УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өчигдөр мэдээлэл өгөв. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн ажлын гүйцэтгэл 20, Оюутолгойн гүний уурхайн барилгын явц энэ сарын 1-ний байдлаар 90 хувьд хүрсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхай, металлурги, химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн ТЭЗҮ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, ерөнхий төлөвлөгөөг баталсныг дурдсан юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл өнгөрсөн мягмар гаргийн байдлаар 75 хувьд хүрснийг тэмдэглэв.
Сүүлийн үед үүсээд буй дизелийн түлшний хомсдолтой холбоотойгоор ОХУ-ын “Роснефть”-д хүсэлт тавьж, тус компаниас манайд сар тутам нийлүүлдэг 50-60 мянган тонн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж ирэх сард 83 мянган тонныг авахаар тохиролцон, захиалгаа баталгаажуулсан гэлээ. Хойд хөршийн Ангарскийн үйлдвэрийн жижиг цехэд гал гарсныг богино хугацаанд унтраасан, манайх руу бүтээгдэхүүн нийлүүлэхэд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна.
Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжихаар төлөвлөж буй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан цахим биржээр арилжих бэлтгэл хангаж байгаа аж. АМГТГ-аас 25 талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан. Цаашид талбайн тоог зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй байх зарчим баримталж, өмнө нь хүчингүй болгож, цуцалсан талбайнхтай тэнцүү хэмжээгээр нэмж зарлана гэдгийг сайд дуулгалаа. 2022 он гарснаас хойш энэ сарын 20-ны байдлаар хуульд заасан үндэслэл бүрдсэн ашиглалтын 23, хайгуулын 24 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Мөн хуульд заасан хугацаа нь дууссан 97 тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон аж.
Ташрамд дурдахад, манай улс энэ он гарснаас хойш өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар 26.2 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх жилийнхээс 73 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг УУХҮЯ-наас мэдээлэв. Мөн 1.26 сая тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь 1.2 хувиар илүү дүн болжээ. Харин 4.29 сая тонн төмрийн хүдэр, баяжмал борлуулсан нь 39 хувиар буурсан гэсэн үг. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тухайлбал, нүүрснийх 145.9, зэсийн баяжмалынх 104.2, алтных 97.1, газрын тосных 61, цайрынх 126.9, хайлуур жоншных 49.2 хувьд хүрчээ.
Бэлтгэсэн Б.Сонор