“Рио Тинто” компани нь “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийг худалдан авах санал гаргаад байна. Энэхүү саналтай холбоотойгоор “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital Partners” нарын хувьцаа эзэмшигчтэй тодорхой тохиролцоонд хүрсэн тухай энэ сарын эхэнд мэдээлсэн билээ. Тухайлбал эдгээр байгууллага “Туркойс Хилл Ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар саналаа өгөхөөс түдгэлзэж, манай компанийн санал тус хурлаар дэмжигдсэн тохиолдолд нэгж хувьцааг 34.40 канад доллароор үнэлсэн арилжааг гүйцэлдүүлж, улмаар үнэлгээний зөрүү гарсан тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэхээр тохироод байв. Энэхүү тохиролцоонд хүрснээс хойш “Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс”-ийн бусад хувьцаа эзэмшигчдэд ойролцоо нөхцөл олгох талаар тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс томилогдсон Тусгай Хороотой хамтран ажиллаж, яриа хэлэлцээ хийж ирсэн боловч нэгдсэн шийдвэрт хараахан хүрсэнгүй. Үүнтэй холбогдуулан “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital Partners” нарын хувьцаа эзэмшигчидтэй хүрсэн тохиролцоог хүчингүйд тооцохоор харилцан зөвшөөрснөө өнөөдөр зарлалаа.
Ингэснээр дээрх хувьцаа эзэмшигчид “Рио Тинто” компанийн саналыг хэлэлцэх “Туркойс Хилл Ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцон саналаа өгөх эсэх, нэгж хувьцааг 43 канад доллароор үнэлсэн саналыг дэмжих эсэхээ бусад хувьцаа эзэмшигчдийн адил шийдвэрлэх бөгөөд манай компани эдгээр байгууллагатай аливаа өөр тохиролцоо, харилцан зөвшилцөлд хүрээгүй болно. “Рио Тинто” компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Бид бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг хүндэтгэн үзэж хэлцлийг “Туркойс Хилл Ресурс”-ийн Тусгай Хорооны санал нэгтэй дэмжсэн анхны нөхцөлөөр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Манай саналыг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлыг аль болох ойрын хугацаанд зохион байгуулахаар “Туркойс Хилл Ресурс”-ийн Тусгай Хороотой хамтран ажиллаж байна. Нэгж хувьцааны үнийг 67 хувиар өсгөн үнэлсэн, түүнчлэн санхүүжилтийн тодорхой тус байдлыг арилгасан нь хувьцаа эзэмшигчдэд таатай санал гэдэгт итгэлтэй хэвээр байна” гэв. “Рио Тинто” компани нэгж хувьцааг 43 канад доллароор үнэлснээ эцсийн санал гэдгээ дахин илэрхийллээ.