-“Бүтээлч 100” холбоог анх ямар зорилго, чиглэлээр байгуулсан бэ?
-Хот, суурин газруудын гудамж, олон нийтийн талбай, орон зайг сайжруулахад залуусын сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй шийдлүүдээр иргэдийн амьдралын чанарыг бодитоор дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хотын дизайны чиглэлээр нөлөөллийн аян, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь манай холбооны зорилго. Удирдах зөвлөлийн таван гишүүнтэй. Үүний гурав нь мэргэжлийн архитектор. 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Анх бүтээлч салбарт ажилладаг эргэн тойрны хүмүүсээ уриалаад сайн дурын аян, төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь “Бүтээлч 100” хөдөлгөөн, цаашлаад холбоо байгуулах нөхцөл болсон юм. Өнгөрсөн тавдугаар сард албан ёсоор холбоо болсон. Бид хотын орчин, гудамжны төлөвлөлтийг онол, стандартын дагуу зөв хийж, түүнийгээ жишиг төсөл хэлбэрээр жижиг орон зайд ч хамаагүй хэрэгжүүлье гэдэг зорилгын доор анх нэгдсэн. Тэр үедээ маш “романтик”, гэгээлэг зүйлс бодож байлаа.
Хамгийн эхний уулзалтаараа “Манай хот яагаад ийм өнгө үзэмжгүй, дизайн муутай байна вэ” гэдэг асуудлыг хөндөж байв. Үүнд 50 гаруй залуус оролцсон. Төрийн байгууллагынхантай мэдээлэл солилцох зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий дизайнерыг уулзалтад урьсан. Тус мэргэжилтэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тохижилтын бүх ажлыг нийслэлээс хороо, дүүргүүд рүүгээ задалж, төсвийг нь хуваарилдаг. Тендер зарлахдаа хамгийн хямд үнийн санал ирүүлснийг нь шалгаруулдаг. Гүйцэтгэгчээр шалгарсан компани нь тухайн орон зайдаа тохижилтын ажил хийдэг” гэсэн мэдээлэл өгсөн. Үүнийг сонсоод “Бид хамгийн чанаргүй, хамгийн муухай орон зайд амьдрах нь аргагүй юм байна” гэсэн бодол төрж байлаа. Дэлхийн хотууд хамгийн сайхан, чанартай бүхнээ гудамжиндаа “гаргаж тавьдаг” бол манайх хамгийн хямд, чанаргүй гэснийг нь хийлгэж иржээ.
-Мэргэжлийн хүмүүс учраас эхний уулзалтаасаа л чухал сэдэв “барьж авчээ”.
-Бүх орон зайд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ганцаараа чөлөөтэй зорчиж чадаж байвал тухайн хотыг бүх хүнд ээлтэй гэж үздэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж гудамжны үнэлгээ хийсэн ганц байгууллага байдаг нь ЖАЙКА. Тус байгууллагын зөвлөх архитектороор ажилладаг, хөгжлийн бэрхшээлтэй япон хүн манай улсад өөрийн биеэр ирж үнэлгээ хийгээд буцахдаа “Та нар иргэддээ яаж ийм хатуу, харгис хандаж чаддаг байна аа” гээд толгой сэгсрээд, уйлсан гэдэг. Хот тохижуулж, төлөвлөхдөө хаана нь алдаа гаргаж байна, юун дээр анхаарах шаардлагатайг олж харах боломжтой маш дэлгэрэнгүй судалгаа хийсэн юм билээ. Тус судалгааг хоёр дахь уулзалтаараа залуучууддаа танилцуулсан. Гурав дахь уулзалтын үеэр хотуудын туршлагаас хуваалцаж байв. Бид энэ зэргээр маш олон арга хэмжээг “органик”-аар зохион байгуулж ирсэн. Үүнийхээ зэрэгцээ өөрсдийгөө хөгжүүлэх, мэргэжлийн хувьд өсөж дэвших, хот төлөвлөлтийн чиглэлд шилдэг, туршлагатай байгууллагатай харилцаа холбоо тогтоох арга замуудыг ч эрэлхийлсээр байгаа. Тухайлбал, 2019 онд Нью-Йорк дахь PPS олон улсын байгууллагынхантай биечлэн уулзаж, Америкийн парк, хотын сүлжээнүүдийн туршлагыг судалсан. Өнгөрсөн зун ХБНГУ-ын Мюнхен болон Нидерландын Роттердам хотод тээврийн олон төрлийг дэмжсэн зохицуулалтыг яаж хэрэгжүүлдэг, машинтай, мотоциклтой, дугуйтай, автобустай хүмүүс гудамжаар нэгэн зэрэг аюулгүй, стрессгүй хэрхэн зорчдогийг дэлхийн 40-өөд орны залуустай хамт судлаад ирлээ. Ер нь дэлхийн хотууд шал өөр чиглэлд “явж” байна. Харин манай хотын бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид мэргэжлийн залуусаа сонсохгүй, хайхрахгүй, тэдний мэдлэг, ур чадварыг ашиглахгүй өөрийнхөөрөө муйхарлан зүтгэсээр. Хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулъя, сайн дураар оролцъё гэсэн залуусыг түлхсэн хэвээр.
