Нэгэн зууныг өөрийн нэрээр нэрлүүлэн, дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн угсаатны нэг нь монголчууд. Монгол угсаатны дундаас суу билигт Эзэн Богд Чингис хаан мэндэлсэн нь Монголын төдийгүй дэлхийн түүхийг өөрчлөх их үйлийн эхлэл болсон билээ. Чингис хаан 1206 онд нийт эсгий туургатныг бүрнээ эрхэндээ оруулж, Их Монгол Улсыг тунхаглан зарлав. Энэ цаг үеэс Их Монгол Улс дэлхийн гүрэн болох замдаа орсон юм. Чингис хааны монголчууд 1206-1227 онд Хятадын хойд хэсэг, 1215 онд Бээжинг эзлэн, улмаар өрнийг чиглэсэн. Монголын эзэнт гүрний баруун талд Хорезмын эзэнт улс нь өнөөгийн Узбекистан, Тажикистан, Туркменистан, Афганистан, Персийн ихэнх нутгийг эрхшээн оршиж байв. Чингис хааны монголчуудынаян дайны үед (1219-1223) Хорезмын зүүн хойд хэсгийн нутгуудыг эрхшээлдээ оруулсан билээ. Нэрт жанжин Зэв, Сүбээдэй нар Хорезмын султаныг бүх Перс даяар шил даран мөшгөж, эцэст нь Каспийн тэнгисийн нэгэн арал хүртэл нэхэн довтолгожээ. Тэд Чингис хаантай эргэн нийлэх зам зуурт Каспийн тэнгисийн хойд эргээр аялан явахдаа Орос болон кипчак түрэгүүдийн цэргийг ялсанбайна. Ийнхүү Монголын эзэнт гүрэн Чингис хааны амьд ахуйд сурвалжид тэмдэглэсэнчлэн “Наран ургахаас наран шингэх хүртэл мориор нэгэн жил явах” өргөн уудам нутгийг нэгтгэв. Эзэн Богд Чингис хаан улсынхаа дотор улс төр, эдийн засаг, соёлын бодлогыг хамгийн зөв зохист байдлаар явуулж, хөгжүүлж чадсан нь Монголын эзэнт гүрэн өргөжин тэлэх, өнө удаан оршин тогтнохын үндэс болсон юм. Чингис хааны бодлого, үйл ажиллагаа, зарлиг, хууль нь өдрөөс өдөрт өргөжин тэлж байсан эзэнт гүрний бүхий л нутагт хүрчээ.
“ИХ ЗАСАГ”
Чингис хааны үед баталсан хуулийг түүхэн сурвалжид “Засаг” хэмээн тэмдэглэсэн байдаг. Хааныг нас барснаас хойш тухайн хуулийн сүр хүчин ба дээдсээ хүндэтгэхийн улмаас “Их засаг” хэмээн өргөмжлөн дуудах болсон билээ. “Их засаг” бол Монгол Улсыг эмхлэн байгуулах явцад үүсэн бүрэлдэж, баялагжин төгөлдөржиж, улам бүр хүчин төгөлдөр болсон бичмэл хууль байсан юм. Чингис хаан ороо бусгаа, эмх замбараагүй нийгмийг нэгэн жолоонд хураая гэвэл эрхбиш хууль тогтоож, хуулиар улс орноо засах ёстой хэмээн үзжээ. Ингээд тухай тухайн үйл хэрэгт зохицуулан хууль цааз нийтэлж, элдэв зүйлийн зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэсээр эцэстээ 1206 онд Их Монгол Улсыг байгуулж, “Засаг” хуулийг албан ёсоор тунхаглан зарлажээ. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр 1206 онд өөрийн өргөмөл дүү Шихихутугийг бүх улсын заргач ноёноор томилж,
“Гүр улсын хулгайг гэсгэж
Худлыг мохоож
Үхүүлдэхүн ёстныг
Үхүүл!
