Эрт үедээ буюу харьцангуй залуудаа өвдөгний үениймэс засалд орох тохиолдол манай улсад бусад оронтой харьцуулахад нэлээд өндөр байдаг аж. Өөрөөр хэлбэл, өвдөгний үений өвчлөл түгээмэл, үе солиулах мэс засал хийлгэж буй хүний тоо ч цөөнгүй юм байна. АШУҮИС-ийн Ревматологийн тэнхимийн эрхлэгч, тус сургуулийн харьяа Монгол, Японы эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Зулгэрэлтэй энэ талаар ярилцлаа. Монголчуудын дунд түгээмэл тохиолдож байгаа яс үений үрэвсэлт өвчний шалтгаан, эмчилгээ, үүнээс урьдчилан сэргийлэх талаар тэрбээр зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.
-Монголчуудын дунд үений үрэвсэлт өвчин түгээмэл байдаг. Үүний шалтгаан юу вэ?
-Ревматологи бол маш өргөн хүрээг хамарсан салбар. Үүнээс яс үений үрэвсэл нь хамгийн нийтлэг, хүмүүсийн дунд зонхилон тохиолддог өвчин. Өвдөгний үений үрэвсэл нь үүнд хамаардаг. Уг өвчний нэн тэргүүний шалтгаан нь насжилт. Голдуу дундаас дээш насныхан өвчилдөг. Залуу хүмүүс ч өвчилж болно. Гэхдээ залуучуудад гэмтлийн дараа голчлон тохиолддог. Эл өвчин удамшилтай ч холбоотой. Бас нэг томоохон хүчин зүйл, ялангуяа сүүлийн үед ихэссэн гол шалтгаан нь хүмүүсийн амьдралын хэв маяг. Техник, технологи хөгжсөнөөр жишээ нь бид шатаар явган алхахгүй, цахилгаан шат ашиглаж байна. Энэ маягаар техник хөгжих тусам хүний хөдөлгөөний идэвх багасаж байгаа юм. Үүнээс улбаалан яс үений үрэвсэлт өвчин ихсэх боллоо.
-Уг өвчин Монголд л ихсэж байна уу. Бусад улсад ч өргөн тархалттай юу?
-Монголд, дэлхий нийтэд ч цаашид ихсэх хандлагатай байгаа. Өмнө дурдсанаар хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хөдөлгөөн багассанаас шалтгаалж байна. Мөн таргалалт ч уг өвчнийг ихэсгэх нэг хүчин зүйл болдог.
-Монголчууд өвөл их даарснаас яс үений үрэвсэлд өртөх эрсдэлтэй юү. Өөрөөр хэлбэл, цаг уурын байдал, эрс тэс уур амьсгал нь уг өвчин ихсэх нэг шалтгаан мөн үү?
-Мэдээж хүйтэн цаг уур тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ энэ нь өвчлөл ихсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл биш. Харин хүмүүсийн амьдралын хэв маяг нь дэлхий нийтэд, манай улсад ч өвчлөл ихсэх шалтгаан болж байгаа. Жишээ нь, машин бариад явахад хөдөлгөөн бараг хийхгүй. Ингэснээр таргалалт ихсэж байна. Өвдгөнд хүний биеийн бүх жин төвлөрдөг. Тэгэхээр жин нэмэгдэхээр өвдгөнд ирэх ачаалал, даац ихэснэ гэсэн үг. Жишээ нь, 160 см-ийн өндөр хэрнээ 100 гаруй кг жинтэй бол хөл даацаа дийлэхгүй, муудна шүү дээ. Анхаарах шаардлагатай бас нэг зүйл бол сүүлийн үед хүүхдүүдийн хөдөлгөөн багассан нь юм. Англи, Америкт хийсэн судалгаагаар үүнийг тогтоосон. Ерөөсөө л гэрээсээ гарахгүй, гар утас бариад, зурагт хараад, хэдхэн товчлуур л дардаг болчихлоо шүү дээ. Хүн хэдийчинээ багадаа хөдөлгөөн хийх эвсэлтэй, идэвхтэй болно насан туршдаа түүнийгээ хадгалдаг гэсэн судалгааны дүн бий. Тиймээс хүүхдүүдээ аль болох багаас нь хөдөлгөөний идэвхтэй байлгах нь чухал. Тэгвэл хойшид яс үений үрэвсэлт өвчнөөс сэргийлэх боломжтой.