-Нийслэлтэй хамтарч ажилласан тохиолдол бий юү?
-Өнгөрсөн хугацаанд бид олон зүйл хийх гэж оролдлоо. Нийслэлтэй хамтарч ажиллах санаачилга өчнөөн удаа гаргалаа. Нэг удаа хамтрах боломж олдсон ч биднийг ашиглаад хаясан. Өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Засаг даргатай уулзахдаа тодорхой саналууд тавьсан юм. Тохижуулахаар төлөвлөж байгаа 4-5 гудамжны зураг төслийг үнэ төлбөргүй сайжруулж өгье, амьдралтай, “амьд” орон зай бий болгоё гэсэн. Улаанбаатар хотын гудамжны нийтлэг байдлыг өөрийн гэсэн өнгөтэй, өвөрмөц төрхтэй болгохыг зорьсон нь тэр. Манайх холбоо учраас том хэмжээний төсөл, тендерт оролцох боломжгүй, харин жижиг ажлуудад хамтарч, тусалж болно гэдэг байр сууриа тухайн үед тодорхой илэрхийлсэн. Тэгэхэд өнөө маргаашгүй ажлыг нь эхлүүлэх гэж байсан, тендер зарлаад, гүйцэтгэгчийг нь хэдийн тодруулчихсан нэгэн тохижилтын зураг төслийг сайжруулаад өг гэсэн. Өнөөхийнх нь зургийг үзтэл “аймшигтай” зүйл байсан. Бараг хоёр жилийн хугацаанд боловсруулсан гэхэд дэндүү болхи, мэргэжлийн бус. Бид саналыг нь хүлээж аваад, тав хоногт төлөвлөлтийн шинэ зураг гаргаж өгсөн юм. Ингэхдээ олон улсын онол, стандарт баримталсан. Тохижуулах газар нь очиж үнэлгээ хийж, иргэдээс судалгаа хүртэл авсан.
Манайхан орон зайг төлөвлөхдөө дизайн гэсэн ганцхан зүйлд л анхаардаг. Гэтэл энэ нь тухайн хэсэгт иргэд ямар тээврийн хэрэгслээр хэрхэн очихыг тооцоолохоос эхлээд нийгмийн аль ч давхаргын хүн ашиглах боломжтойгоор шийдэх, идэвхтэй хэрэглэх хэсгийг тусгайлан төлөвлөх гээд асар нарийн ажиллагаатай. Үүний дараа тав тух, дизайн яригдах учиртай. Нарийвчлаад задалбал төлөвлөлтийн 30-аад төрлийн элемент бий. Манай хотод хийж буй ажлуудад ердөө хоёрыг нь л чухалчлаад байна. Тэгэхээр хийсэн зүйлс нь хүртээмжгүй, хэврэг, балиар болохоос яах вэ. Бид жишиг болохуйц зураг гаргаж, урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийн шийдэлтэй нь хамт өгсөн. Нийслэлийнхэн ч сайн болсон гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн юм. Гол нь тухайн зургийг “авторлох” дээр асуудал үүссэн. Ном журмаараа бол архитектурын компаниар л үүнийг хийлгэх ёстой гэнэ. Ингээд бөөн асуудал үүсэхээр нь “Ашиглана уу, хаяна уу өөрсдөө мэд” гээд орхичихсон. Бид ямар чадамжтай, мэргэжлийн хүмүүс вэ гэдгээ энэ ажлаар хангалттай нотолсон. Нийслэлээс нэг ч төгрөг аваагүй. Авах ч сонирхол байхгүй. Үүнээс болоод тухайн хэсгийн ажил саатчихсан юм билээ.
