Манай орны нийт нутгийн 60 хувьд зуд болох эрсдэлтэй гэсэн төлөвийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн сарын 25-нд гаргаж байв. Нийт нутгаар цас орсны улмаас уг үзүүлэлт энэ сарын эхэнд 70 хувьд хүрч ихэссэн юм. Тэгвэл энэ сарын 18-20-нд нийт нутгаар их хэмжээний цас орсонтой холбоотойгоор Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн төлөвийг дахин шинэчлэн гаргалаа. Уг төлөвөөс харвал зудын эрсдэл манай орны нийт нутгийн 80 хувийг хамрахаар болж нэмэгджээ. Тэр дундаа 40 хувьд нь эрсдэл өндөр, мөн 40 хувь нь дунд зэрэг эрсдэлтэй гэсэн дүн гарсан аж. Тодруулбал, 16 аймгийн 110 сум зудын эрсдэлтэй бүсэд хамрагдаж буй гэнэ. Ялангуяа Баян-Өлгий, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай гэсэн таван аймгийн 15 сумд зуд болох эрсдэл хамгийн өндөр байна.
Бэлтгэсэн М.Оч