиг. Аливаа нэг шийдвэр гаргахдаа ямар уршиг дагуулах эрсдэлтэйг, тэр нь түүхэнд хэрхэн тэмдэглэгдэх вэ гэдгийг нэн түрүүнд бодолцох ёстой юм. Ялангуяа гэр бүлтэй холбоотой асуудалд. Хүн төрөх, гэрлэх, үхэх гэсэн хэдхэн том хүмүүнлэгийн асуудлыг туулдаг юм. Эдгээр нь нийгэм, соёлын гүн үндэстэй байдаг. Мэдэхгүй зүйлээрээ хамаагүй оролдож болохгүй. Нийгэм хямралтай байгаа энэ цаг үед асуудалд дотроо бодолтой, доороо суурьтай хандах хэрэгтэй. Бидний хойд хөрш нацизмыг устгана гээд зэргэлдээх улс руугаа цэрэг довтолгож, байлдаж буй. Ийм эмзэгтэй цаг үед эрх баригч нам энэ асуудалд буурьтай хандаасай. Тухайн хуулийн төслийг цаашид намын бүлгээр хэлэлцүүлэх байх. Зохицуулалтаа эргэж хараасай, таслан зогсоох арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Парламентад боловсролтой, аливааг наанатай цаанатай хардаг хүн зөндөө бий. Монгол Улс ийм хуультай болно гэхээр ер төсөөлөгдөхгүй, зүүд шиг л санагдах юм.
-Хурууны хээгээр генетикийн оношилгоо хийж, тухайн хүний оюуны чадамжийг тодорхойлж, мэргэжил сонгоход тусалдаг төлбөртэй үйлчилгээ олширсон талаар та нийгмийн сүлжээнд бичсэн байсан.
-Энэ бол луйвар. Боломжгүй зүйл. Хүмүүс өчнөөн асуудаг. Худлаа гэдгийг нь хэлдэг.