-Сайн дурын гэдэг үгээр түрээ бариад төрийн байгууллагынхнаас мөнгө “салгадаг”, ашиг хонжоо олдог газар өчнөөн байдаг учраас та бүхнийг сэрдлэгийн үүднээс хардаг байх.
-Яг тийм. Ашиг сонирхлын үүднээс л хараад, хардаад байгаа юм. Яг үнэндээ Улаанбаатар хотод 100 метр зайд ч тайван алхах боломж алга. Дээрээс нь төрийн байгууллагынхны хандлага, ажлаа зохион байгуулж буй байдал нь үнэхээр сэтгэл гонсойлгом. Энэ бүхнийг хараад яалт ч үгүй бухимддаг. Хотын удирдлага аливаа асуудлыг том зургаар нь хараад, системтэйгээр төлөвлөх хэрэгтэй. Биелэх боломжтой, хөрсөн дээр буухуйц алсын хараа дэвшүүлж, түүнийгээ иргэддээ ойлгуулаад, зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэх ёстой юм. Харамсалтай нь, тэгж чадахгүй байна. Бид ганцхан төслийн төлөвлөлт дээр ажиллахдаа л хотын захиргааны зүгээс ч, тендер “хусдаг” компанийнхнаас ч асар их дарамт, таагүй хандлага мэдэрсэн. Үнэндээ айсан. “Бүтээлч 100”-гийнхан өнгөрсөн хугацаанд төрөөс нэг ч тендер аваагүй. Оролцож ч байгаагүй. Угаасаа холбоо тендерт оролцох боломжгүй.
-“Бүтээлч 100” холбооны хувьд томоохон төсөл хэрэгжүүлэх, тендерт оролцох гэхээсээ илүү хотын тодорхой хэсгүүдэд “бичил” ажлуудыг жишиг байдлаар хийх хүсэл эрмэлзэлтэй гэж ойлголоо.
-Тийм боломж олгооч ээ гэж нийслэлээс гуйсан юм. Манай холбоо 2022 он дуустал болон ирэх жил хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа календарьчилсан төлөвлөгөөгөө гаргасан. Бид олон улсад хэрэгжүүлдэг халаасны цэцэрлэг (pocket garden)-ийн концепцыг хотын хэд хэдэн бүсэд хийхээр төлөвлөсөн. Энэ нь халаасных шиг жижиг өрөөнд амьд байгалийн орчин бүрдүүлдэг онцлогтой концепц. Устай, ургамалтай, чимээ шуугиангүй, тайван орчинд таван минут ч болов амсхийж, орчноос тасрах боломж олгодог. Хоёрдугаарт, хотын хаа сайгүй буулгаад хаячихсан гараашнуудын талбайн ядаж 2-3-т нь төлөвлөлтийн зураг хийе гэж зорьсон. Харамсалтай нь, нийслэлийнхэн бидний саналыг хүлээж аваагүй. Уулзах завдал ч олгоогүй. “Бидэнд ганцхан цаг гаргаач ээ” гээд хотын дарга руу зурвас хүртэл бичсэн. Яавал, ямар зохицуулалт хийвэл бид хотынхоо орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах, оролцох боломжтойг яримаар байгаа юм.
-Олон улсад хотын орчныг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоог хэрхэн хангадаг юм бол?