Алдуулдахун ёстныг
Алдуул! хэмээн тушаажээ. Энэ бол “Засаг” хуулийн чухал заалт бөгөөд мөн улс орныг засан тохинуулах үндсэн зарчим болж байж. Төрийн үндсэн үүрэг бол “Улс иргэнийг үл зовоож, хөл ану хөсөр, гар ану газраа талбиулж жаргуулах” явдал болох юм. Энэ зорилгыг биелүүлэхийн төлөө юуны өмнө хуулийг шударга хэрэгжүүлж, нийгэмд хамгийн их хор хөнөөл бүхий хулгай, худлыг залхаан цээрлүүлж, үхүүлэх ёстойг үхүүлж, алах ёстойг алж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл, хулгай, худалгүй нийгэм бол хамгийн амар амгалан, энх тайван, аз жаргалтай нийгэм болох юм.
Чингис хаан XIII зуунд Их Монгол Улсад амар амгаланг тогтоож чадсан бөгөөд эзэнт гүрний эх үндсийг тавьсан. Эзэн хаан дэлхий дахинд “Pax Mongolica” буюу Монгол их амар амгаланг тогтоож чадсанаараа эдүгээ олон улсад үнэлэгдсээр байна. Чингис хааны Монгол болон хүн төрөлхтний соёлд оруулсан чухал хувь нэмэр, гавьяа зүтгэлийн нэг нь хуулиар улсаа засах зарчим ажээ. Түүнчлэн хуулиар улсаа засахад бас гурван нөхцөлийг бүрэлдүүлэх ёстойг Чингис хаан бидэнд соён сургасан. Тухайлбал, нэн тэргүүнд амьдралд нийцсэн хууль батлах ёстой. Хууль бол хүнд харуулахаар гаргасан хийсвэр нэр томьёо биш, харин амьдралд оршиж буй зүй бус зүйлийг залхаан цээрлүүлэх зорилготой ял шийтгэлийн тогтолцоо юм.
“Их засаг” хууль нь амьдралын дундах зөрчлийг зөв шийдвэрлэж чадаж байсан тул XIII зуунд Чингис хаан монголчуудаа төдийгүй дэлхий дахиныг засан тохинуулж чаджээ. Нөгөөтээгүүр, хуулийг хүн бүхэнд зөв таниулж, сахин хэрэгжүүлэх ухамсрыг буй болгох ёстой. Чингис хааны үед ноёд түшмэд, хишигтэн цэрэг, ард иргэд бүхэнд хуулийг таниулахыг маш чухалчилж байжээ. Хуулийг шударга хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн үг. Чингис хааны үед хууль зөрчвөл ах, дүү, садан төрлийн, алтан ургийн хүн ч адил тэгш шийтгэж байжээ. Тухайлбал, дүү Бэлгүдэй нь их эеийн нууцыг задруулснаас болж их эед орох эрхээ хасуулсан, Алтан, Хучар нарын үеэл нь цэргийн хуулийг зөрчөөд цаазлуулсан зэрэг жишээ “Монголын нууц товчоо”-ноо дурдагддаг. Эдгээр түүхэн сургамжаас дүгнэхэд, амьдралд нийцэхгүй хуультай, эсвэл хууль байгаад хэрэгжүүлэхгүй бол хуульгүйтэй адил. Хуулийг шударга хэрэгжүүлэхгүй бол зөрчих хүн нэн олон болох жишээтэй. Иймээс хуулийг шударга хэрэгжүүлэх нь зөвхөн хууль зөрчигсдийг залхаан цээрлүүлэхэд биш, харин ард иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, төрөө дээдлэх үзэл ухамсрыг буй болгон, үүний улмаас хуулийг сахих нь хүмүүсийн ухамсарт үйлдэл болдог ажээ.
