М.Батболдын найруулсан “Опал” жүжиг өнөө орой 48 дахь хөшгөө нээнэ. Тэрбээр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр найруулан тавьж буй. Тус саркастик мелодрамын жүжиг дуусахад ердөө хэдхэн хоног үлдээд буй. “Опал” жүжигт Глориягийн дүрийг бүтээсэн Орфей театрын захирал Т.Ариунчимэгтэй цөөн хором ярилцлаа.
- Нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан, сурагчдад “Опал” жүжгийг үзүүлж буй гэсэн. Хэчнээн сургуулийг хамарч “I student” карт олгосон бэ?
- Одоогоор МУИС, ШУТИС, СУИС, МУБИС-ийн оюутан залуус, “Шинэ монгол”, “Харамо Фүжи” дунд сургуулийн сурагчид, Монголын хүүхдийн ордны сурагчид манай жүжгийг үзсэн. Ирэх долоо хоногт АШУҮИС болон СЭЗИС-ийн оюутнуудад үзүүлэх хуваарь гаргасан.
-Тасалбарын үнээ нэлээд хямдруулсан юм билээ. Алдагдалд орохгүй юу?
-Театрын хамгийн чухал зорилго соён гэгээрүүлэх юм. Тиймээс бид нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан үзэж, өөрсдөдөө ачаа үүрч, улсын бүх их сургуулийн оюутан, ЕБС-ийн сурагчдад хөнгөлөлттэй үнээр жүжиг үзүүлж буй. Энэ нь эргээд улс орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудад оюуны том хөрөнгө оруулалт, сэтгэл зүрхний боловсрол олгож байгаа бидний бэлэг юм.
-Жүжиг тайзнаас буухад долоохон хоног үлдсэн гэсэн. Гэвч үзэх хүсэлтэй хүн олон байгаа юм билээ?
-Жүжгийг бид үзэгчдийн хүсэлтээр дахин сунгах зорилготой ажиллаж байна. Мөн энэ жүжгээ жил бүр “Орфей” театрын үзвэрийн хуваариар тоглож байхаар төлөвлөсөн. Америкаас ирсэн бизнес зөвлөх Гэри Биондо эрхэм, манай театрын тогтвортой хөгжил, урт хугацааны стратегийн талаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Жүжгээ ирэх сард ч тоглох саналтай байгаа. Өнөө, маргаашдаа хурлаар шийднэ.