Э.ДОЛГИОН
Эдийн засагч, аюулгүй байдал судлаач
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнгөрөгч ням гарагт сайхан боллоо. Манай үндэсний баг хэдийгээр хараахан оролцдоггүй ч гэлээ Бразил, Англи, Аргентины хөгжөөн дэмжигчид олонтой болохоор ирэх арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал олныг уйдаахгүй бололтой. Хүн бүр анхаарлаа ногоон талбайруу хандуулж байна. Гэхдээ дэлхийн хэмжээний энэ тоглолтын цаанах тоонуудыг харахад үзээд алдах юм шиг мэдрэмж төрнө.
Дэлхийн аваргын тоглолтын бэлтгэл, сурталчилгаа, зохион байгуулалтад нийлээд ойролцоогоор 229 тэрбум ам.долларыг Катар улс зарцуулах тооцоо гаргав. 17 орчим тэрбум ам.долларын орлогоолох урьдчилсан тооцоог бас хийсэн байна. Түүхэн гурван рекорд гэсэн үг. Нэгдүгээрт, хамгийн өндөр хэмжээний хөрөнгө зарцуулсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Хоёрдугаарт, хамгийн өндөр буюу 212 тэрбум ам.долларын алдагдалтай спортын арга хэмжээ байх нь. Түүнээс гадна бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ хол давсан хөрөнгийг зарцуулж буйгаар бас л түүхэн рекорд юм.
Катарын нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн 180 тэрбум ам.доллартой тэнцэнэ. Тус улс гурван сая хүн амтай. Хэрэв Монголын поп аргачлалаар тооцвол одоо зохион байгуулж буй дэлхийн аваргын тэмцээнийг Катарын иргэн бүрт 263 сая төгрөг ногдох зардлаар хийж байна гэсэн үг. Хүний мөнгө уйлж буйг битгий тоо гэдэг болохоор зөв, эсвэл буруу гэж дүгнэх эрх зөвхөн катарчуудад л бий гэдгийг санах нь зүйтэй. Гэхдээ бид ажиглах эрхтэй.
Ер нь яагаад Катар их өндөр зардал гарган, иймач холбогдол өгөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон бэ? Эхний хариулт бол нэр хүнд. Спортоор дамжуулан тухайн орныг олон улсад сурталчлан, хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой газар гэж ухуулах, өнгөрсөн хугацааны сөрөг имижээ засах боломжтой байдаг. Үүнээс үүдэн ДАШТ болон олимпын наадмыг зохион байгуулах эрх улс орнуудын хувьд хамгийн ширүүн өрсөлдөөнтэй болдог. Үнэхээр ч бүхэл бүтэн сарын туршдэлхий дахины анхаарлыг зөвхөн өөрийн улсдаа хандуулна гэдэг нь ашиглаж чадвал маш том боломж. Катарын хувьд улс орны ялгарал, оршин тогтнолын баталгаанд нь хамгийн чухал арга хэмжээ гэж үзэж болно.
Бас нэгэн том шалтгаан бол улс төр. Олон улсад спорт нь нөлөө бүхий улс төрийн хэрэгсэл болсон гэгддэг. Энэ ДАШТ бол Катарын хувьд стратегийн сул байдлын нэг илэрхийлэл гэлтэй. Газар зүйн хувьд Катар улс нь булангийн жижиг орнуудын нэг. Архангай аймгаас тав дахин бага газар нутагтай, том хөрш орнуудтай, газрын тос, байгалийн хийн маших нөөцтэй. Бүс нутгийн төдийгүй дэлхийд тэргүүлэх баян орнуудын нэг юм. Гэхдээ баялагтай байхын зэрэгцээсул тал ч бий. Тэр бол улс төрийн нөлөө бага, үүнийг дагасан аюулгүй байдал. Тийм учраас улс төр, нөлөөллийн хувьд сул байхыг хүсээгүй тул ДАШТ-д ач холбогдол өгчээ.