ШАШИН ШҮТЛЭГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Чингис хаан, түүний залгамжлагчид дэлхийн төр, шашин хоорондын харилцааны түүхэнд цоо шинэ үеийг нээсэн байдаг. Дэлхийн хуурай газрын талыг эзэлсэн Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд буддын, христийн, исламын шашинт болон Бомбын, Күнзийн сурталт ард түмнүүд багтаж байв. Бөө мөргөлтэй монгол туургатныг нэгтгэж, Их Монгол Улсаа байгуулсны дараа хүн төрөлхтний түүхэнд анх удаа ийм олон шашин шүтлэгтэй улс түмнийг нэгтгэн, нэгэн төрийн жолоонд барих түүхэн үүрэг Чингис хаанд оногдсон билээ. Монголын эзэнт гүрэн 200 орчим жил оршин тогтнохдоо шашин хоорондын элдэв зөрчил тэмцлээс ангид байсан нь их хааны үндсийг нь тавьсан, төр, шашин хоорондын харилцааны бодлого мэргэн агаад үнэн, зөв байсныг түүх гэрчилдэг. Чингис хаан эзлэгдсэн орны ард түмнийг хүчирхийлэн дарахаас илүү тэдний сэтгэлийг дагуулан хураахыг чухалчилдаг нь тухайн ард түмний оюун санааны удирдагч болсон шашны тэргүүнүүд, санваартан лам нарт хүндэтгэлтэй хандаж байснаас тодорхой болдог.
“Олон улсыг барихад
Биеийг нь хураахаас
Сэтгэлийг нь хураагтун.
Сэтгэлийг нь хурааваас
Бие нь хаа одох” гэсэн зарчмыг Чингис хаан болон түүний өв залгамжлагчид бусад шашны талаар явуулсан бодлогодоо баримталж байж. Үүний сацуу бүх шашинд эрх тэгш хандах, алив шашны сүм, хийдийг улсын алба татвараас чөлөөлөх, тэдгээрийн тэргүүн, санваартан лам нарт өртөө замаар чөлөөтэй зорчих зэрэг онцгой хөнгөлөлт үзүүлэхийг “Их засаг”-т тусган, мөрдөж байв. “Их засаг” хуулийн эдгээр заалт нь эзэнт гүрний хэмжээнд мөрдлөг болж байснаар ИхМонголУлсынбүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудын сүм, хийдийн улс төр, нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжилд шууд нөлөөлжээ. Биднийг хүртэл уламжлагдан ирсэн бусад шашны сүм, хийдийг албан татвараас чөлөөлсөн онгол хаадын зарлигаас нэгдүгээрт Хятадын Бомбын суртлын тэргүүн Чанчунь бомбод Чингис хааны олгосон зарлиг, хоёрдугаарт Чингис хааны ууган хүү Зүчийн удмын Алтан ордны улсын хаадаас Оросын үнэн алдартны шашны сүм хийдэд олгосон зарлигийг нэрлэж болно. Алтан ордны улсын хаадын олгосон эдгээр зарлигийн орос орчуулгыг сүм хийдүүд өөрсдийн хөтөлж байсан он дарааллын бичигтээ нандигнан хуулбарлаж, хадгалсан бөгөөд Монголын ноёрхол унаснаас хойш үед ч энэ давуу эрхээ авч үлдэхийн тулд түүнийг ашиглаж байсан ажээ.
