-Юуны түрүүнд та Олон улсын театрын институтийн үндсэн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Театрын урлагаар дамжуулан дэлхийн улс орнуудад соёлын харилцан ойлголцлыг бий болгох, түүгээрээ энх тайвнаар зэрэгцэн орших боломж бүрдүүлэх зорилготой байгууллага. Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1948 онд тухайн үеийн ЮНЕСКО-гийн рөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар байгуулсан. Урлаг бол хүн төрөлхтнийг нэгтгэдэг, соёлын ижил төстэй талаа судалдаг, ялгаатайг нь хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг талбар гэж үздэг учраас эл институтэд одоогоор дэлхийн 138 улс нэгдсэн байна. Өөрийн орны театрын урлагийг бусдад таниулах, сурталчлах, бусад орны орныхыг судлах, суралцах, мөн хамтран уран бүтээл туурвих боломжтой.
-Эл институтэд манай улс хэзээ нэгдэж, Монгол дахь төвийг байгуулсан бэ?
-1992 онд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд тус институтийн талаар судалж, нэгдсэн юм билээ. Тухайн онд Монгол дахь төвийг байгуулсан. Мөн “Гэгээн Муза” академи эл төвтэй салшгүй холбоотой. Олон улсын театрын институт дотроо олон хороо, салбар нэгжтэй. Тэдгээрийн нэг нь рамын хороо. Тус хорооны ажлыг “Гэгээн Муза” академи хариуцан гүйцэтгэдэг. Сайн дурын ажил гэдгийг энд онцолмоор байна. Н.Сувд гуайн дараа Ардын жүжигчин С.Сарантуяа эгч эл төвийн үйл ажиллагааг хариуцсан. Харин 2015 оноос би хариуцан ажиллаж байна.
-Танай төвөөс ямар чиглэлийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг вэ. Хамгийн сүүлд ямар арга хэмжээ зохион байгуулав?
-Хамгийн сүүлд “Bee” театртай хамтран “Mono month” буюу нэг хүний жүжгийн сарын аян өрнүүлж, үрээнд өнгөрсөн сард нэг хүний гурван жүжгийг хүргэлээ. Тодруулбал, Д.Мэндсайханы зохиол “Хүүхэлдэй”, Энэтхэгийн зохиолч Гириш Карнадын “Хэмхэрхий дүрснүүд”, мөн миний зохиолыг нь бичсэн “Галт шувуу” жүжгийг үзэгчдэд толилуулсан. Эл жүжгүүдээ олон улсын наадмуудад өрсөлдүүлэхээр төлөвлөсөн . Нэг хүний жүжиг нь олон улсад тренд болж буйн дээр уран бүтээлчдээс өндөр ур чадвар шаарддаг. Түүнчлэн гадаадын театруудад тоглох, наадмуудад толилуулахад хамгийн тохиромжтой. Нөгөө талаас би Олон улсын театрын институтийн дэргэдэх Олон улсын нэг хүний жүжгийн хорооны дэд ерөнхийлөгчөөр 2017 оноос хойш ажиллаж байгаа. Тийм ч учраас нэг хүний жүжгийн төрлөөр уран бүтээлүүд хийх, түүгээрээ гадаадад театрын урлагаа сурталчлах, уран бүтээлчдийнхээ ур чадварыг ахиулах зорилготой юм.
-Жүжгийн энэ төрлийг сонирхдог уран бүтээлч манайд цөөн санагддаг. Энэ нь жүжгийн эл төрлөөр уран бүтээл туурвих нь хэцүүтэй холбоотой юу, эсвэл үзэгч багатай холбоотой байна уу?
-Хэдийгээр “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаар нэг хүний жүжгийн төрлөөр номинацуудад шилдгүүдийг тодруулдаг ч гэлээ эл төрлөөр туурвисан жүжгийг уран бүтээлчид тун цөөн ирүүлдэг. Үүнд олон хүчин зүйл айна л даа. Нэгдүгээрт, нэг хүний жүжиг жүжигчнээс асар их ур чадвар шаарддаг. Харагддаг шигээ амар эд биш. Хоёдугаарт, жүжигчний мэргэжлээр төгссөн залуус дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллахаар хорхойсож, тайзны уран бүтээлүүдийн төрлүүдийг онирхохгүй байна. Гуравдугаарт, нэг хүний жүжиг сонирхдог ч гадаадын энэ төрлийн уран бүтээлүүд хэрхэн хөгжиж, улам сонирхолтой болж байгааг харж судлахгүй, өөрсдийгөө хөгжүүлэхгүй байна. Бүтээлч хандлага дутмаг гэх юм уу даа. Дөрөвдүгээрт, жүжигчид аль болох бэлэн зохиол дээр ажиллах сонирхолтой нь холбоотой. Ер нь энэ төрлийн жүжгийн зохиол хомс. Тэгэхээр сонирхолтой зохиолыг эрж хайж, нэг хүний жүжгийн зохиол хэлбэрт оруулах хэрэгтэй. Тийм ч учраас нэг хүний жүжгийн сарын аяны хүрээнд толилуулсан гурван уран бүтээлийн хоёрынх нь зохиолыг шинээр бичиж, хүргэсэн.
