Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар БХБЯ, Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газраас өнгөрсөн лхагва гарагт танилцууллаа. Газрын тухай хуулийг 2002 онд 64 зүйлтэйгээр баталснаас хойш бусад хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд уг хууль нь хүчин төгөлдөр мөрдөж буй 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний акттай зэрэгцэн үйлчилж байгаагаас долоон давхардал, 29 зөрчил, 25 хийдэл үүсэж, эрх зүйн зохицуулалтгүй ойлгомжгүй байдал үүссэн аж. Иймээс газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэв. Газрын багц хуулийг шинэчилснээр хэд хэдэн үр дүн гарна гэв. Тухайлбал, Газрын ерөнхий хуулиар Монгол Улсын газрын сан нэгдмэл байх зарчим хэрэгжиж, газрын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, бүртгэлтэй болж, газар зохион байгуулалтын төлөвлөлт, кадастрын бүртгэлээр салбар дундын зохицуулалт хангагдах зэрэг ач холбогдолтой гэнэ. Мөн газрын маргааныг шуурхай шийдвэрлэдэг болж, газрын биржтэй болох аж. Тэгвэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар газрыг зөвхөн хот, тосгон бусад суурины газарт, эрчим хүч, зам, шугам сүлжээ зэрэг инженерийн дэд бүтцэд холбогдсон, эсвэл холбохоор төлөвлөсөн бүсэд өмчлүүлж, иргэн бүр газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ хугацааны хязгаарлалтгүй эдэлж, иргэний шинээр газар өмчлөх хүсэлтийг 90 хоногт шийддэгийг 30 хоногт багтаан цахимаар шийдвэрлэж, газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэлтэй болох зэрэг нөлөөтэй юм байна. Түүнчлэн Төлбөрийн тухай хуулиар бүх ангиллын газрын төлбөр тооцох хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн ИТХ тогтоож, уул уурхайн зориулалтаар ашиглаж буй газрын ашиглалт явуулж байгаа хэсэгт газрын төлбөр тооцохдоо тухайн орон нутгийн хот, тосгон бусад суурины газрын хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн ангиллын бүсэд хамааруулан тооцох зэрэг ач холбогдолтой гэв. Үүнээс гадна Кадастрын тухай хуулиар кадастрыг эрхийн кадастр, санхүүгийн кадастр, нөөцийн кадастр гэж төрөлжүүлэн, үйл ажиллагааг нарийвчилж, дэс дараалсан арга хэмжээг зохицуулах нь. Мөн олон улсын стандартад нийцсэн 3D, 4D хэмжээст кадастрын үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах боломж бүрдүүлэх аж.
Бэлтгэсэн Б.Сонор