Чингис хааны боловсруулсан, Монголын төрөөс бусад шашны талаар баримталсан бодлого ямар давуутай байсныг нэгэн цаг үед зэргэлдээ оршиж асан, үзэл суртлын гол өрсөлдөгч болсон баруун Европын Ромын пап лам болон исламын шашинт улс орнуудын төрөөс явуулж байсан шашны бодлоготой харьцуулан авч үзэхэд илэрхий байгаа юм. Тухайн үеийн баруун Европын улс орнуудын католик шашин шүтлэгийн байдал Монголын эзэнт гүрнийхээс газар, тэнгэр шиг эрс ялгаатай байв. Баруун Европын орнууд Ромын пап ламын ивээл дор загалмайтны шашны найман удаагийн аян дайныг 1096-1272 онд Ойрхи Дорнодын исламын шашинт орнуудын эсрэг явуулсан билээ. Эдгээр дайн нь Европын нийгэмд бусад шашинтан, ялангуяа мусульманчуудыг үл тэвчих үзлийг хөөрөгдөж, шашин хоорондын зөрчлийг дэвэргэж байв. Католик шашны номлол, ариун ёсыг хамгаалах нэрийдлээр дотооддоо мөн иймэрхүү шашны аян дайн удаа дараа явуулж байлаа. Энэ бүхэн нь эцсийн дүндээ бусад шашныг үл тэвчих, дан ганц католик шашныг туйлын үнэн, зөв хэмээн мухарлан сүсэглэх үзлийг нийгэмд хүчээр тогтооход чиглэж байж. Түүнээс гадна католик шашны номлолыг гуйвалтгүй мөрдүүлэх зорилгоор инквизици буюу Католик шашны онц шүүхийг баруун Европын ихэнх оронд 1229 оноос эхлэн байгуулсан. Ингээд шашны тэрс үзэлтнүүд, мэргэ төлөгчид болон шулам гэж гүтгэгдсэн гэм зэмгүй олон зуун хүн, тэр дундаа гол төлөв эмэгтэйчүүдийг шашны онц шүүхээр эрүүдэн шүүж, ихэнхийг амьдаар нь галдан шатааж байлаа. Өөрөөр хэлбэл, XIII-XIV зууны үеийн баруун Европ католик шашны террор буюу харгислалд бүрэн автсан байж. Тухайн үеийн исламын ертөнцөд ч харь шашинтнууд олон байжээ. Тэдгээрийг хэзээ ямагт ялгаварлан гадуурхах бодлогыг төрөөс хатуу явуулсан бөгөөд тусгай татвар төлүүлэх замаар өөрийнхөө шашныг шүтэх эрх олгож байв. Гэсэн ч бусад шашинтнууд шинээр сүм хийд барих, шашныхаа зан үйлийг чөлөөтэй явуулах зэрэг олон зүйлээр хавчигдан гадуурхагдаж байсныг тэмдэглэвэл зохино.
Харин Монголын эзэнт гүрэнд шашин шүтлэгийн жинхэнэ эрх чөлөө ноёрхож, төрийн алив дарангуйллаас ангид байсныг орчин үеийн хүн л бүрэн хэмжээгээр үнэлж чадна. Бөө нараас гадна буддын, исламын, христийн шашны санваартан лам нар Монголын эзэнт гүрний төв Хархорум хотод зэрэгцэн оршиж байсан, өөр өөрийн шашны 12 сүм дугандаа их хааны ивээл дор зан үйл, суртал ухуулгаа эрх чөлөөтэй явуулж байсныг Монголд ирсэн Европын элч төлөөлөгчид ер бусын зүйл үзсэн мэтээр тэмдэглэсэн байдаг. Түүгээр барахгүй Францын вангийн элч, католик шашны францискан ёсны гэлэн Гийом де Рубрукийг 1254 онд Хархорумд ирээд байхад их хаан Мөнхийн ивээл дор олон шашны төлөөлөгчдийн оролцоотой том мэтгэлцээн зохион явуулжээ. Тэр үед Рубрук гэлэн католик шашны тэрс үзэл хэмээж Европт хориглосон несториан шашны санваартнуудтай нэг баг болж, бурхны шашны лам нартай ном хаялцсан байдаг. Монголын эзэнт гүрэнд их хаадын ивээл дор явуулж байсан шашны мэтгэлцээнүүд нь төр, шашны харилцааны түүхэнд эгэлгүй зүйл бөгөөд Чингис хааны бусад шашны талаар баримталж байсан бодлогын илрэл юм. Чингис хаан болон түүний үе залгамжлагчдын хэрэгжүүлсэн төр, шашны бодлого нь бодит амьдрал, цаг хугацааны шаардлагаар шалгарсан тул Монголын эзэнт гүрний дараа тогтсон улсууд өвлөн авч, хэрэгжүүлж байжээ.