-Яс үений үрэвсэл нэгэнт үүссэн бол бүрэн эдгэрдэггүй өвчин гэж ойлгодог хүмүүс байдаг. Ингэж ойлгох нь зөв үү?
-Янз бүрийн буруу ойлголттой хүн олон бий. Жишээ нь, үений өвчнийг хоолойныхтой хамааралтай гэж ойлгох нь элбэг. “Бага байхад хоолой өвддөг байснаас шалтгаалан одоо үений үрэвсэлтэй болчихлоо” гэдэг. Үнэн хэрэгтээ яс үений үрэвсэл нь хоолойн өвчинтэй ямар ч холбоогүй. Харин хоолойны өвчлөлтэй холбоотой, нянгаар үүсгэгддэг хэрх өвчин гэж бий. Үүгээр голдуу 5-15 насны хүүхдүүд өвчилдөг. Ерөнхийдөө үений үрэвслийн 200 гаруй өвчин байдаг. Бидний яриад байгаа яс үений үрэвсэл нь хамгийн нийтлэг, хүн амын дунд их тохиолддог өвчин. Энэ өвчнийг дээр дурдсан шиг буруу ойлгож, буруу эмчилгээ хийх тохиолдол бий. Тэгэхээр үений үрэвслийг зөв оношилж, зохих эмчилгээг хийвэл үр дүнтэй.
-Манай улсад энэ өвчнийг оношлох хүчин чадал, хүний нөөц хангалттай хэмжээнд бүрдсэн үү?
-Түрүүн дурдсан 200 гаруй үений өвчин нь эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд ижил төстэй байж болдог. Жишээ нь, бүгдэд нь үеэр өвдөх шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ шалтгаан нь өөр. Ийм учраас эмчилгээ нь ч өөр байна. Тиймээс оношоо зөв тогтоолгож, зөв эмчилгээ хийлгэх ёстой. Түүнээс биш хэн нэгнээс сонссон аргаараа буруу, алдаатай эмчилгээг дур мэдэн хийж болохгүй. Ер нь манайханд ийм хандлага түгээмэл ажиглагддаг. Яс үений үрэвслийн оношилгооны тухайд манай салбарынханд хүнд асуудал биш. Хамгийн энгийн арга буюу тухайн хүний эмнэл зүйн шинж тэмдэг, рентген шинжилгээгээр л оношийг тогтооно. Өндөр үнэтэй шинжилгээ хийх ч шаардлагагүй. Үүсгэгч шалтгаануудаа олж тогтоон, түүнийгээ шийдэж чадвал энэ өвчнийг анагааж болно. Хүнд хэлбэрт шилжээд, яс үе нь бүтцийн өөрчлөлтөд орчихсон бол мэс заслын эмчилгээ хийхээс өөр аргагүй. Харин эхэн үедээ эдгэрэх, эсвэл урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
-Үений үрэвслийн үед бариа засал хийлгэдэг хүн цөөнгүй байдаг юм билээ. Ийм чиглэлээр үйлчилдэг газрууд ч нэлээд бий. Яс үений үрэвсэл нь бариа заслаар эдгэрдэг өвчин мөн үү?
-Бариа нь уг өвчнийг анагаахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Гэхдээ эмчилгээний үндсэн арга биш. Эмчилгээний гол менежмент нь өөрчилж болох, мөн өөрчилж болохгүй хүчин зүйлүүдийг ялгах байдаг. Жишээлбэл, хүний нас, удамшил зэргийг өөрчилж болохгүй. Харин өөрчилж болох хүчин зүйлд амьдралын хэв маяг багтана. Энэ бол хувь хүнээс л хамаарах хүчин зүйл. Тухайн хүн хамгийн түрүүнд биеийн жингээ хэвийн байлгах шаардлагатай. Олон улсын удирдамжийн дагуу ч ийм зөвлөмж өгдөг. Гэхдээ жингээ багасгахдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах ёстой. Өвдөг нь биеийн бүх ачааллыг дааж явдаг чухал эрхтэн учраас шууд үсэрч харайх, гүйх зэргээр дасгал хийж болохгүй. Тэгвэл ачаалал нь улам ихэснэ. Харин сэргээн засахын эмч тухайн хүний биеийн байдлыг үнэлж, дасгалынх нь ачааллыг тааруулна. Бас нэг чухал зүйл бол хийж буй хөдөлгөөнүүдээ ажих ёстой. Байнгын суугаа ажилладаг хүмүүс яс үений үрэвслээр өвчлөх магадлал өндөр. Удаан суухаар булчингуудын байрлалаас хамаараад өвдөгний ачаалал нэмэгддэг. Тэгэхээр суугаа ажилтай үед ямар дасгал хийх талаарх зөвлөгөөг сэргээн засахын эмчээс авах нь зүйтэй. Уг өвчнөөс сэргийлэх болон эмчилгээний нэг арга нь гутлаа зөв сонгох. Гутлын өсгий нь нурууны өндөрт тохирсон, ул нь резинэн, халтирч унахааргүй байх ёстой. Мөн жин ихтэй хүн яс үений үрэвсэлтэй бол таяг тулахыг зөвлөдөг. Өвдөгний ачааллыг багасгаж байна гэсэн үг. Эмийн эмчилгээний тухайд эмч нар шийднэ. Дур мэдэн эм ууж болохгүй.