-Германы туршлагыг судаллаа. Тэд иргэддээ боломж олгодог юм байна. Хөршүүд хамтраад ч ойр хавийнхаа орчныг тохижуулах боломжтой. Мэдэээж ингэхдээ холбогдох байгууллагаас зөвшөөрөл, заавар чиглэл авдаг юм билээ. Хотоос санхүүжилтийг нь шийдээд, ажлынх нь удирдамжийг өгчихдөг. Санхүүжилт олгодог тусгай сан хүртэл байгуулчихсан байдаг. Тохижуулж дууссаных нь дараа холбогдох албаны хүмүүс ажлыг нь хүлээж авна. Ингэхдээ стандарт, зааврын дагуу хийсэн, эсэхийг нь нарийн хянадаг. Энэ бол иргэд хотынхоо хөгжил, амьдрах орчныг сайжруулахад бодитоор оролцож буй жишээ. Манайх ийм тогтолцоотой бол бид төрийн байгууллагынхны тэрбум тэрбумын “цавчаа гаргаж” хийдэг ажлыг хямд өртгөөр, үр дүнтэй гүйцэтгэнэ. Москвад гэхэд олон нийтийн гудамж, талбайг загварлаг, амин сүнстэй байлгах үүднээс залуучууддаа зориулаад инстоляц хийсэн байдаг. Үүнийг тусгай сан хариуцаж менежмент хийдэг байх жишээтэй. Нью-Йоркийн PPS олон улсын байгууллага Roy and Silo, Central зэрэг томоохон паркийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулаад, урт хугацааны гэрээ байгуулчихсан байдаг юм билээ. Эдгээр парк нь зарим томоохон компаниас ч илүү ашигтай ажилладаг. Тэнд ямар нэг арга хэмжээ зохион байгуулахын тулд менежмент хариуцсан компанитай нь л ярина. Хувийн хэвшлийнхэн энэ мэтчилэн “гоё” төслийг богино хугацаанд маш амжилттай хэрэгжүүлсэн жишээ өчнөөн. Гэтэл манайд төр нь хамаг “юм”-аа хав дарчихдаг. Аливаа нэг ажил хийх болоход маш олон байгууллагын үүд сахиж, бичиг цаас бүрдүүлэх шаардлагатай болдог. Ийм яршиг төвөгтэй процессоор иргэдийн оролцоог боомилж буй. Бүх эрх мэдэл, захиргаа, төсөв санхүүгээ базчихсан. Өөрсдөө тэндээ орооцолдоод, яах учраа олохоо байчихсан. Залуучууд хамтарч ажиллая, тусалъя, оролцъё гэхээр хавьтуулдаггүй. Яг үнэндээ залуус төрийн ажлын энэ процессыг ойлгодоггүй юм билээ. Ойлгохгүй болохоороо ордоггүй, оролцдоггүй. Тэгсэн атлаа улс төр бохир гээд байдаг. Гэтэл бодит байдалд улс төргүйгээр юуг ч хийж, олж авах боломжгүй болчихоод байна.
-Танайх Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Рио тинто Монгол” ХХК-ийн хийх гэж буй тохижилтын ажлын судалгааг хийсэн гэсэн үү?
-Хүүхдийн паркийн шинэчлэлийн төслийг ярьж эхлэх үед “Рио тинто Монгол” ХХК-д тус ажлын төлөвлөлтийн суурь шаардлагуудыг онолын дагуу тодорхойлж өгье гэж хүсэлт тавьсан юм. Тэд уриалгахан хүлээж авсан. Ингээд холбооныхоо шугамаар мэргэжлийн 80 гаруй залуусыг цуглуулж, есдүгээр сарын 6-нд Хүүхдийн паркт арга хэмжээ зохион байгуулсан. Бид төлөвлөх гэж буй орон зайгаа нүдээр үзэж, алхаж, дүрд хувирч судалдаг experience walking, empathy walking хэмээх олон улсын аргачлал ашигласан бөгөөд залуусыг бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оффисын ажилтнууд гэсэн дөрвөн бүлэгт хуваасан юм. Үүний үндсэн дээр тухайн бүлгүүдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, зураг гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн тэргүүнд тэргэнцэр түрээслэх үйлчилгээ хэрэгтэй, өндөр настнуудад тусдаа орчин бүрдүүлэх нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг учраас хүүхэд багачуудтай ойр байлгах нь чухал, унадаг дугуй болон скүүтрийн зогсоолыг тэнд байгуулбал зохимжтой гэхчлэн маш чухал саналыг манай залуус гаргаж байлаа. Үүнийхээ үр дүнд боловсруулсан саналаа “Рио тинто Монгол”-д хүргүүлсэн. Ингээд тус компани эдгээрийг үндсэн шаардлагадаа тусгаад, тендерээ зарласан. Энэ бол мэргэжлийн, бодитой оролцоо. Хүүхдийн паркийн төслийг амжилттай хэрэгжүүлээд, нийгмийн бүх бүлэгт хүртээмжтэй, хүмүүс зорьж ирж ашигладаг, “амьд”, хөл хөдөлгөөнтэй газар болгочихвол залууст урам зориг өгсөн, “хувьсгалын” шинжтэй ажил болно гэж найдаж байгаа. Онол ёсоор бол нэг гудамжийг зөв төлөвлөхөд түүнтэй холбогдож байгаа бүх гудамжны нөхцөл дагаад сайжирдаг.