Ийнхүү XIII-XIV зууны үеийн дэлхий дахины төр, шашны харилцааны түүхэнд Чингис хааны оруулсан хувь нэмэр нь нэгт, нийгмийн цоо шинэ үзэгдэл болох бүх шашинд адил тэгш хандах бодлогыг хуульчлан хэрэгжүүлсэн. Хоёрт, шашин шүтлэгийн жинхэнэ эрх чөлөө ноёрхсон, шашин хоорондын элдэв зөрчил тэмцлээс ангид нийгмийг цогцлоон бүтээсэн. Гуравт, эзлэгдсэн орны шашны сүм хийдийг улсын алба татвараас чөлөөлснөөр тухайн шашны сүм, хийд нь нийгэм, эдийн засгийн талаар бүрэн бэхэжсэн. Дөрөвт, нийгэм, цаг үеийн шаардлагад бүрэн нийцсэн шашны бодлого явуулсан тул дараагийн үед өвлөгдсөн зэрэгт оршино.
“ТОРГОН ЗАМ”
“Торгон зам” гэдэг нэр томьёог анх 1877 онд Германы эрдэмтэн Фердинанд фон Рихтхофен гаргажээ. Хятадаас баруун тийш 6000 илүү км үргэлжлэх олон салаа замаар гол төлөв торго, лакан эдлэл, халуун ногоо, цай, шаазан зэрэг хятад бараа зөөдөг байсан бол Өрнөдийн орнуудаас зааны соёо, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, алт мөнгө, шилэн эдлэл зэргийг худалддаг байжээ. Эдгээр бүтээгдэхүүний дотроос торго хамгийн эрэлттэй, үнэт бараанд тооцогддог байсан тул энэ замыг “Торгон зам” хэмээн нэрийджээ.
2000 гаруй жилийн тэртээгээс Евразийн өргөн уудам тал нутгийг холбож байсан “Торгон зам” нь Чингис хаан буюу Монголын эзэнт гүрний үед өргөжин тэлж, Өрнө, Дорнын ард түмнийг гадаад харилцаа, техник, технологи, шашин шүтлэг, соёлын шижмээр нягт холбож, Монголын их амар амгаланг тогтоон, дэлхийн хөгжлийг урагш ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Энэ хүндтэй, хариуцлагатай үүргийг Чингис хаан хэрхэн хэрэгжүүлснийг товч өгүүлье.
Чингис хаан улсаа байгуулахаас ч өмнө “Торгон зам”-ын худалдаа эрхэлдэг Дундад Азийн томоохон худалдаачидтай холбоотой байсан тухай “Монголын нууц товчоо” зэрэг сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Энэ холбоо харилцаа нь хожмын их үйлсийг бүтээхэд чухал суурь болжээ. XIII зуунд Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хөрш зэргэлдээ орнуудтай улс төр, эдийн засгийн харилцаа тогтооход юуны түрүүнд анхаарал хандуулсан билээ. Тэр үед монголчуудын хөрш нь Алтан, Тангуд, Хорезмын хаант улс байсан. Тэдгээр улс нь “Торгон зам”-ын сүлжээн дээр оршдог бөгөөд худалдаа, эдийн засаг өндөр хөгжсөн байв. Тиймээс Чингис хаан Хорезм улстай улс төр, эдийн засгийн холбоо тогтоох асуудалд алсын хараатай, нухацтай хандсан бөгөөд өөрийн төлөөнөөс муслим худалдаачдаар ахлуулсан элчийн томоохон бүрэлдэхүүнийг гурван удаа илгээсэн байдаг. Чингис хааны Хорезмын хаант улс руу удаа дараа илгээсэн элч нарын бүрэлдэхүүнийг харвал, Хорезмын Махмуд, Бухарын Али ходжа, Отрарын Юсуф, Марагийн Жемаль, Бухарын ойролцоох Дизакийн Фахр-ад-дин, Гератын Амин ад-дин лон худалдаачин байсан. Тэд “Торгон зам”-ын худалдааны гол томоохон хотуудын төлөөлөгч болохын дээр хөрөнгө мөнгөтэй нөлөө бүхий худалдаачин байж. Өөрөөр хэлбэл, тохиолдлын ирсэн худалдаачдыг бус, анхнаасаа бодлогоор сонгосон бололтой байдаг. Тийнхүү сонгохдоо худалдаачдын