Эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллахын зэрэгцээ спортоор уйгагүй хичээллэж, ойр дотнынхон, ажлын хамт олноо эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалсаар ирсэн нэгэн хүндтэй зочныг ярилцлагынхаа буланд урилаа. Энэ хүн бол нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Солонго. Хотын захиргаанд нягтлан бодогчоор 30 гаруй жил ажилласан түүнийг хамт олон нь чадварлаг мэргэжилтэн, залуу үедээ үлгэрлэгч шилдэг тамирчин хэмээн үнэлдэг юм билээ. Өдгөө 60 насны босго давсан тэрбээр байгууллагынхаа төдийгүй нийслэл, улсын хэмжээний спортын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, олон арван медаль хүртэж байжээ. Нийслэлийн ЗДТГ-аас алба хаагчдынхаа дунд жил бүр зохион байгуулдаг дөрвөн төрөлт спортын тэмцээнд гэхэд С.Солонго тасралтгүй 30 жил оролцсон байна. Өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит “Спорт тэмцээн-2022”-ын үеэр хамт олон нь түүнд хүндэтгэл үзүүлж, шилдэг тамирчны бэлгэдэл бүхий нэг дугаартай өмсгөл бэлэглэсэн юм. Сагсан бөмбөгийн спортын мастер, нийслэлийн шилдэг эмэгтэй, нийслэлийн ЗДТГ -ын ерөнхий нягтлан бодогчтой ярилцсанаа хүргэе.
-Хамт олон нь танд хүндэтгэл үзүүлж, гэнэтийн бэлэг барилаа. Ийм үйл явдал болно гэж мэдэж байв уу?
-Нэг арга хэмжээ болно гэж хэлсэн. Гэхдээ нарийн ширийн зүйлсийг нь мэдээгүй. Гэнэтийн бэлэг байлаа. Тэмцээн, уралдаанд оролцож байсан үеийн зургуудыг минь залуучууд надаас гуйж авсан юм. Юу хийх гэж байгааг нь ойлгоогүй. Гэтэл заалны хойморт байршуулаад, чимэглэчихсэн байсан.
-“Спорт тэмцээн”-ий онцлогч, ач холбогдол нь юу вэ?
-Манай байгууллага 20 гаруй хэлтэс, 200-гаад алба хаагчтай. Эдгээрийн дунд жил бүр “Спорт тэмцээн” зохион байгуулдаг уламжлалтай. Тамгын газрын алба хаагчдын оло нх нь залуус байдаг. Тэдэнтэйгээ нэг баг болж тэмцээнд оролцох, өрсөлдөх үнэхээр сайхан. Эрч хүч мэдэрдэг юм. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тэмцээн зохион байгуулаагүй учраас энэ удаагийнхыг залуус тэсэн ядан хүлээсэн.
Манай байгууллагын давуу тал нь өөрийн гэсэн спорт заалтай. Алба хаагчид чөлөөт цагаараа спортоор хичээллэх, тэмцээн, уралдаан зохион байгуулах боломж нь нээлттэй. Хүмүүс чөлөөт цагаараа найз нөхөд, ажлын хамт олноороо тоглох гэхээр заал олддоггүй гэж их ярьдаг. Коронавирус дэгдсэнээс хойш монголчууд дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхийн ач тусыг сайн ойлгосон. Үүнийг дагаад заалны эрэлт ч ихэссэн. Тарифаас нь илүүг өгье гэж амлаад ч олддоггүй гэсэн. Бидэнд заал байгаа нь сайн хэрэг. Нийслэлийн харьяа бүх газрын алба хаагч энд ирж тоглодог. Цагийн хуваарьтай. Манай хэлтсийнхэн гэхэд долоо хоног бүрийн лхагва гарагт зааланд тоглох ээлжтэй. Суугаа ажил эрхэлдэг, байнга бичиг цаастай зууралддаг хүмүүс долоо хоногт ганц удаа зааланд тоглож байх нь эрүүл мэндэд их хувь нэмэртэй. Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг шүү дээ.