-Улаанбаатар хотыг эхнээс нь замбараагүй, буруу төлөвлөсөн учраас одоо засаж залруулах боломжгүй, авралгүй гэж ярьдаг. Үнэхээр тийм үү?
-Аврал байлгүй яах вэ. Бид Европын хотуудын 50, 60 жилийн өмнөх байр суурин дээр байна. Тэд алдаагаа олж хараад, засаж чадсан. Одоо ч засаж байгаа хотууд бий. Манай хот жижиг учраас хот төлөвлөлтийн алдааг засаж залруулах боломжтой. Харин мэргэжлийн бус хүмүүс нөхцөл байдлыг улам дордуулаад, тартагт нь тулгаад байгаа нь харамсалтай. Үүний бодит жишээ нь Яармаг. Тус бүсэд BRT буюу “Тусгай замын автобус” төсөл хэрэгжүүлэхээр хамаг асуудлыг нь шийдээд, Азийн хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь баталтал эрх мэдэл бүхий зарим хүн хувийн ашиг сонирхлоосоо болоод “хөдөлгөөгүй” шүү дээ. Би тухайн үед тус банкны зөвлөхөөр ажиллаж байсан юм. Уг нь төлөвлөсөн ёсоор Яармаг-Дарь-Эх чиглэлд тусгай замын автобус нэвтрүүлж, тэр хавьд газрын наймаа цэцэглүүлээгүй бол суурьшлын сайхан бүс бий болох байсан.
-Хотын тээврийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?
-Бид тээврийн салбар гэхээр авто зам, гүүр, машин, автобусаа л яриад байдаг. Гэтэл орчин үед тээвэр гэдгийг транспортэйшн биш, мобилити салбар гэж үзэх болсон. Урбан мобилити буюу хотын тээвэр, хөдөлгөөний салбар гэдэг. Энэ нь дан ганц автомашины хөдөлгөөнийг ярьдаггүй. Явган зорчигч, дугуйтай хүн, ачаа тээвэр гээд бүгдийг нь хамруулдаг. Ганц автомашинд төвлөрөөд, тээврийн хэрэгсэлтэй тэмцээд байхаар үр дүнд хүрэхгүй байгаа юм. Үүний оронд “Иргэд яагаад машин унаад түгжрээд байна вэ” гэдгийг ул суурьтайгаар судалж, урсгалыг нь тодорхойлох хэрэгтэй. Яг үнэндээ иргэд даарахгүйн тулд, автобус удаан хүлээхгүй гэсэндээ л машин унадаг шүү дээ. Улаанбаатар хотын бүх үйлчилгээ, хэрэгцээт газрууд Сүхбаатарын талбай тойрсон, хааш хаашаа 300 метр орон зайд төвлөрдөг. Үүнээс цаашлах тусам “гоё” үйлчилгээ ховорддог. Гайгүй кофе шоп ч олддоггүй. Тэгэхээр нийслэл хүмүүсийнхээ өдөр тутмын хэрэгцээ шаардлагад тулгуурласан үйлчилгээнүүдийг бусад газарт ч хүртээмжтэй байлгах асуудлыг шийдэх хэрэгтэй. Урамшуулал, татаасын арга ашиглаж болно. Амралтын өдөр хотын төв, Зайсан орчим пиг болдог нь гэр хорооллынхон тэдгээр “гоё” үйлчилгээг авах гэж зорьж ирдэгтэй холбоотой. Иргэдийг нэг дор чихцэлдүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэх нь чухал.