хэд хэдэн давуу талыг харгалзсан болов уу. Нэгт, газар нутаг, зам сайн мэдэхийн дээр, олон жил наймаа хийсний улмаас хүнтэй харилцах, арга эвийг олох туршлагатай. Хоёрт, “Торгон зам”-аар тэмээн цувааг ахлан явдаг томоохон худалдаачид нь тухайн улсынхаа хааны сангийн орлогын нэлээд хувийг бүрдүүлдэг учир исламын шашинтай орнуудад хүндтэйн дээр, засаг төрийн ивээлд байдаг, эрх баригчидтайгаа дотно холбоотой учир мэдээлэлд ойр нөлөөтэй хүмүүс байсныг Чингис хаан давхар бодолцсон хэрэг. Үүний тодорхой жишээ нь, Хорезмын шах Чингис хааны элч нарыг хүлээн авч, захидалтай танилцсаны дараа илгээсэн элч нарын тэргүүний нэг Хорезмын Махмудыг шөнө оройн цагаар ордондоо дуудан уулзаж, “Чи Хорезмын хүн учир өөрийн шахдаа үнэнч байх ёстой. Чи миний талд байж Чингис хааны бүх санаа бодлыг надад мэдээлж бай” хэмээн бугуйвчныхаа шигтгээ эрдэнийн чулууг бэлэглэсэн нь маш их хүндлэл, итгэл үзүүлсэн хэрэг байв. Махмуд тэр үедээ зөвшөөрсөн ч хожмын үйл явдлаар энэ амлалт худал гэдэг нь тодорхой болсон юм.
Хорезмын хаант улс нь газар нутаг, хүн амынхаа тоогоор ч, тухайн үеийн улс төрийн тавцанд эзэлж байсан нэр хүндээрээ ч тэр, аль ч талаар шинээр хүчирхэгжсэн Монгол Улсаас давуу байсан билээ. Гэвч Хорезм нь хэдий том улс ч дотоодын эв нэгдэл сул, зөрчилтэй байснаас Чингис хааны цэрэгт ялагдаж, эрхшээлд нь оржээ. Чингис хаан цэргээ удирдан, алс холын аян дайнд явахдаа харь орны байдлыг нүдээр үзэж, танилцсан нь хожим алсыг харсан, өргөн далайцтай бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нөлөөлсөн. Түүнчлэн газар, газрын худалдаачидтай уулзаж мэдээлэл авсан нь улс төрийн, эдийн засгийн ч олон талын ач холбогдолтой байв. Чингис хаанд газар нутгаа тэлэхэд нь “Торгон зам”-ын худалдаачид мэдээ хүргэх, тагнан турших, цэргийн ангиудад газарчлах, нутгийн ард олныг ятгах зэргээр багагүй тус хүргэсэн байдаг. Чингис хаан муслим худалдаачдын зүтгэлийг үнэлж Монголын эзэнт гүрний төрд томоохон албан тушаалд томилж байжээ. Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад худалдаачдыг дэмжиж, тэдэнд ихээхэн боломж олгож байснаараа дайнд сүйдсэн эдийн засгийг богино хугацаанд сэргээж, улс орныхоо хэрэгцээг хангах боломж бүрдсэн юм. Худалдаанаас ихээхэн ашиг олж байсан учир татварыг хөнгөлөх, худалдаачдыг урамшуулж, зээл олгож, тэдний эрх ашгийг хуулиар хамгаалах, дэмжих бодлого барьж байсан нь улс орны эдийн засгийн хөгжилд таатай нөлөө үзүүлжээ.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай Монгол орныг худалдаачид зорин ирэх нь нэлээд зориг тэвчээр шалгасан хэрэг болох нь ойлгомжтой. Тиймээс юуны түрүүнд Монголд ирж худалдаа хийх эдийн засгийн сонирхол, урамшууллыг буй болгох нь зүйн хэрэг байв. Хааны санд бараа авах, үнэлгээ тогтоох тусгай хүмүүс байсан ч Чингис хаанаас эхлэн Их Монгол Улсын хаад худалдаачдын барааг хэлснээс нь илүү үнээр авдаг байж. Энэ нь зах зээлийн үнийг мэдэхгүйдээ биш, урамшууллын уян хатан, оновчтой хөшүүргийг буй болгосон хэрэг байжээ.