-Таныг байгууллагынхаа алба хаагчдын дундах тэмцээнд хамгийн олон жил, тасралтгүй оролцсон тамирчин гэж онцолсон.
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан хотын захиргааг 1990 оноос нийслэлийн ЗДТГ гэж нэрлэх болсон. Тамгын газар тэр үеэс ажилчдынхаа дунд жил бүр тэмцээн зохион байгуулъя, мөн дүүрэг, нутгийн захиргааны байгууллагуудын дундах уралдаануудад хүмүүсээ идэвхтэй оролцуулъя, тэднийг бэлтгэе гэж шийдвэрлэсэн юм. Ингээд анх 1992 онд алба хаагчдынхаа дунд “Спорт тэмцээн” зохион байгуулсан түүхтэй. Би 30 жил тасралтгүй оролцжээ .
-“Спорт тэмцээн”-д оролцогчид дөрвөн төрөлд өрсөлддөг гэсэн. Та сагсан бөмбөгөөс гадна өөр ямар төрөлд хүч үздэг вэ?
-Сагс, волейбол, дартс, буухиа гэсэн дөрвөн төрлөөр тэмцээн явуулдаг. Одоогоор манай баг дартсын төрөлд түрүүлээд байна. Энэ тэмцээний онцлог нь багийн бүх гишүүний оролцоог хангахыг чухалчилдаг. Дарга, цэрэггүй бүгд оролцох ёстой. Үгүй бол оноо хасна. Нарийн дүрэмтэй. Байгууллагын хүрээнд тэмцээн, уралдаан зохион байгуулах нь хамт олны уур амьсгалыг сайжруулахаас эхлээд олон талын ач холбогдолтой. Ялангуяа шинээр ажилд орсон залууст өөрийгөө нээх, хамт олонтойгоо дотносох боломж олгодог. Ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлдөг.
-Тэмцээн дөхмөгц догдолно биз?
-Тэгэлгүй яах вэ. Хүмүүсээ баг болгож хуваарилаад, удирдамжаа гаргасан мөчөөс эхлээд догдолно шүү дээ. Тус бүртээ бэлтгэл хийнэ, жигдрэх хувцсаа сонгоно. Дандаа ажил алба ярьдаг хүмүүс тэмцээн болох хэсэг хэн хугацаанд халуун дулаан, аминчхан яриа хөөрөө өрнүүлнэ. Энэ удаагийн тэмцээнийг бүр ч их хүлээж, догдолсон.
-30 жилийн хугацаанд хэчнээн медаль хүртсэн бэ?
-Зөндөө бий. Нэгбүрчлэн бүртгэж, тоог нь гаргаж байгаагүй. Хамгийн сүүлд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын IV наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнд багаараа оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ бол нэлээд өргөн цар хүрээг хамруулдаг, том тэмцээн. Бас Төрийн сангийн хэлтсүүдийн хооронд зохион байгуулсан тэмцээний ширээний теннисний төрөлд түрүүлсэн. Залуучуудтай л ана мана “үзэлцэж” байна даа.
-Ер нь С.Солонго гэдэг хүн хэдийнээс спортоор хичээллэж эхэлсэн юм бол?
-Хүүхэд байхаасаа л сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Би хотын унаган хүүхэд. Нийслэлийн 52 дугаар сургуулийг төгссөн. “Хөдөлмөр” нийгэм лэг буюу одоогийн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны болон сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээд тоглодог байлаа.
Ээж, аав хоёр минь намын гишүүн учраас ажил ихтэй, оройноос нааш гэрийн бараа хардаггүй байв. Тиймээс ар гэрээ хариуцах үүрэг надад ногдсон. Дүү нараа харна, хичээлийг нь давтуулна, хоол ундаа хийнэ. Үүний зэрэгцээ секц, дугуйландаа явна. Ер нь тухайн үеийн айлуудын нийтлэг дүр зураг ийм л байсан болов уу. Би тэр үеэс аливааг амжуулж, төлөвлөж сурсан. Миний дараах дүү волейболын секцэнд явдаг байсан учраас цагаа зөрүүлэхийн тулд сагсан бөмбөгийнхөд хамрагдсан. Бид отгон дүүгээ ээлжилж хардаг байсан юм.
