-Төгөлдөр хуур хөгжмийн даруулд хамгийн анх гар хүрснээ, тэр үед төрсөн мэдрэмжээ санадаг уу?
-Дөрөв бил үү, таван настайдаа байх аа. Сургуульд орохоосоо өмнө “Маамуу нааш ир” дууг төгөлдөр хуураар тоглоод сурчихсан байснаа санадаг юм. Өвөөгийнхөө амины хүү, урлагийнхан, тэр дундаа хөгжмийн хүмүүсийн дунд өссөн минь төгөлдөр хууртай ойрхон байхад нөлөөлсөн болов уу. Яагаад ч юм бэ нэг л мэдэхэд энэ хөгжимд маш дуртай болчихсон байсан.
-Олонх урлаг, спортынхонд ээж, аав нь нөлөөлж, хөтөлсөн байдаг юм билээ. Танд ч тийм нөлөө байсан гэдгээ сая дурдлаа. Түүнээс гадна өөр хэн танд үлгэрлэв?
-Сая хэлсэнчлэн өвөө минь хамгийн их нөлөөлсөн. Бүр жаахандаа онгоцны нисгэгч болно гэж мөрөөддөг байв. Хөвгүүд бүхэн л багадаа цагдаа, эсвэл онгоцны нисгэгч болно гэж мөрөөддөг байх. Гэхдээ тэр мөрөөдөл бус, өвөө минь надад илүү нөлөөлж, би төгөлдөр хуур хөгжимд дурласан. Өвөөгийнд “Аккорд” гэж пянз тоглуулагч байлаа. Түүгээрээ байнга л алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс сонсоно. Тэр бүхэн чихэнд хадагдаад үлдчихсэн. Харин би өвөөгийнхөө “Улаан дарцаг” киноны хөгжмийг, С.Рахманиновын хоёрдугаар симфонийг их дурлаж сонсдог байлаа. Одоо би хааяа боддог юм, “Хэрэв би амьдралаа төгөлдөр хууртай холбоогүй бол өдийд хаана, юу хийж яваа бол” гэж. Гэхдээ өөрөөр, төгөлдөр хуургүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй.
-Хөгжим бүжгийн коллеж (одоогийн Монгол Улсын Консерватор)-ийг төгсөөд ажлын гараагаа та хаанаас эхэлсэн бэ?
-1993 онд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангал гуайн удирдлагад Улсын цирктажилд орж байлаа. Тэнд ажилласан хэсэгхэн хугацаагаа одоо эргээд бодоход дахин мэргэжил дээшлүүлж сурсан мэт санагддаг. Сургуулиа төгсөөд удаагүй намайг тэнд л хөгжимчин болгосон гэж боддог юм. “Зохиолоо ойлгохын тулд ингэ, тэг. Чи заавал ноот харж тоглох шаардлагагүй, харин аялгууг нь өөртөө шингээ” гээд л надад зөвлөнө. Тэр үе санаанаас огт гардаггүй. Циркийн хөгжим ур чадвар сайтайн дээр маш хариуцлагатай байхыг шаарддаг. Учир нь жүжигчид бидний хөгжмийг сонсож үзүүлбэрүүдээ хийдэг. Тэр үзүүлбэрийг нь чимэх хөгжмийг бид тоглоно. Харилцан хамааралтай. Сайхан үе байсан шүү.
-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа агсан таны өвөө. Та өвөөгийнхөө уран бүтээлүүдээс тоглодог уу?
-“Зандан шоо”-г тоглох дуртай. Хүмүүс эл хөгжмийг сонсохоороо Улсын баяр наадмыг төсөөлдөг болчихсон нь сайхан санагддаг. “Баянбулагийнхан”, “Хөхөө гэрлэх дөхлөө” гэхчлэн киноны хөгжмүүдийг нь тоглодог.
-Удам дамжсан уран бүтээлчдэд бусдаас илүү хариуцлага ногддог шиг санагддаг. Гэр бүлийнхээ нэр хүндийг сэвтүүлж болохгүй гэх давхар үүрэг хүлээх шаардлагатай байдаг болов уу. Танд тэгж санагддаг уу?