-Монгол, Японы эмнэлгийнхэн иргэдэд энэ чиглэлээр хэрхэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Манай эмнэлэгт дөрвөн эмч өдөр тутам тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Ер нь ачаалал их байдаг. Дотрын анагаахын шинжлэх ухаанд долоон салбар байдгийн нэг нь ревматологи. Манай салбар 2014 онд биеэ даасан. Түүнээс хойш бид ревматологийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа. Манай салбар холбогч эдийг судалдаг. Холбогч эд нь маш олон төрөлтэй. Бид тулгуур эрхтний ясны холбогч эдийн тухай ярьж байна л даа. Яс бол хүний биеийн хамгийн хатуу холбогч эд. Холбогч эд хүний бүх эрхтэнд байдаг. Жишээлбэл, хүний нүдний салстад холбогч эд бий. Зүрхэнд байна. Бөөр, уушги бол холбогч эд. Тэгэхээр ревматологи бол бүх салбарыг нэгтгэдэг шинжлэх ухаан. Ревматологийн салбарын өвчин бол бүх нарийн мэргэжлийн эмч нарт тааралдаж болдог. Хүмүүс биднийг зөвхөн үений эмч гэж ойлгоод байдаг. Үений үрэвсэл биеэ даасан өвчин байж болно. Эсвэл өөр өвчний шинж тэмдэг байх ч боломжтой. Энэ мэтээр манай салбар маш өргөн хүрээтэй.
-Иргэд амьдралын хэв маягаа хэрхэн өөрчлөх вэ. Ялангуяа яс үений үрэвслээр өвчлөх магадлалтай эрсдэлт бүлгийнхэн болох дундаас дээш насныхан юунд анхаарах ёстой бол?
-Яс үений үрэвсэлт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Юуны өмнө өдөр тутмынхаа хөдөлгөөний идэвхийг өөрсдөө үнэлнэ. Найман цаг оффисын ажил хийсний дараа гэртээ очингуутаа зурагт хараад, хөдөлгөөнгүй суугаад байвал яс үений бүх төрлийн өвчнөөр өвчлөх магадлал өндөр. Нөгөө талаас өөрийнхөө биеийн хүчнээс давсан, хэт их ачаалалтай ажил хийдэг бол үенд өөрчлөлт орох эрсдэлтэй. Тэгэхээр нас, биеийнхээ жинд тохирсон хөдөлгөөн хийнэ. ДЭМБ-ын зөвлөснөөр бол дунд эрчимтэй, идэвхтэй хөдөлгөөнийг өдөрт 30 минут хийхийг зөвлөдөг. Ийм амьдралын хэв маягтай байвал бид энэ өвчнөөс сэргийлэх боломжтой. Мэдээж биеийн жингээ хэвийн байлгах ёстой. Биеийн жин нь хоол, хүнс, хөдөлгөөний идэвх гэх мэт хэд хэдэн зүйлээс хамааралтай. Хоол, хүнсний тухайд сүүлийн үед хүмүүс хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа их хэрэглэж байна. Эдгээр нь яс үенд муугаар нөлөөлдөг. Тийм учраас аль болох хэрэглэхгүйг хичээх хэрэгтэй. Мөн олон судалгаагаар архи, тамхи нь үений үрэвсэл үүсгэхэд нөлөөлдгийг баталсан байдаг. Тиймээс эдгээр муу зуршлаас татгалзах нь зүйтэй юм. Дараагийн нэг зүйл бол Д аминдэмийн хэрэглээ. Д аминдэм нь кальцийг ясанд хүргэдэг гол тээвэрлэгч. Уг аминдэмийг нарнаас, хоол, хүнснээс хангалттай авч чадахгүй бол яс үений үрэвсэлд өртөх эрсдэл өндөр. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал уг өвчинд өртөхгүй байх боломжтой. Нөгөө талаар хүмүүс сүүлийн үед амьдралын зөв хэв маягийн талаар мэдлэг, ойлголттой болж, ууланд алхах, дасгал хийх, фитнест явах, иогоор хичээллэх зэргээр хөдөлгөөний идэвхээ сайжруулж байгаа нь олзуурхууштай. Мэдээж өвчлөөгүй тохиолдолд идэвхтэй хөдөлгөөн хийж болно. Гэхдээ хэрэв та яс үений үрэвсэлтэй гэж оношлогдсон бол эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхдээ заавал эмчтэй зөвлөлдөх ёстой. Ямар ч хөдөлгөөнгүй байснаа гэнэт ууланд алхах, дасгал хийх зэргээр ачааллаа хэтрүүлж болохгүй. Хүн бүрийн эмчилгээний арга өөр учраас заавал эмчийн зөвлөгөөг дагах нь чухал.
-Яс үений үрэвслийн үед үе солиулах мэс засал хийлгэдэг. Энэ нь зөв, буруу гэж хүмүүс янз бүрээр ярьдаг. Түүнчлэн мэс заслыг давтан хийлгэхээс өөр аргагүй болдог гэх хүн цөөнгүй бий. Мэргэжлийн эмчийн хувьд та үүнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Үений бүтэц эвдэрч, гэмтсэн тохиолдолд эмчийн заалтаар хиймэл үе солиулах мэс засал хийлгэдэг. Энэ бол эмчилгээний сайн арга. Гэхдээ анхаарах нэг зүйл нь мэс заслын дараах сэргээн засах эмчилгээг хүмүүс ихэвчлэн орхичихдог. Мэс засал хийлгээд л болчихлоо гэж ойлгодог гэсэн үг л дээ. Энэ нь зөвхөн үений гадаргууг сольдог мэс засал. Тиймээс үеийг хөдөлгөж байгаа холбоос эд, шөрмөслөг эд, булчингуудын үйл ажиллагааг сэргээх эмчилгээг мэс заслын дараа заавал хийлгэх ёстой.
-Өвдөгний үений үрэвслээс гадна цаашид ихсэх хандлагатай ямар өвчин байгаа бол?
-Хүмүүсийн амьдралын хэв маягаас хамааралтайгаар тулай өвчин ихсэж байна. Цаашид ч ихсэх хандлагатай. Энэ нь бас л сэргийлж болох өвчин. Шинж тэмдэг нь үений үрэвслээр илэрдэг. Тухайлбал, үе хавддаг, өвддөг. Гэхдээ уг өвчний шалтгаан нь яс үений үрэвслийнхээс өөр. 1990-1993 онд би ОХУ-ын Ленинград хотын Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд суралцаж байсан юм. Тэгэхэд орос багш нар “Чи тулай өвчтэй хүн олон харсан байх. Монголчууд мах иддэг” гэж ярьж байсан. Гэтэл би тэр үед тулай өвчтэй хүн нэгийг ч хараагүй байв. Яагаад үүнийг яриад байна гэхээр тулайг мах их идсэнээс болж үүсдэг өвчин гэж монголчууд ойлгодог. Гэтэл тийм биш. Тулай нь бодисын солилцооны хам шинжийн өвчин учраас буруу хооллолттой холбоотой. Архины, эмийн буруу хэрэглээтэй, энгийнээр яривал, муу холестрол их хэрэглэдэг, хөдөлгөөний хомсдолтой, тарган байх нь тулай өвчинд өртөх эрсдэлт хүчин зүйл болдог. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ нөлөөлнө. Бас нэг анхаарах ёстой зүйл нь эмийн буруу хэрэглээ. Тулай өвчин үүсгэдэг эмийн жагсаалт ч гэж бий. Энэ нь бас л амьдралын буруу хэв маягтай холбоотой өвчлөл гэдгийг иргэд анхаарч, урьдчилан сэргийлэх нь зүйтэй.
Бэлтгэсэн М.Оч