Чингис хаан хэдийгээр өөрөө Хорезмын хаант улсад байлдаж явсан ч 1220 оны луу жилд Хархорумыг нийслэл болгох зарлиг буулгасан. Энэ нь улсаа “Торгон зам”-ын умард сүлжээний нэгэн чухал төв болгох үндэс суурийг тавьсан . Монгол хаад юуны өмнө худалдаачдын авчирсан бараа таваарыг зах зээлийн үнээс өндрөөр авах, худалдаачдад зээл олгох, өөрсдийн нэрийн өмнөөс худалдаалуулах, төрийн өндөр албанд томилж ажиллуулах, харь оронд элч төлөөлөгчөөр томилох, онцгой албан үүрэг гүйцэтгэхээр явахад нь алт, мөнгөн гэрэгэ олгож, өртөө замаар дугаар дараалал харгалзалгүй унаа унаж, хүнс, хоолны хангамжтай зорчих эрх олгон, өндөр шан харамж өгч байв. Энэ бүх дэмжлэг, боломж нь Их Монгол Улсын нийслэл Хархорумыг хэсэг хугацаанд Өрнө, Дорныг холбосон худалдааны гол зангилаа, “Торгон зам”-ын умард сүлжээний төв болгосон юм. Үүнийг бичгийн сурвалжууд болон археологийн малтлага судалгаа, түүнээс гарсан үнэт олдворууд гэрчилж байна.
Их Монгол Улсын үед Чингис хааны алтан ургийнхан Монголын төрд зүтгэж байсан харь гаралтай язгууртан дээдэс, төрийн түшээд, орон нутгийн эрх баригчдаас бүрдсэн дээдсийн давхарга буй болсон. Энэ нь тансаг хэрэглээг зүй ёсоор буй болгож, “Торгон зам”-ын худалдаачид ч бараагаа төрөлжүүлэх хандлага гарсан байна. Торго дурдан, сайн чанарын цэмбэ, алт, мөнгө, шүр, сувд зэрэг дээдсийн, төрт ёсны хувцас, гоёл чимэглэлд хэрэглэх үнэт эдлэл, бараа таваарын эрэлт үлэмж нэмэгдэв. Эрэлт хэрэгцээг даган торгоны үйлдвэрлэл өсөж, худалдаа нэмэгдэхийн хэрээр үнэт торго, бөсөөр хувцас хэрэглэл оёдог оёдолчин, урчуудын тоо ч олширчээ. Худалдааны цар хүрээ нэмэгдэх тутам монгол хаад худалдаачдад элдэв янзын хөнгөлөлт, онцгой эрх дарх олгож, төрийн албанд томилон ажиллуулах, гадаад улсад одох элчин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгүүлэх болсноор худалдаачдын нийгэмд эзлэх байр суурийг өргөж өгчээ.
Монгол хаад олон орныг нэгэн хил хязгаарын дотор нэгтгэснээр худалдаачдын улс, хот бүрт нэвтрэхэд төлж байсан гаалийн татвар үгүй болж, барааны үнэ бууснаар, хэрэглэгчдийн худалдан авах чадвар нэмэгдсэн. Энэ нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, олон улсын худалдааны хөгжилд чухал түлхэц болжээ. Олон улсын худалдааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлсэн явдал нь Өрнө, Дорнын улс орнуудыг улс төр, эдийн засаг, соёлын түмэн шижмээр холбож, дэлхийн хөгжлийг урагшлуулахад монголчуудын оруулсан томоохон хувь нэмэр гэдгийг олон улсын эрдэмтэд судлан тогтоожээ.