-Өдгөө сагснаас өөр тууштай хичээллэж буй спортын төрөл бий юү?
-Дартс, ширээний теннис тоглох сонирхолтой. Мөн долоо хоногт нэг удаа ууланд заавал алхдаг. Богдхан уулын Зайсангийн амнаас Баруун ширээт хүртэл явдаг маршруттай. Суугаа ажилтай, өдрийн ихэнх цагийг дөрвөн хананы дунд өнгөрөөдөг, байнга дэлгэц ширтдэг хүн цэвэр агаарт алхаж, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхгүй л бол таргалалтаас эхлээд олон өвчинд өртөнө. Тиймээс тогтмол алхах зорилго тавьсан. Ууланд алхах шиг сайхан зүйл үгүй. Тархи толгой сэргэнэ, нүд баясана. Одоо цас ороод бүр янзын болчихсон байгаа.
-Та маш хөнгөн шингэн юм. Энэ нь олон жил спортоор тууштай хичээллэсэнтэй холбоотой байх.
-Ер нь давгүй шүү. Даралт нэг их хэлбэлзэж байгаагүй. Өвчин бараг хэлдэггүй. Даарсан үед л бөөр өвдчих гээд байдаг. Насны эрхээр хараа л муудаж байх шиг.
-Олимп, ДАШТ-үүдийг үздэг үү?
-Сайн үзнэ. Тухайн цаг үед нь амжаагүй бол нөхөж үздэг. Саяхан волейболын ДАШТ-ий тоглолтуудыг шимтэн үзлээ. Монголд хэдхэн хоногийн өмнө болсон сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг шинэ цогцолборт дэргэдээс нь үзэж чадсангүй дээ. Маргааш нь нөхөж үзсэн. Монголын баг үнэхээр сайн тоглосон.
-Та хэдэн онд сагсан бөмбөгийн спортын мастер болсон юм бэ?
-Сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн хугацаагаараа бодвол нэлээд хожуу цол хүртсэн . Их сургууль төгстөлөө улс, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцдог байлаа. Харин хотын захиргаанд ажилд орсноос хойших хэсэг хугацаанд ийм томоохон тэмцээнүүдэд ер оролцоогүй. Ажилдаа дадаагүй хүн юун спорт манатай хэсэг явсан. Байгууллагынхаа тэмцээнд л оролцдог байв. Бага насны хоёр хүүхэдтэй байсан нь ч нөлөөлсөн байх. Тэгээд ажилдаа зүгшрээд, учир зүйгээ мэддэг болсныхаа дараа УАШТ-д орж эхэлсэн. Ардчилсан намын дарга Эрдэнийн аав Д.Содномзундуй гуай нөлөөлсөн юм. Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, манай ууган спортын мастеруудын нэг шүү дээ. Тэрбээр нийслэлийн Биеийн тамирын хорооны даргаар ажиллаж байхдаа “Спортоосоо яагаад хөндийрөөд байна вэ. Тэмцээн, уралдаанд идэвхтэй оролц” гэж шавдуулсаар байгаад тэмцээнд оруулсан юм. Өөрийнх нь санаачилсан Ахмадын УАШТ-д гэхэд 10 гаруй жил оролцсон байна. 35-40, 40-45, 45-50, 50-иас дээш насны ангилалд болдог их сайхан тэмцээн. Тэгж явсаар 2005 оны үед мастер цол хүртсэн.
-Нийслэлийн ЗДТГ хэмээх их айлтай холбогдсон түүхээсээ дурсахгүй юү?