-Энэ сарын эхээр жүжигчин М.Мөнхчимэг “Хэмхэрхий дүрснүүд” жүжгээрээ Энэтхэгийн олон улсын наадамд амжилттай оролцсон. Бусад жүжгээ өөр ямар наадмуудад оролцуулах бол?
-IAPAR буюу Энэтхэгийн олон улсын театрын наадамд “Хэмхэрхий дүрснүүд” жүжгээр М.Мөнхчимэг амжилттай оролцлоо. Энэтхэгийн зохиолч Гириш Карнадын зохиолыг Л.Эрдэнэ-Очир найруулсан шүү дээ. Наадмын шүүгчид, олон үзэгч “Энэ зохиолыг мэддэг ч ингэж өөрөөр үзүүлсэнд баярлаж байна. Их сонирхолтой байлаа” гэж дуу нэгтэй хэлсэн. Харамсалтай нь, манайх театрын урлагаа гадагш огт сурталчилдаггүй. Монголын театрын урлагийн талаар гадаадынхан юу ч мэддэггүй, ямар ч мэдээлэлгүй. Мэдээлэл авъя гэхээр англи хэлээрх нийтлэл ч олддоггүй. Наадамдаа урья, тоглуулъя гэхээр гадаад хэлтэй жүжигчин ховор. Энэ байдлыг засаж байж бид гадаадынханд өөрсдийгөө харуулна. Илүү таниулна. Цаашид ч хамтрах боломж . “Хүүхэлдэй”, “Галт шувуу” жүжгээ бусад наадамд оролцуулахаар хүсэлтээ гаргасан. Одоогоор нэр зааж хэлэхэд эрт байна.
-Нэг хүний жүжгийн сэдэв ямар байвал олон улсын наадамд оролцох боломж өндөр, гадаадын үзэгчдийн сонирхлыг илүү татдаг бол?
-Сэдэв хязгааргүй. Гэхдээ мэдээж үндэсний өв соёл харуулахаас гадна дэлхий дахины түгээмэл асуудал хөндсөн сэдэв байвал илүү сонирхоно. Зарим ил бүр наадамд ирүүлэх бүтээлүүддээ сэдвийг нь тодорхой заачихдаг. Грекийн наадам гэхэд л энэ жил дүрвэгсдийн асуудал хөндсөн бүтээлүүд л хүлээж авах жишээтэй. Арабын Нэгдсэн Эмират лсын Фужейра хотод хоёр жил тутамд болдог моно жүжгийн хамгийн том наадмаар энэ төрлийн уран бүтээл туурвидаг уран бүтээлчид чуулдаг. Тэндээс аль жүжгийг сонгож өөрийн наадамд оролцуулах, тоглуулахаа бусад орны наадмын зохион байгуулагчид хардаг, хэлэлцдэг.
-Түрүүн та нэг хүний жүжиг тренд болж буй гэж дурдсан. Ер нь дэлхийн театр хэрхэн хөгжиж, ямар төрлөөр баяжиж байна вэ. Манайх тэр хөгжлийн хаана явна вэ?
-Мэдээж улс орон бүрийн театрын хөгжлийн түвшин харилцан адилгүй. Хамгийн сүүлд оролцсон Энэтхэгийн наадмаас харахад Герман, Итали зэрэг улсынх илүү физикл талдаа уран бүтээлүүд туурвиж байна. Жүжиг гэхээр л том тайз засаж, хувцас хэрэглэлээ чухалчилдаг цаг өнгөрчихсөн. Юуг ч юугаар ч орлуулж, хаана ч, яаж ч жүжиг тоглож болно. Ер нь ажих нь ээ, олон улсын хамтарсан уран бүтээл түлхүү хийж байна. Хэд хэдэн улсын жүжигчид хамтрах жишээтэй. Ингэснээр уран бүтээлчид нэг нэгнээсээ суралцана, бие биеийнхээ соёл, зан заншлыг мэддэг болно. Тухайн бүтээлээ өөр өөрсдийн улсад тоглох зэрэг давуу талтай.