Катар түүнээс илүү түүхэн боломж өмнө нь бас гарч байсангүй. Энэ бол байгалийн хий дагасан геополитикийн шинэ орчин. Украинд үүссэн олон улсын төвөгтэй байдлаас шалтгаалан ОХУ-ын байгалийн хийг барууны орнууд хоригт оруулсан. Үүнийг дагаад Европ болон Оросоос байгалийн хийгээ авдаг бусад оронд хомсдол үүсэхэд Европын удирдагчид ээлж дараалан Катарт айлчилсны үр дүнд нийлүүлэлтээ нөхөж чадсан. Жишээ нь, өнгөрсөн онтой харьцуулахад Катарын байгалийн хийн экспорт хоёр дахин өсжээ. Хэдийгээр ДАШТ-ийг тойрсон шүүмжлэл тасрахгүй байгаа ч газар авахгүй гэдгийн нэг баталгаа нь энд дурдсан байгалийн хий дагасан геополитикийн орчин юм.
Нэгэн жишээ дурдахад, өнгөрөгч аравдугаар сард Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фэйзэр Катарын ДАШТ болон хүний эрхийн зөрчлийн талаар “хэл халтирч” хэлсэн үгээ дараа нь “буруу ойлгогдсон” хэмээн залруулсан байдаг. Түүгээр ч тогтсонгүй, ням гарагт Катарын ДАШТ-ий нээлтэд оролцохоо бас мартаагүй байна.
Юутай ч 12 жил үргэлжилсэн бэлтгэл ажил дуусаж, Катар улс дэлхийн анхаарлын төвд оржирлээ. Дэлхийн бизнесийн, худалдааны гэх мэт хамгийн хамгийн гэж тодотгосон зүйлээр булангийн орнууд “бодлого явуулах” дуртай. Төрийн дэмжлэгээр хийдэг учир санхүүгийн хувьд саад бэрхшээл тулгарахад туулаад гардаг уламжлалтай. Дубай нь дэлхийн хамгийн өндөр барилга болох 4.1 тэрбум ам.долларын өртгөөр боссон Бурж Халифагаар хэдэн жил бардамнасан бол Саудын Араб 500 тэрбум ам.долларын өртөгтэй Неом гэх ирээдүйн хотыг сүндэрлүүлнэ гэдгээ саяхан зарласан юм.
Ажиглавал том буюу мега төслүүд нь булангийн орнуудын хөгжлийн загвар болсоор иржээ. Улс төр, эдийн засаг, түүх гэсэн энэ гур валсан заагийн дунд одоогийн дийлэнх, онцлог бүхий төслөө хэрэгж үүлсэн байдаг. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд хийсэн төслүүд ч мөн адил мегад тооцогдоно. Арга хэмжээнд зориулж спортын долоон стадион цоо шинээр барьж нэгийг сэргээн засварласан, 200 гүүр, 1700 км урттай авто зам, газар доогуурх метроны сүлжээ, орчин үеийн усан онгоцны боомт, нисэх буудал, Доха хотын өргөтгөл, цөл байсан газарт Лусайл хотыг босгожээ. Ялангуяа Лу сайл хотын бүтээн байгуулалтад 45 тэрбум ам.доллар зарцуулсан нь хамгийн ихэд тооцогдох аж.
Үүний зэрэгцээ олон зочид буудал, орон сууцаа хугацаанд нь багтаан ашиглалтад оруулаагүй талаар мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл, ДАШТд зориулж босгосон бүтээнбайгуулалт нь ирээдүйд үхмэл хөрөнгө болох бодитой эрсдэл оршиж буй. Мөн эдийн засгийн урт хугацааны өсөлтөд хэрэгтэй хөрөнгө оруулалтууд, ялангуяа боловсрол, сургууль, өртөг багатай орон сууц , уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төслүүдэд хангалттай хөрөнгө оруулалт татаж чадахгүй буй талаар шүүмжлэл ч байна. Шүүмжлэл дагаж байгаа ч Катар улс эдийн засгийн нөөц, санхүүгийн бололцоондоо тулгуурлаад алдагдлаа нөхөөд явах бүрэн боломжтой. 150 тэрбум ам.долларын валютын нөөцтэй улс шүү дээ. Харин арванхоёрдугаар сарын 19 ний даваа гарагт Катарт цэнгэлдэх хүрээлэнгүүд хоосорч, харьцангуй нам гүм ноёлно. Гэсэн ч эдийн засаг, бизнесийн төв гэх “цол”оо хадгалсан хөлбөмбөгөөр хүч нэмж, имижээ шинээр бүрдүүлсэн улс болон сэрэх бололтой. Катарчууд ч үүнийгээ тооцон ирэх 2036 онд олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж буй байлгүй.