Уул уурхайн бүс нутаг Өмнөговь, түүний дотор гол экспорт хийж буй Цогтцэцийд дизель түлш хомсдож, тээврийн компаниуд үүнээс болж ачилтаа зогсооход хүрсэн гэнэ. Тухайн бүс нутагт дизель түлш 4300 хүрсэн ч олдохгүй байна. Засгийн газрын бодлого хэрэгжиж, нүүрсний экспортын гарах урсгал сайжирсан ч дизель түлш шатахуунаас болж, экспорт дээр тооцоолоогүй эрсдэл үүсэх магадлал өндөр болсон гэсэн үг. Коксжих нүүрсний эрэлт болон үнэ өндөр байгаа энэ цаг үед дизель түлшний хомсдол экспорт дахин "хориг"-т өртөхөд нөлөөлж мэдэх нь. Уг нь нүүрсний экспорт нэмэгдсэн талаар албаны эх сурвалжууд байнга мэдээлж буй. Ялангуяа сүүлийн хоёр сарын хугацаанд биет хэмжээ нь огцом өссөн. Он дуустал энэ эрчээ алдахгүй байвал экспорт 30 сая тонн руу тун ойртоно хэмээн эдийн засгийн тооцоолол гаргасан. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хонх нь дуугарсан ч таг боллоо хэмээн эдийн засагчид шогширч байна.
Б.Баяр