-Би ухаан ортлоо л өвөөтэйгөө байсан. Намайг Англид байхад өвөө минь бурхан болсон юм. Манай гэр бүлийнхэн дунд урлагийн хүн олон бий. Тэр хэрээр би бусдад муу, муухай харагдаж, өвөөгийнхөө, гэр бүлийнхээ нэр хүндийг сэвтээх ёсгүй. Бага залуудаа сахилгагүйтэж, овлигогүйтэж л явлаа. Гэхдээ удам угсаа, гарал үүсэл минь, бас амьдрал хүнийг байранд нь тавьчихдаг шиг санагддаг. Нээрэн, хүмүүс “Өвөө чинь мундаг хөгжмийн зохиолч. Бас гэр бүлийнхэнд чинь хөгжмийн хүн олон юм чинь чи ч хөгжим зохиодог байж таарна” гэж их асуудаг. Би ёстой чадахгүй юм билээ. Бусдын бичсэн хөгжмийн зохиолыг тоглож олонд хүргэх тавилантай л хүн юм байлгүй дээ.
-Та Англид хэсэг хугацаанд амьдарсан гэсэн. Манайд сонгодог урлагийн үнэлэмж муу, үзэгчдийн хүрээ ч хумигдмал. Боломж, ирээдүйгээ бодоод гадагш явж буй уран бүтээлч ч олон. Та ч бас тэгж л явсан уу?
-Яг л тэгсэн. Англид таван жил байхдаа хөгжмөөсөө хол амьдарсан. Тийшээ явахаасаа өмнө үнэндээ л хар бор ажил хийж үзээгүй цагаан гартан байлаа. Хүний нутагт юу эсийг хийх билээ. Хийж болох бүх л ажлыг хийсэн. Гэхдээ тэнд байснаар “Би хөгжмөө л тоглох ёстой хүн юм байна. Хол байж чадахгүй нь” гэдгээ мэдэрч, Монголдоо буцаж ирээд уран бүтээл хийх зориг, бас урам авсан. Гэхдээ одоо ч урлагийнхны, ялангуяа хөгжимчдийн үнэлэмж, цалин муу хэвээрээ. Гол нь мэргэжилдээ дуртай, холдож чадахгүйгээ мэдэрчихсэн, салж чаддаггүй болохоороо л ажиллаж яваа.
-Бидний ярилцлагыг хөгжим сонирхогчдоос авхуулаад анхлан сонсогч хүртэл олон хүн унших байх. Тиймээс энгийн нэг зүйл асууя. Миний ойлгож буйгаар хөгжимд өнгө хамгийн чухал бололтой. Мэргэжлийн хүмүүс үүнийг “дотортой хүн” буюу өнгөө сайн гаргаж чаддаг хөгжимчин гэж үнэлэх юм билээ. Энэ зөв үү?
-Тийм ээ, өнгө гэдэг бол сэтгэл, мэдрэмж. Хөгжим тоглоход мэдрэмж, техник хоёулаа чухал. Техникийг бол сургалт, давталтаар сурна. Харин өнгө бол сэтгэлээс гардаг, мэдрэмжээс ундардаг. Тиймээс тэр мэдрэмж л хамгийн чухал.
-Таныхаар хөгжимчин хүний амжилтыг юугаар хэмжих вэ. Дэлхийн алдартай танхимуудад тоглож, ур чадвараа дэлхийн үзэгчдэд болон мэргэжлийн хүмүүст хүргэснээр нь хэмжих үү, эсвэл?
-Харин л дээ. Хүн бүрийн амжилт гэдэг үгийг ойлгох утга өөр байж магад. Зарим нь хамгийн алдартай тайзан дээр тоглосноо амжилт гэж үзэхэд зарим нь үзэгчдийн тоог чухалчилж болох. Харин миний хувьд тайзны том, жижиг, үзэгчдийн их, бага огт хамаагүй. Гол нь би хүсэж мөрөөдөж байгаагаа тоглож, түүнийг минь үзэгч, сонсогчид хүлээж авч байвал амжилт.
-Та хөгжмийг юутай зүйрлэдэг вэ?
-Төгөлдөр хуурыг хаан хөгжим гэдэг дээ. Би энэ үгтэй санал нийлдэг. Үнэхээр л хаан нь.
-Өнгөрсөн тавдугаар сард та “Харанга” хамтлагийн тоглолтод оролцож, Х.Булган агсны даралтат хөгжмөөр тоглож байсан уран бүтээлүүдийг хүргэсэн. Рок хамтлагтай хамтран тоглох танд ямар санагдсан бол?