-Би 1989 онд хотын захиргаанд нягтлан бодогчоор ажилд орсон. Тэр үед Тамгын газарт залуучууд ховор байлаа. Хамгийн залуу нь 40 орчим насны хүн байсан санагдана. Намын гишүүн, эсвэл гадаадад сургууль төгссөн, сурлага сайтай хүмүүсийг шилж авдаг байв. Би МУИС-ийн санхүү эдийн засгийн ангийг төгссөн даруйдаа Сангийн яамны тушаалаар хотын захиргаанд томилогдсон. Тухайн үед яамнаас хаана томилно, тэр газарт л ажилладаг байсан цаг. Эхэндээ юу хийж байгаагаа ч ойлгох сөхөөгүй, хүмүүст загнуулаад л гүйдэг байлаа. Тэглээ гээд муудсан зүйл байхгүй. Харин ч хожсон. Ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг хүмүүсээс өчнөөн зүйл сурчээ.
-Төрийн алба бол сонгуулиас сонгуулийн хоорондох халаа сэлгээгээр үргэлжилдэг, тогтворгүй ажлын байр гэсэн ойлголт олон нийтийн дунд байдаг. Шинэ дарга томилогдохдоо өөрийн хүмүүсээ дагуулж ирдэг, хууччуулыг “явуулдаг” гэлцдэг. Харин санхүүгийн хэлтэс бол байгууллагын тогтвортой үйл ажиллагаанд чухал үүрэгтэй учраас арай өөр “журам” үйлчилдэг байх.
-Тэр тал дээр манай газар харьцангуй гайгүй. Санхүү бол угаасаа мэргэжлийн алба шүү дээ. Хүссэн хүн болгоны хийж чадах ажил биш. Ялангуяа ерөнхий нягтлан бодогчийн алба хариуцлага өндөртэй. Засаг даргын өмнөөс л гарын үсэг зураад, хариуцлага хүлээдэг хүн шүү дээ. Ажил их. Энэ олон байгууллагын төсөв, орлого хянана, алба хаагчдын цалин бодно, дулаан, цахилгааны төлбөрөөс авхуулаад урсгал зардлуудыг нь хуваарилна. Нийслэлийн бүх хөрөнгө оруулалт Төрийн сангийн дансаар дамждаг. Тэр болгонд би гарын үсэг зурдаг.
-Тэгэхээр та ажил үүргийн хувьд ч, спортын тэмцээн, уралдаанд ч тэргүүн фронтод явдаг дайчин байх нь ээ?
-Би багтаа холбогчоор тоглодог. Холбогч талбайгаа бүрэн харж, тооцоолж тоглодгоороо онцлог. Довтлогч шидэх оновчтой байршлаа олох мөчид холбогч бөмбөгөө цаг алдалгүй дамжуулж чадвал багтаа оноо авах магадлал өндөр. Хамгаалагч ирэхээс өмнө амжиж дамжуулах, зайлах гээд маш их мэдрэмж, ур чадвар шаарддаг.
-Та бол нийслэлийн захиргааны байгууллагын нэгэн эд эс нь болсон хүн. Энэ үүднээсээ хотоос гаргаж буй аливаа шийдвэртэй холбоотой иргэдийн шүүмжлэл, таагүй хандлагуудыг илүү мэдрэг хүлээж авдаг байх.
-Тэгэлгүй яах вэ. Эмзэглэх зүйл өчнөөн. Хотынхоо бүх зүйлд өөриймсөг хандаж, хайрладаг. Хүний хөдөлмөрийг сүйтгэж, үнэгүйдүүлсэн зүйл харахаар эрхгүй бухимддаг юм. Жишээлбэл, хэн нэгэн автобусны сандлыг цоолчихсон байхыг хараад шууд гол харладаг. Тариф нь хямдарсантай холбоотойгоор нийтийн тээврийн салбарынхан сүүлийн үед ихээхэн алдагдалтай ажиллаж байгаа, түүнийг нь нийслэлийн төсвөөс өгдөг гэдгийг мэдэх учраас тэгж эмзэглэдэг юм шүү дээ. Их сайхан ургаж байсан моддыг барилга, бүтээн байгуулалт хийх нэрийдлээр тайрч хаяхыг харахаар үнэхээр хайран санагддаг.
