“Жи Өү Эйч” компанийн хайгуулын ажлын үр дүнд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт өрөмдсөн “Номгон-9П” цооногоос метан хий гарч эхэлсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Цаашид олборлолтын туршилтыг үргэлжлүүлж, метан хийн нөөцийг нарийвчлан тогтоох аж. Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 265 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар болон Австралийн “Голден хорд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч”-ийн хооронд “Номгон IX” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байв. Тус талбай нь Өмнөговийн Баян-Овоо, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций, Цогт-Овоо, Номгон, Манлай сумын нутаг дэвсгэрийг хамардаг аж. 2011 онд байгуулагдсан “Жи Өү Эйч” нь нүүрсний давхаргын метан хийн хайгуулын хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхдээ хамгийн багадаа 30 сая ам.доллар зарцуулахаар дээрх гэрээнд тусгаж байв.