Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаан өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл болон мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцсэнюм. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-ны байдлаар 92.4 хувийн гүйцэтгэлтэй байсныг салбарын сайд Б.Чойжилсүрэн мэдээлэв. Тус салбарт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 1186 нэр, төрлийн ажил төлөвлөсөн бөгөөд 95.5 хувийг нь гүйцэтгэжээ. Шахмал түлшний нөөцийн хувьд энэ сарын 15-ны байдлаар баруун бүсийн үйлдвэрт найм, зүүн бүсийн үйлдвэрт дөрвөн шугамаар хоногт 2000-2200 тонныг үйлдвэрлэж, нийт 106 мянган тонныг нөөцөлжээ. Дизелийн түлшний нийлүүлэлт буурснаас шалтгаалж “Багануур” компани ердөө гурав, “Шивээ-Овоо” 11 хоногийн нөөцтэй байгаа тул УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан уг түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг нь тогтвортой байлгах үүргийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт өглөө.
Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийн хувьд малчид 1.1 сая тонн өвс хадлан бэлтгэсэн нь нийт бэлтгэвэл зохих өвсний 94 хувь гэдгийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэлэв. Гол эрсдэл нь энэ жил улсын хэмжээнд 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарсан бөгөөд өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40 хувьд л хүрэлцэх гэнэ. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас махны экспортыг нэмэгдүүлж малчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин ажиллах шаардлагатайг аймгийн Засаг дарга нар тэмдэглэж байлаа. Үүнд салбарын яамнаас онцгойлон анхаарч, үхрийн махнаас бусад экспортолж буй махны квотыг цуцалж, нийлүүлэлтийг бүх талаар дэмжин ажиллаж байгаа аж.
Дээрх хуралдааны төгсгөлд 21 аймгийн удирдлага болон Эрүүл мэнд, Эрчим хүч, ХХААХҮ-ийн сайдад үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, коронавируст халдварын шинэ хувилбаруудын талаарх судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэн даруй бүрдүүлэх, халдвараар өвчилж, эдгэрсэн иргэдэд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад өвс, тэжээл нэмэлтээр худалдан авах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгажээ. Мөн малчид, мал бүхий айл өрхүүд өвөлжөөндөө бууж, малын шилжилт хөдөлгөөн бүрэн зогсох үе буюу ирэх оны 1-3 дугаар сард малын гоц халдварт өвчний тандалт, эмнэл зүйн үзлэг хийх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газраас хэрэгжүүлэх тул орон нутгийн түвшинд бэлтгэл ажлыг хангах, ажиллах хүний нөөц, санхүүжилтийг шийдвэрлэх, бас эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайнуудад өвлийн их ачааллын үед шаардлагатай дизелийн түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг даалгасан байна.
Бэлтгэсэн Б.Сонор