Нийт нутгаар энэ сарын 27-ноос цас орж, эрс хүйтрэн, зарим газарт цаг уурын аюулт үзэгдэл ажиглагджээ. Уг нөхцөл байдлаас шалтгаалан иргэд төөрсөн, цасанд боогдсон, мал хорогдсон зэрэг дуудлага цөөнгүй ирснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тухайлбал, малдаа яваад сураггүй болсон гэх дөрвөн дуудлагыг тус албаныхан орон нутгаас хүлээн авсан байна. Үүнээс хоёр иргэнийг алба хаагчид эсэн мэнд олжээ. Харин нөгөө хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа өчигдөр үргэлжилж байлаа. Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутагт энэ сарын 27-ны 04.00 цагийн орчимд цасаар шуурч, салхины хүч секундэд 18-20 метрт хүрчээ. Үүний улмаас нэг айлын 1500 бог мал шуурганд уруудан, 350 нь хорогдсон байна.
Түүнчлэн цас их орсны улмаас машин нь суусан таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч, иргэдийн аюулгүй байдлыг хангасан гэв. Үүнээс адна Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг, Цагаан хөтөлийн давааны авто замд халтиргаа үүсэж, автомашинууд зорчих боломжгүйд хүрсэн аж. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг газар дээр нь очиход нийт 86 зорчигчтой 28 автомашин цасанд боогдсон байжээ. Дээрх албаныхан аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, машинууд хэвийн зорчих боломжийг бүрдүүлсэн гэнэ.
Үүнээс гадна “Хөвсгөлийн Ханх сум, Хөвсгөл нуурт торнадотой төстэй үзэгдэл ажиглагдлаа” мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байв. Ханхсум дахь цагуур ын ажиглагч Б.Мөнхжаргалаас үүнийг тодруулахад “Хүмүүсийн бичсэн шиг хүчтэй хуй салхи гараагүй . Агаарын температур огцом хүйтрэхэд нуурын усны уур дээш хөөрч, салхи үүссэн мэт харагддаг. Энэ бол жил бүрийн өвөл ажиглагддаг үзэгдэл . Одоо ч (өчигдөр 16.00 цагийн үед) ажиглагдсаар байна” хэмээв.
Цаг уур , орчны шинжилгээний газраас мэдээлснээр бол энэ сарын 27 28 нд шилжих шөнө ихэнх нутагт өмнөх өдрийнхөөсөө 10-20 градусаар хүйтэн хоножээ . Ялангуяа баруун аймгуудын нутгаар эрс хүйтэрсэн аж. Тэр дундаа Завханы Баянтэсэд 41, Тосонцэнгэл , Отгон, Ховдын Булганд 40 градуст хүрсэн нь хамгийн хүйтэнд тооцогдож байна. Мөн Багануурт 34, Увсын Давст, Төв аймгийн Эрдэнэ сумд 22 смийн зузаан цас тогтсон нь одоогоор дээд үзүүлэлт болжээ.