-Манайд үйл ажиллагааявуулж буй хувийн театруудын уран бүтээлийг үздэг үү. Ер нь бэсрэг, бага тайзны театруудын хөгжлийгта хэрхэн харж байгаа бол?
-Аль болох үзэхийг хичээдэг. Хувийн, шинэ театрууд тогтмол үйл ажиллагаа явуулж байж уран бүтээлийн эрүүл өрсөлдөөн үүсэн, тэндээс театрын урлаг хөгжинө. Үзэгчдийн дунд тогтсон ташаа ойлголтыг ч эвдэнэ. Нуулгүй хэлэхэд, олонх үзэгч жүжиг гэхээр л заавал театрт үздэг гэсэн ойлголттой. Эсвэл хэн тоглож байгааг нь харж байж үзэх, эсэхээ шийддэг. Гэтэл тухайн жүжгийн агуулга юу вэ, ямар төрлөөр бүтээсэн бэ гэдгийг нь огт мэддэггүй. Театр ямар ач холбогдолтой, жүжгээс би юу мэдрэх вэ гэдгээ мэддэг боловсорсон үзэгчтэй болохын тулд хувийн олон театр уран бүтээлээ тууштай хүргэх хэрэгтэй. Улсын ганц театр яагаад ч дангаараа чадахгүй.
-Нэг хүний жүжгийн сарын аянаар хүргэсэн “Галт шувуу” таны бичсэн жүжгийн хэд дэх зохиол вэ?
-Хоёр дахь зохиол. Эхний “Тусгал” зохиолыг залуу найруулагч Т.Цэнд-Аюуш найруулж, “Bee” театрт толилуулсан.
-“Тусгал”-д өөр өөр насны гурван бүсгүйн талаар, “Галт шувуу”-д мөн л эмэгтэй хүний амьдралын талаар өгүүлсэн. Уран бүтээлүүддээ энэ сэдвийг түлхүү тусгаж байгаа нь ямар учиртай вэ?
-Санамсаргүйгээр л. “Тусгал”-аа жүжгийн зохиол бичих сургалтад хамрагдах үедээ бичсэн юм. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ илүү хэмлэдэгт би их эмзэглэж явдаг. Тэр эмзэглэлээс төрсөн зохиол. Жүжигт гурван өөр насны бүсгүйн амьдрал, зөрчлийг өгүүлдэг. Тэдэнд тулгамдсан асуудлаар дамжуулан эмэгтэй хүний нөхөрлөл, амьдралын үнэ цэнийг харуулсан. Хамгийн гол нь үзэгч өөрөө жүжгийн нэгэн оролцон тоглогч гэдгээрээ онцлог, шинэлэг байсан болов уу. Тохиолдлоор эмэгтэй зохиолчтой, эмэгтэй дүрүүдтэй байж таарсан. Тиймээс эмэгтэй найруулагч, зураачтай хамтран ажиллахыг хүссэн. Монголд театрт эмэгтэй найруулагч ажиллахад хэцүү харагддаг. Салбарынх нь онцлог тийм байх л даа. Гэхдээ яагаад байж болохгүй гэж.
-“Галт шувуу”-гаа жүжигчин Б.Одгэрэлд зориулж бичсэн гэсэн үү?
-Б.Одгэрэл бол УДЭТ, “Black box”, “Alpha”, “Orfey”, “Bee” гээд улсын, хувийн театруудын жүжигт тоглосон чадварлаг жүжигчин. Гэхдээ түүнийг шинээр нээж, илрүүлж харуулсан дүр оноодоггүй мэт санагддаг. Гэтэл түүний дотор сонирхолтой ертөнц, уран чадвар, нөөц бий. П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч хүргэсэн шүү дээ. Эл жүжгийг үзээд Б.Одгэрэл дотоод хямрал, зөрчил, сэтгэл зүйн асуудал хөндсөн дүрийг амилуулж чадахаар санагдсан. “Галт шувуу”-г түүнд зориулсан нь буруудаагүй гэдгийг жүжгээ үзэгчдэд хүргэсний дараа илүү мэдэрч сууна даа.
-Одоо ямар зохиол бичиж байнадаа?
-“Гурван ертөнцийн завсарт” нэртэй зохиол бичиж эхэлсэн. Хүний амьдралын үнэ цэн, утга учрын талаар. Эл зохиолоо хоёр хүний жүжиг болгох төлөвлөгөөтэй.