-Хот төлөвлөлт иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Сүүлийн үеийн хотууд маш ухаалаг, алсын хараатай концепц дэвшүүлэх боллоо. Парис гэхэд “15 минутын хот” гэдэг алсын хараа, концепцтой. Тухайн хотын иргэд хамгийн наад захын буюу өдөр тутмын үндсэн зургаан хэрэгцээгээ 15 минут алхаад, эсвэл дугуйгаар зорчоод гүйцэтгэж чаддаг байх нь тус концепцын утга учир. Ийм байж чадвал иргэд амьдрахад таатай хот гэж үзэх нь байна. Өдөр тутмын үндсэн хэрэгцээ бүхий тойрогт нь гэр, ажил, сургууль, тогтмол үйлчилгээ авдаг дэлгүүр, худалдааны газар, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд багтдаг. Парисыг ийнхүү зарласны дараа Шведийн хотууд “Нэг минутын хот” гэж өрсөх жишээний. Дэлхийн хотууд ийм супер түвшинд өрсөлдөж эхэллээ. Энэ концепцын уриаг ч иргэд төвөггүй ойлгодог болчихсон. Ингээд харьцуулаад бодохоор бид хот төлөвлөлтийн алдаа, завхралаас болж өдөр тутам ямар их хэмжээний хор хохирол амсдагийг ойлгоно. Дэд бүтэц, эдийн засаг, байгаль орчин, соёл гэх зэрэг зургаан бүлэг үзүүлэлтээр хотын амьдралын чанарыг индексжүүлж, үнэлдэг. Дэлхийн хотуудыг үүний дагуу үнэлж, амьдрахад таатайгаар нь эрэмбэлэхэд Москва нэлээд дээгүүр ордог. Тус хот эл индексийг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарсны үр дүнд тавхан жилийн дотор үсрэнгүй дэвшил гаргасан. Москвад дугуй, скүүтэр, метро, автобус гээд хүссэн хэрэгслээрээ чөлөөтэй зорчих боломжтой.
-Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөнгөн галт тэрэг, дүүжин тээврийн төсөл түгжрэлийг шийдэхэд нэмэр болж чадах уу?
-Хийх болохоороо бүтэхгүй, хэрэгцээгүй зүйл байсан ч яаж ийгээд болгочихдог юм байна. “Чичирсээр” байгаад л LRT-ийг хэрэгжүүлэхээр болж байх шиг. Дүүжин тээврийг тойроод өчнөөн сая ам.доллар яригдаж буй. Үнэндээ ийм нүсэр зүйлс Улаанбаатарт хэрэггүй. Үүний оронд иргэдэд өдөр тутмын хэрэгцээгээ хангахад саадгүй, аюулгүй зорчих орчин бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.
-“Бүтээлч100” холбооны залуус Сэлбэ голыг хамгаалах чиглэлээр тодорхой санал санаачилга гаргаж байсан гэдэг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай залуус бүлгээрээ, эсвэл ганцаарчлаад тодорхой асуудлуудад шийдэл гаргаж, санал дэвшүүлдэг. Тухайлбал, нэг нь Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ганцаараа зорчих боломжтой налуу замтайгаар төлөвлөчихсөн байдаг ч юм уу. Үүн шиг хэсэг эмэгтэйчүүд хамтраад Сэлбэ голын тодорхой хэсэгт төлөвлөлт хийж байсан юм. Тус голын урсац эхэн хэсгээсээ саарчихсан, зарим бүсэд хөрс нь гүн бохирдолтой учраас төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй юм байна гэж тухайн үедээ ярилцаад больсон. Үүн дээр ямар нэг ашиг сонирхол байхгүй. Хотын захиргаанаас тэнд тодорхой ажлууд хийхээр төлөвлөж буй. Нэгэнтээ энэ голыг сэргээх гэж байгаа бол биологийн аргаар нь хийх хэрэгтэй. Нэн түрүүнд газрыг нь чөлөөлөөд, тусгай хамгаалалтад авдаг ч юм уу, байгалийн аясаар нөхөн сэргэх боломж олгох ёстой. Түүний дараа тохижуулах тухай ярих нь зүйтэй болов уу.