Дотор нь ажилладаг, зовлонг нь мэддэг хүний хувьд нийслэлтэй холбоотой аливаа асуудлыг наанатай цаанатай хардаг. Энэ тал дээр гэрийнхэнтэйгээ хүртэл зөрчилддөг. Манайхан “Хотынхон чинь ажлаа хийхгүй байна” гэж над руу цамнана. Би хир халдаахгүй өмөөрнө.
Саяхныг хүртэл нийслэлд хангалттай төсөв хуваарилдаггүй, түүнийгээ захиран зарцуулж ч чаддаггүй байлаа шүү дээ. Тиймээс дорвитой ажиллаж, арга хэмжээ авч чаддаггүй байсан юм. Ганц , хоёр жилийн өмнөөс л “Нийслэлд хөрөнгө зарцуулахгүй л бол тулгамдсан асуудлыг нь шийдэж чадахгүй юм байна” гэдгийг хаана хаанаа ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлсэн.
-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?
-Хамгийн түрүүнд хариуцлагатай байхыг чухалчилдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нягтлан бодогчид төсөв, хөрөнгөө хянаагүй бол ингэж хариуцлага тооцно, шамшигдуулсан бол тэгж арга хэмжээ авна гээд нарийн заачихсан байдаг. Сайн ажиллавал ингэж урамшуулна, сайшаана гэсэн зүйл нэг ч байхгүй. Энэ буруу биш л дээ. Яалт ч үгүй өндөр хариуцлага шаарддаг онцлогтой мэргэжил юм. Хариуцлагатай, хянамгай байхыг цаг тутам хичээдэг. Олон жил ажиллаад, туршлагажаад ирэхээр аливаа эрсдэлийг түрүүлж хардаг, тооцоолдог болчихдог юм билээ. Үүний үндсэн дээр дарга, удирдлагууддаа зөв мэдээлэл өгөхийг хичээдэг. Ингэж байж дээд шатны хүмүүс нь зөв, оновчтой шийдвэр гаргана.
-Та 2019 онд нийслэлийн шилдэг эмэгтэйгээр тодорч байсан юм билээ.
-Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зорилготой “Их хотын бүсгүйчүүд” гээд ёслол болж эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, хот, нийтийн үйлчилгээ гээд салбар салбараас шилдэг эмэгтэйчүүдийг шалга руулсан. Намайг санхүүгийн салбарын шилдгээр өргөмжилсөн. Хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн, Гавьяат багш, МУБИС-ийн хүндэт доктор М.Цэрэнханд шилдгээр шалгарсан гэхээр том шагнал байгаа биз. М.Цэрэнханд багш намайг дунд сургуульд байхад эрүүл ахуйн хичээл заадаг байлаа шүү дээ. Ийм мундаг хүмүүстэй мөр зэрэгцэн шагнал хүртсэндээ баярладаг.
-Залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
-Эрүүл мэнддээ л хөрөнгө оруулаарай гэж захимаар байна. Ажил ихтэй гээд өөрийгөө үл хайхарч болохгүй. Долоо хоногтоо ядаж ганц удаа салхинд гарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Нэг үеэ бодоход нийслэлчүүд ууланд их алхдаг болсон байна. Хүмүүс тэр бүр алхдаггүй байхад л би ууланд явдаг байлаа шүү дээ. Одоо бол гудамжинд явж байгаа юм шиг л олон хүн зөрдөг болсон. Өөрийгөө хөгжүүлээд, тэмцээн, уралдаанд оролцоод явбал тухайн хүндээ л өгөөжтэй. Хүн эрүүл чийрэг байвал ямар ч ажлыг хийнэ, гэр бүл нь элэг бүтэн, аз жаргалтай байна. Цаашлаад улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна. Тиймээс залуучууд дасгал хөдөлгөөнд онцгойлж, зориулж цаг гаргах хэрэгтэй. Спорт стресс тайлдаг.