Чингис хааны төрийн бодлогын нэг онцлог нь зөвхөн өөрийн орны тухайд бус, эрхшээлдээ оруулсан болон харилцаа холбоо тогтоож, хамтарч ажиллаж болох бүх л улс, хүмүүст боломж олгосон явдал. Ийнхүү нээлттэй төрийн бодлого явуулснаар орон орны худалдаачдыг хамарсан, өргөн цар хүрээтэй олон улсын худалдааг богино хугацаанд, хурдацтай хөгжүүлж чадсан юм. Ингэснээрээ “Торгон зам”-ын салаа салбарууд нэмэгдэж, хувны, хөвөнгийн, номингийн зэрэг олон шинэ зам нэмэгджээ. Монголын эзэнт гүрний үед “Торгон зам”-ын хөгжлийг төрийн бодлогоор дэмжсэнээр олон улсын худалдааны гол сүлжээ замаар шинэ мэдлэг, мэдээлэл, технологи хурдтай түгэн тархаж байсныг монгол хаад олж харж, ач холбогдол өгч байсан юм. “Торгон зам”-аар соёл, шинжлэх ухааны олон шинэ зүйл Өрнө, Дорнодод харилцан нэвтэрснээр Евразийн улс орнуудын хөгжлийг урагшлуулахад нөлөө үзүүлжээ.
Монгол хаад төрийн бодлогоор худалдааг дэмжсэнээр хэд хэдэн зарчмын чухал өөрчлөлт гарчээ. Тухайлбал, олон улсын худалдааг дэмжиж хөгжүүлснээр худалдааны зам дагуу хотуудын тоо нэмэгдэж, чөлөөт бүсүүд байгуулагдсан ба мөнгө зоос, жин хэмжүүрийн нэгдсэн стандарт буй болсон. Монголын эзэнт гүрний нутгаар олон улсын худалдаачид аюулгүй, татваргүй, чөлөөтэй зорчих болсноор улс орнууд бие биеэ таньж мэдэх, шинэ дэвшилтэт зүйлсийг нэвтрүүлэхэд нөлөө үзүүлэв. Хаан өргөмжлөх, төрийн баяр наадам, зочид төлөөлөгчдийг угтах, үдэх зэрэг дипломат ёс тогтсон. Улмаар түүнд хэрэглэх хувцас, гоёл чимэглэлийн зүйлс, хоол хүнс, алт, мөнгөн сав суулга, дарс зэрэг хаад, язгууртны тансаг хэрэглээг буй болгосноор барааны чанар, стандартад нөлөө үзүүлэв. Олон улсын худалдаа эрчимжсэнээр шинжлэх ухаан, шинэ технологи, гар урлалын дэвшил Өрнө, Дорнодод харилцан нэвтэрчээ. Одон зурхай, гар урлал, цаас үйлдвэрлэл, номын бар хэвлэл, дарь, луужин, уран зураг, нэхмэл хатгамлын урлаг, хот байгуулалтын өвөрмөц хэлбэрүүд Өрнө, Дорнодод харилцан нэвтэрч, дэлхийн хөгжлийг урагш ахиулахад түлхэц үзүүлжээ. Энэ нь монгол хаад төрийн бодлогоор гадаад харилцаа, худалдааг дэмжсэнтэй холбоотой төдийгүй нүүдэлчид өөрсдөө байнгын хөдөлгөөнд оршдогоороо Өрнө, Дорныг нягт холбож чадсаны илрэл байв.
Бэлтгэсэн: ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, доктор, профессор С.ЦОЛМОН, А.ПУНСАГ, Ц.ЭНХЧИМЭГ, доктор Л.ГАНБАТ