-Хөгжмийн зохиолч З.Хангал гуайн бүтээлүүдийг тоглоход төгөлдөр хуурчийн шандас сорьдог. Их ёжтой. Маш өөр техник шаарддаг. Их хэмнэлтэй, өрнөлтэй. Гэтэл түүний хүү Х.Булган агсны тоглож байсан “Харанга” хамтлагийн уран бүтээлүүд ч тийм байсан. Сонин байгаа биз. Эл тоглолтод намайг сонгож, оролцуулсанд талархаж байгаа. Рок хамтлагтай тоглох их гоё. Маш их эрч хүч мэдрэгддэг. Би 2002 оноос “Хурд” хамтлагийн тоглолтуудад оролцсон. Саяхан “Чоно” хамтлагийн тоглолтод мөн оролцлоо. Тус хамтлагийн “Чи хүсээгүй”, “Хайлж урсаж байна” цомогт тоглож байв.
-Та одоо Улсын филармони гэх их айлаар овоглодог. Хамгийн сүүлд хамт олонтойгоо ямар тоглолт хүргэв?
-1994 оны сүүлчээс тус хамт олныхоо бүрэлдэхүүнд багтаж, өнөөг хүртэл ажиллаж байна. Дунд нь Англи руу явж хэсэг завсарласан. Амьдралаа дээшлүүлье гэж явсан ч бүр дордуулахаа шахсан. Дордуулах гэдэг нь мөнгө, санхүүгийн тухай хэлээгүй шүү. Сэтгэл санаа, дурласан мэргэжил, хүсэл мөрөөдлөө хэлж байгаа юм. Манай филармонийнхон 50 жилийн ойгоо саяхан тэмдэглэлээ. Дэлхийн сонгодог урлаг, ардын болон эстрад, жааз зэрэг хөгжмийн олон урсгалыг мэргэжлийн түвшинд найруулан үзэгчдэд хүргэсээр байна.
-Ганцаараа, эсвэл оркестрт тоглох нь мэдээж ялгаатай мэдрэмж төрүүлдэг болов уу. Танд нь илүү таашаалтай санагддаг вэ?
-Мэдээж хамт олонтойгоо, оркестрт уусаж тоглох сайхан. Гэхдээ өөрийнхөө сэтгэл, мэдрэмжийг илэрхийлж, ганцаараа тоглох нь илүү мэдрэмж төрүүлдэг. Ганцаараа тоглох үед сэтгэлийн гүн дэхээ уудалж, дотоод өөрөө өөртэйгөө харилцаж буй мэт санагддаг.
-Эл ярилцлагыг эхлэхийн өмнөхөн та “Норфей” арт галерейд тоглоод дууслаа. Уран зургийн галерейд тоглох нь бас л таатай мэдрэмж төрүүлдэг биз?
-Мэдээж их сонин. Энд тоглох нь яагаад ч юм бэ илүү чөлөөтэй, бас нандин санагддаг.
-Таны дотоод хүнтэй төстэй, илэрхийлэхийг хүсдэг мэдрэмжийг тань төрүүлдэг зохиол байдаг уу?
-Л.Бетховены зохиолуудыг шууд нэрлэнэ. Ялангуяа хүүхэд байхдаа “Сарны сонат”-ыг анх тоглосон мэдрэмжээ мартдаггүй юм. Мөн Б.Шарав, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав гуайн бүтээлүүдийг тоглох дуртай.
-Бие даасан тоглолтоо хийх бодол бий юү?
-Байхгүй ээ. Өөрийгөө чамлаад байдаг юм.
-Ер нь сонгодог урлаг хүнд юу өгдөг юм бэ. Урлагтай амьдралаа холбосноор та юуг олж авч, юуг золиосолсон бол?
-Сонгодог урлаг гэхээсээ илүү урлаг гэвэл дөхөмтэй байх. Золиос гэвэл би хүүхэд нас л гэнэ. Би гадаа тоглож бараг үзээгүй дээ. Бусад хүүхэд шиг дүрсгүй дурсамж байхгүй. Олж авсан нь мэдээж их ээ их. Юуны түрүүнд сонгодог урлаг хүнийг маш мэдрэмжтэй, цэгцтэй болгодог байх. Өнөөдрийн намайг бий болгох, амьдралаа бүтээхэд урлагийннөлөө хамгийн их байсан гэхэд хилсдэхгүй ээ.
Бэлтгэсэн А.Тайшир